Улсын Их Хурлын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийлээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөхийг даалгасны дагуу тус компанийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж Засгийн газар үзжээ.
Хэлэлцэж буй асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ч.Улаан, Д.Дэмбэрэл, Ц.Даваасүрэн, Я.Санжмятав нар ОХУ болон БНХАУ-аас Хөвсгөл аймгийн Ханх, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд, Дорнод аймгийн Майхан, Хавирга, Сүхбаатар аймгийн Бичигт, Завхан аймгийн Арцсуурь, Дорноговь аймгийн Ханги, Ховд аймгийн Ярант хилийн боомтоор импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас мөн адил чөлөөлөх асуудлыг төсөлд нэмж тусгах, ингэхдээ томоохон үйлдвэрүүд, хэрэглэгчдийн төлөх, улсын төсөвт нөлөөлөхүйц хэмжээний татвар энэ чөлөөлөлтөд хамрагдах ойлголт үүсэх магадлалтай тул "ахуйн хэрэглээнд зориулан импортолж буй цахилгаан эрчим хүчийг" гэж тодотгож өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасан тухай илтгэгч танилцууллаа.
Мөн хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд цахилгаан эрчим хүчийг импортлох нь Монгол Улс цахилгаан эрчим хүчийг өөрөө үйлдвэрлэх бодлоготой хир уялдаж байгаа, төсөлд зарим боомтыг нэр зааж ялгавартай хандаж буйн учир шалтгаан, Өмнөговь аймгийн зарим сумыг хамруулах, эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, энэ хүрээнд усан цахилгаан станц барих ажлын явц ямар байгаа, үүссэн өр авлагыг хэрхэн шийдвэрлэх зэрэгтэй холбоотой асуулт тавьж хариулт авав.
Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналыг харгалзан Ажлын хэсэг дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо татаж авав. Эдгээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.