Өчигдөр чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 57.5 хувийн саналаар дэмжсэнгүй. Чуулганы хуралдаан сүүлийн нэг жилд тогтоогоогүй рекордыг эвдэж өндөр ирцтэйгээр шөнийн 00.45 цаг хүртэл халуухан уур амьсгалтайгаар хуралдлаа. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос Х.Болорчулуун гишүүн гадаадад ажилтай, Х.Баттулга гишүүн ирээгүй байсан бол сүүлд ирснээр гишүүдийн ирц 98 хувьтай болсон юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. Тэд Ерөнхий сайдыг Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын гэрээг зурахдаа Монгол улсын авах ногдол ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан, 130 сая ам.долларын татварын өрийг нь цуцлаж 30 сая долларын татварын өр авахаар болсон гэсэн хоёр асуудлаар огцруулахаар болсон юм.
Тэдний огцруулах үндэслэлийг өчигдөр хэлэлцсэн нь энэ юм.
Чуулганы хуралдаанаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдааны ирц 100 хувь байсан юм. Энэ үеэр гишүүд Ерөнхий сайд болон “Эрдэнэс-Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүдээс асуулт асууж хариулт авсан юм.
Тухайлбал,
Н.Алтанхуяг: Огцруулах гэдэг үндэслэлээ боль л доо. Манай Ардын нам буурьтай суурьтай нам шүү. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьчихаад хамаг дэлхийн юм ярьдгаа боль. Би хэдэн үг хэлчихье. Ер нь Оюутолгойн асуудлаа боль. Надад эргэлзээ байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ УИХ дээр биш шүү. Та нар улстөржүүлээд байна. Ч.Сайханбилэг хариуцлагаа хүлээнэ. Д.Ганболд, Б.Бямбасайхан хоёулаа хариуцлага хүлээнэ. Зөв гэдгээ цаашдаа баталж нотлоод яв. Бид хоёр жил гацаагаагүй шүү харин хэлчихье. Одоо энэ төрд зөв жишиг тогтооё. Дараа нь та нар хариуцлага хүлээнэ шүү. Одоо болъё оо, М.Энхболд дарга аа. Та нар гурван жил төрөөр тоглолоо. Одоо боль л доо. Улс орноор тоглохоо болих хэрэгтэй. Хүнд хэцуү байна гэж Ч.Сайханбилэг ярьдаг. Гэхдээ хүндийг засах гэж та сууж байгаа шүү. Та нар гурван удаа огцруулах асуудал ярилаа. Та нар намайг унагаж аваад Ч.Сайханбилэгтэй хүзүү сээрээрээ нийлээ биз дээ. Наадхаа боль л доо. Худал үнэн зүйл ярьж цаг авдгаа больчих. Улс орны хувь заяагаар тоглож дууслаа. Та нар саналаа татаад авчих.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Та Монгол Улсын сайд биш ээ. Рио Тинтогийн Засгийн газар дахь төлөөлөгч. Бидний барих ёстой юм бол гэрээ. Би бодитоор мөнгө ярьж байна. Зүгээр нэг улс төр яриагүй. 3.3 тэрбумаар ТЭЗҮ зурна гэж байхгүй ээ. Битгий худлаа юм яриад бай. УИХ-ын чуулган дээр УИХ-ын даргын хэлсэн үгийг би таньд уншиж өгье. Биднийг Мозамбикийн араас орж байна гэдгийг та хэлсэн. Одоо байр суурь дээрээ байгаа гэж найдаж байна. Д.Ганболд дарга аа, битгий ийм инээдтэй юм ярь. Оюутолгой бол Монголын компани. Гэтэл англиар гэрээ байгаа ч гэх шиг. Манай татварынхан маш сайн ажилласан. Татварын алдагддыг маш сайн тогтоосон. Тэрбум, тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, хэдэн сая ам.долларын татварын өрийг өршөөх ёстой юм уу. Бидэнд хамаагүй ч гэх шиг. Хэдэн зуун тэрбумын мөнгө яригдаж байна. Оюутолгойн далд уурхайг 30 жил ашиглах ёстой. Дөнгөж хоёр жил л болж байна. Бид хэдэн арван их наядын асууддыг ярьж байгаа учраас онцгойлж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтээр 6 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бол Монголын хоёр жилийн төсөв. УИХ дээр бид энэ асуудлыг 7-8 удаа ярьсан. Ойлголцсон гэж бодсон. Гэтэл бид биесээ итгүүлэхгүй юм байна. Оюутолгой Монголын талд 53 хувийн ашиг өгнө. Энэ төсөл явна гээд бизнесийнхэн дунд хүлээлт үүссэн. 2000 хүн ажлын байртай болох гэж байна. бид 1.4 тэрбум долларын тавны нэгийг төсөвтөө аваад хэрэглэчихсэн. Бүх зүйлийг мэдэж байж хоосон улс төр хийж байна. Өмнөговь аймгийг очоод үз, далд уурхай ажиллаасай гэсэн ард иргэд зах дээр нь олон бий. О.Содбилэг таны 34 хүртэл хувийг нь эзэмшдэг “Петровис” Оюутолгойд 274 тэрбум 500 сая төгрөгийн бензин нийлүүлсэн. Тэгсэн хэрнээ том төслийг явуулахгүй гээд сууж байна. Гүний уурхайн явцад 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарах байх. Боломж гарна гэж харж байгаа. Гүний уурхайн төсөл 2-3 жил зогссоноос 3 тэрбум ам.доллар алдсан гэсэн судалгааг гадаадын шинжээчид гаргасан. Алдагдсан боломжийг хэн ч ярьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Оюутолгой бол улс төрийн асуудал биш. Цэвэр бизнесийн асуудал.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Ардчилсан нам эрийн цээнд хүрсэн. Шалих, ялихгүй асуудлаар Засгийн газрыг огцруулж чадахгүй шүү. Өөрсдийгөө дуусгачихъя гэж бодоогүй бол битгий ингэ. Саналаа татаад авчих.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Оюутолгойг зогсоох гээд эсэргүүцээд байгаа юм алга. Урьд өмнө УИХ-аас гаргасан хууль, тогтоол зөрчигдсөн учраас энэ асуудлыг яриад байна. Төсөл зөв явах ёстой. С.Батболдын Засгийн газрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулагчтай ярьсаар гэрээнд нааштай ахиц гарсан. УИХ урьд гаргасан шийдвэрээ зөрчиж болохгүй гэдэг үндэслэлийг гишүүд тавьж байгаа. Монголд хууль дээдлэх ёс байхгүй боллоо. Юм хийхэд хууль зөрчих юу юм бэ гэж ярьж байгаа. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Н.Алтанхуяг хичээл заах хэрэггүй. 2011 онд Засгийн газраа хаяад гарч байсан шүү. Хүнээ хүн шиг амьдруулна гэсэн гараад асуу даа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: МАН-ыг Засгийн газрыг огцруулдаг гэж яриад байх юм. 1996-2000 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан. Тэр үед хамгийн олон Засгийн газар огцорч байсан. 2008 онд МАН Засгийн газрыг байгуулахдаа цөөнхийн бүлгээ уриад том асуудлаа шийдэж байсан. Гэтэл тухайн үеийн Шадар сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 3.6 жил хамтарчхаад хаяад гарсан. Өнгөрсөн жил МАН Засгийн газарт хамтарсан, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд манай бүлгийн хуралдаанд орж ирээд олон цаг гуйсан. Урьж Засгийн газартаа оруулчхаад дараа нь хөөсөн шүү. Тийм байтал битгий энхийн цагаан тагтаа шиг юм бүү ярь.
Ингээд уг хуралдааны дараа чуулганы хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. АН-ынхан байнгын хорооны хуралдааны дараа чуулганыг хуралдуулахаар эртнээс бэлдээд байсан аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын 57 гишүүн асуулт асуухаар кноп дарсан бөгөөд тэдний зарим нь асуулт гэхээсээ илүү санал дүгнэлт, захиа даалгавар хэлэх нь байлаа.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Оюутолгойн гэрээ хохиролтой байдлаар зурагдлаа. 4.0 тэрбум ам.долларын авлагатай байсныг алдчихлаа. Даатгалын хэмжээ гэхэд 1.5 тэрбум ам.доллар байсан гээд байна. Үүнийг Ерөнхий сайд юу гэж үзэж байна вэ? Мөн Тавантолгойн асуудал ямар түвшинд явж байна вэ?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээг хохиролтой болгоогүй. Гүний уурхайг эхлүүлснээр ашиггай талд нь оруулсан. Тавантолгойн төслийг Засгийн газар зогсоогоогүй. Үргэлжлүүлж байгаа.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: “Оюутолгойн ил уурхай 2.1 тэрбум ам.долларын үнэ цэнтэй. Харин гүний уурхайгаас олборлолт эхлүүлснээр найман тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Гүний уурхайн ажлын байр 3000-аар нэмэгдэж, жилд 1.8 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг гаднаас оруулж ирэх боломжтой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Татварыг хүчингүй болгосноороо юу хожсон гэх гээд байна вэ? Хөрөнгө оруулалтаа 3-4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гээд байна. УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс сайдыг хөөж явуулж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сайдад хариуцлага тооц гээд бичиг явуулж байсныг энэ Засгийн газар хэрэгжүүлээгүй. Хууль нэгдүгээрт юм уу, эрх мэдэл нэгдүгээрт юм уу.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Ажлын хэсэг хөрөнгө оруулалтыг анхан шатны баримттай нь харьцуулж шалгасан. Эндээс зардлын хэтрэлт болсон гэсэн. Харин татварын маргаан зохицуулалтаар 30 сая ам.долларын шийдвэр гаргасан. Үүнийг Оюутолгой компани төлсөн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Татварын байцаагч акт тавьснаар хууль зөрчсөн шийдвэр болохгүй гэдгийг та мэдэж байгаа. Хэд, хэдэн процессоор явагдана. Танд бүх процессийг нь тайлбарлалаа. 34 хувь буураагүй, бизнесийн зарчмаар явж байгаа. 34 хувь зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Миний хувьд “Шударга ёс" эвслийн дотор ороод хувааж бутаргаад байгаа зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Аливаа асуудлыг дүрэм, журмын дагуу ярих хэрэгтэй. Гарамгайбаатар сая танилцуулгадаа “даашинз” гээд яриад байна. Үнэн хэрэгтээ Г.Уянга гишүүний бланк дээр манай намын гишүүд гарын үсэг зурсан. Тухайн гишүүн нь эмэгтэй байж таарсныг ингэж янз бүрээр хэлээд байх шаардлагагүй. Түүнчлэн өрхийн амьжиргаа сайжирсан гэсэн судалгаа гаргасан байна. Энэ хаанахын ямар байгууллагаас авсан тоо баримт юм бэ. Хүн бүр мөнгөгүй, хэцүү байна гээд байгаа шүү дээ. Танай Засгийн газраас үе үе мөнгө тараагаад байна. Дүнжингарав зах дээр 20 мянган төгрөг тараасан байна. Таксины жолооч нарт тараасан байна. Ямар учиртай юм бэ?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өрхийн орлого 500 мянга хүртэл орлоготой өрх хэд байна, 500-1 сая төгрөг, 1 саяас 1.5 сая төгрөгийн орлоготой өрх хэд байгаа гэсэн судалгаа гаргасан. Харин Засгийн газраас 20 мянган төгрөг тараасан зүйлгүй. Би энэ талаар мэдэх юм алга.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Эдийн засаг хүнд үед ажил явуулахад хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ өнөөдөр таны хамтарсан “Шударга ёс” эвсэл, нөгөө талаас танай намынхан, тэр дундаа хажууд сууж байгаа хүн чинь хатгаж байна. Танай Засгийн газар дэндүү худалч юм. Малчдын зээлийн хүүг бууруулна гээд худлаа ярих юм.
УИХ-ын дарга З.Энхболд: Г.Уянгын бланк дээр МАН-ын гишүүд гарын үсэгзурж өргөн барьсан. Би ямар хамаатай юм. Хаа хамаагүй зүйл холиод ярьчих юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Улс төрөө бага хийж, урагшаа явах ажлаа ихийг хийх цаг үе. АН-ын талаар хагарах та яриад хэрэггүй. Хажууд сууж байгаа хүнтэйгээ нэг үйлсийн төлөө хамтран зүтгээд явж байгаа. Харин энэ асуудлыг МАН-ын бүлгээс зохион байгуулан хийж байгаа юм байна. Малчдын зээл 10 хувь болно. Худлаа яриагүй.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Монгол Улсын төсвийн 100 жилийн орлоготой тэнцэх ордын тухай асуудлыг ярьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ бодитой баримт бичиг. 4.4 тэрбум ам.долларын асуудал яригдаж байна. Өнөөдөр монголчуудын амьдралыг шийдэхэд мөнгө хэрэгтэй. Гэтэл өнөөдөр гадны хүнд тэрбум тэрбумаар нь мөнгөө өгчихөөд 600 мянган ам.доллар хүнээс гуйгаад явж байна. Монгол Улсын эдийн засаг “Рио Тинто” гэж ганцхан компаниас хараат болчихсон. Татвараар мөнгө орж ирж байгаа гэж яриад байх юм. “Рио Тинто” дэлхийн хаана ч очиж хөрөнгө оруулалт хийсэн бай татвараа төлөх нь ойлгомжтой. Та Монголын талыг төлөөлж байсан юм бол яагаад хатуухан үг хэлж чадаагүй юм бэ. Тиймээс би таныг гадны компанийн гар хөл гэж харж байна. Яагаад ганц хоёрхон компани бээлий шахаж байгааг ашиг гэж хараад байгаа юм бэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Миний оюутан нас “Дэнжийн 1000”-ын зах дээр өнгөрсөн. Тиймээс би “Нарантуул”-ын амьдралыг сайн мэднэ. Та дандаа улс төр хийж байна. Та компанийн засаглалын асуудлаар ямар ч мэдлэггүй байна. Оюу толгой руу бараа шахаж болдоггүй юм. Би энэ том төслийн дор амьдарч буй монгол айл өрхийн төлөө ажиллаж байна. Үр ашгаа хурдан хүртэхийн тулд төслийг явуулж байна. Улс төрөө бага хийе. Урдах ажлаа хийе гээд байгаа юм.
УИХ-ын гишүүн А.Бакей: Бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирсэн гишүүдийг буруутгахгүй. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл харагдахгүй байна. Хөнгөн хуймгай хандаж байна гэж харж байгаа. Хэт улстөржилт бизнесийн замд саад болж байгаа. Сонгууль дөхөх тусам улс төрийн оноо авахаар асуудалд хандах нь улс орны нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Эрдэнэтийн дараа орох саалийн үнээгээ тал талаас нь ноолоод байвал тун удахгүй турж үхнэ. Оюу толгойг зогсоочихвол хэнд ашигтай вэ. Зарим нэг улстөрчдөд ашигтай байж магадгүй. Харин Монголын ард түмэн хэзээ ч хожихгүй. Гэтэл бид дотроо учраа ололцохгүй бол сайн зүйл авчрахгуй шүү. Улс төрийн томоохон хоёр хүчин илүү их хариуцлагатай хандах ёстой. Хамтарсан ч ялгаа байхгүй, хамтраагүй ч ялгаа байхгүй байна. Ерөөсөө л эсэргүүцэхийн төлөө байр суурь баримталж байна. Улс эх орноо хайрлаач ээ. Улс төрийн хожооноос илүү улс эх орон маань бидэнд хэрэгтэй шүү. Сонгуульд хэн ч ялж болно.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Би улс төр ярихгүй. Бизнес ярья. Оюу толгойн асуудал дээр ашиг ярихгүй, зөвхөн зардлаа л яриад байна. Ийм бизнес оршин тогтнох аргагүй болдог. Тэгвэл яагаад хөрөнгө оруулаад, зээл аваад, үйл ажиллагаагаа явуулаад байна вэ
УИХ-ын гишүүн М.Гарамгайбаатар: Танай намын гишүүд олон нитийн цахим мэдээлпийн хэрэгслээр эмгэнэл илэрхийлээд эхэлчихлээ. Бид өнөөдөр хуримтлал дээр суурилсан эдийн засагтай болж байгаа. Та нар ард түмний сэтгэлзүйгээр тоглож байна гэж яриад байгаа. Бизнес хийдэг хүмүүс уг нь мэдмээр юм. Гэрээгээ байгуулаад явахад хугацаа орно. Гэтэл ярилцаж тохирсныхоо дараа хэрэгжүүлэхэд хугацаа орно. Мөнгө тараах тухай асуудал яригдаж байна. МАН бол бэлэн мөнгө тараагаад өгчихдөг юм. Манай намынхан үйлдвэржилттэй болоход мөнгө зарцуулдаг. МАН зөвхөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж сонгуульд оноо цуглуулах гэсэн зөнөсөн санаатай ажил явуулж байна.
Огцруулах асуудлаар санал хураахын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм.
Тэрбээр “Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад 6 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгө бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв. Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюу толгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюу толгойг хөдөлгө гэж саналаа өгсөн. Би нэг зүйлд харамсаж байна. Монголын ууган нам Г.Уянга гишүүний ард ороод нуугдчихсан юм байна. Оюу толгойн асуудал бол зүгээр шалтаг юм байна. Оюу толгойтой холбоотой асуудлыг цээжний бангаар шийдээгүй. Ард түмнээсээ асуусан. Иргэдийн 60 хувь нь Оюу толгойгоо хөдөлгө гэсэн. Тэр нь ч зөв болсон юм. Манай Засгийн газар үлдэх юм бол бондоос орж ирэх хөрөнгийг босгож ирнэ. АН-ын бүлгийн гишүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Оюу толгойн асуудал бол хиншүү үнэртүүлэх асуудал биш. Хэн нэгний хормойноос зүүгдэж байгаа асуудал биш. МАН-ыг нураагч биш, сөнөөгч биш, бүтээгч улс төрийн хүчин байгаасай гэж хүсдэг. Хямралаас улс төр хийж гарсан туүх байхгүй. Хагарадцаж байж гарсан тохиолдол байхгүй. Хамтарч байж асуудлаас гардаг. Сонгууль болохоос тавхан сарын өмнө Засгийн газрыг огцруулах санап орж ирж байгаа энэ муу жишиг миний Засгийн газраар дуусгавар болоосой гэж хүсэж байна” гэв.
Шөнө дөл болтол хуралдсан чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон бөгөөд тэрбээр Засаг огцруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм.
Тэрбээр “Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай иж бүрэн хуулийн төсөл УИХ-д оруулсан. Энэ асуудлыг ярих байх. Албан тушаалтнаас хариуцлага асуухын дотор Ерөнхий сайдаас, Засгийн газраас хариуцлага асуух ёстой. Би энэ талаар энэ чуулганы эхэнд маш тодорхой ярьсан. Өнөөдөр манай гишүүдийн ирц онцгой сайн байгаа үед та бүхний сонорт ийм асуудлыг бид цаашдаа яаж шийдэж байх ёстой юм бэ гэдэг талаар товчхон санаагаа хэлье. Энд хэлэх гол санаа бол манаа л манаагаа сольдог. Одоо бид Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё. Манай Үндсэн хуульд бичсэн байдаг. “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог” гэсэн байгаа. Одоо бид өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардаг явдлаа зогсооё. Ерөнхий сайдын ажил бол Монгол Улсыг төлөөлдөг ажил. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг ажил. Маш их хариуцлагатай ажил. Энэ дээр хүн өсөж бойжих ёстой. Энэ дээр хүн биеэ бэлдэх ёстой. Бид сууж байгаа модоо тайрч хаяхынхаа өмнө модоо ургуулах хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Ийм зарчмыг дэлхий нийтээрээ бүтээлч зарчим, бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Бидний жишээ авах дуртай орнууд, зовлон үзсэн, олон удаа ийм замаар явсан улс орнууд яг энэ зарчмаар засагтайгаа, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим бол энэ л байгаа юм” гэлээ.
Ямартай ч АН энэ удаа эвтэй байж Засгийн газраа авч үлдэв. Сүүлийн жилүүдэд гараагүй эв нэгдлийг харуулж чадсанд нь АН-д баяр хүргэх иргэд олон байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (41)