Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Уг хууль батлагдвал ирэх долдугаар сард манай улсад зохиогдох АСЕМ-ын уулзалтад оролцох өндөр дээд түвшний төлөөлөгчдийн унах 350 машиныг гаднаас оруулж ирэхдээ татвараас чөлөөлөх юм.
Уг уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид, сэтгүүлчид ирэхээр байна. Иймд АСЕМ зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашины ашиглагдах тооцоо гарчээ.
Улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа тул дээд түвшиний уулзалтын зохион байгуулалтанд шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибьютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлага үүсчээ. Мөн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд аюулгүй байдлыг хангах, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэх шаардлагатай байгааг харгалзан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэж ажлын хэсгээс танилцууллаа. Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хоёр өдөр болж өнгөрөх хурлын үеэр 350 машиныг 7 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлж болохгүй. Монголоор дүүрэн машин байна. Арга ядахад ард иргэдээсээ машин гуйхад өгнө. Болохгүй бол би хэдэн машин олж өгье. 350 машинд их хэмжээний мөнгө цацаж байгаа нь машин оруулж ирдэг цөөн хэдэн компанийг дэмжсэн үйлдэл байна. Үүний оронд тариалангийн салбараа дэмжээч 350 төрийн тэргүүн монголд ирэхгүй. Хуягласан машины төсвийг аль хэдийн шийдсэн. Энэ хуулиар хэсэг хүмүүсийг баяжуулах гэж байна" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Хоёр өдрийн турш зургаа, долоон том арга хэмжээ болно. Сайд, парламентын гишүүдийн болон олон нийтийн уулзалт болно. Энд ирж байгаа хүмүүс нь өөрсдөө хөрөнгөө гаргаад ирж байгаа. Түүнийг дагаад тодорхой хэмжээний аялал жуулчлал хөгжих байх. Машиныг бол худалдаж аваагүй. Татвараас чөлөөлөх асуудлыг л ярьж байгаа юм. 51 орны тэргүүн ирэх учраас аюулгүй байдал талаасаа тавигдаж байгаа шаардлага нь тэднийг зөөх машинтай холбоотой юм. Ж.Энхбаяр гишүүн 7 тэрбумын татвар гэж хэллээ. Тоо бол тодорхой болоогүй байгаа. Нарийвчилж гаргана" гэлээ.
ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг: Манай улсад 3500-4000 төлөөлөгч ирнэ. Үүнийг сайн зохион байгуулах хариуцлагыг Засгийн газар хүлээж байгаа. Цуваанд таван машин байна. Төлөөлөгч болон хамгаалалт, эмнэлгийн машин ч орно. Тэргүүнээс бусад тохиолдолд автобус ашиглана гэж байгаа. Цаанаас тавьж байгаа шаардлага нь өндөр байгаа. Аюулгүй байдал талаасаа" гэв.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Хурлаад бүгд нэг дор болохгүй, цуварч болно шдээ. Тэгэхээр машинуудыг нь цувраад хэрэглэж болно. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий. Хоногийн 30-35 сая төгрөг чөлөөлөх гэж байна. 76 гишүүн чинь нэг машин гаргаад өгчихнө ш дээ. Тэднээсээ ав л даа. Хүндрэл учруулахгүйгээр шийдэж болох юмыг ингэж болохгүй. Уг уулзалтыг сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ хөрөнгө, мөнгөө зөв зохицуулах ёстой. Төрийн тэргүүнүүдэд унуулах машиныг төсөв дээр шийдчихсэн юм чинь энэ 350 машиныг заавал их хөрөнгө зарж оруулж ирж яах юм" гэв.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Нэг дор төр засгийн өндөр түвшний хүн ирж байгаа учраас шаардлага нь өндөр байгаа. Хурлын далимаар үрэлгэн загнах гээгүй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Энэ уулзалтыг маш сайн зохион байгуулах ёстой. Хөрөнгө оруулалтыг татах их чухал хурал. АСЕМ-ыг зохион байгуулахад Засгийн газар хэр анхаарал хандуулж байгаа вэ. Үүнд маш том эргэлзээ надад үүсч байна. Хөрөнгө мөнгө болон татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлуудыг 2016 оны төсвийг хэлэлцэж байхад оруулж ирэх ёстой байсан. Гэтэл намрын чуулган дуусахад 7 хоног дутуу байхад ЗГ яарч, сандран оруулж ирж байгаа нь гайхалтай. АСЕМ-ын хурлыг зохион байгуулах мөнгийг 2016 оны төсөвт суулгасан. Эсвэл гадны төрийн тэргүүнүүдийг явган явна гэж бодоод 2016 оны төсвөө оруулж ирсэн юм уу. Төсөв батлагдаад бүх зүйл өнгөрсний дараа машин чөлөөлөх асуудлыг оруулж ирж байгаа нь айдас төрүүлж байна" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Уг хурлыг өндөр түвшинд зохион байгуулах ёстой. Монголын нэр хүндийг дэлхийд сэргээнэ. Бүх хүмүүс эрвийж, дэрвийхээрээ ажиллах ёстой. ЗГ хичээж байна. Төсөв дээр уг асуудлыг хэлэлцэхэд ажлын хэсэг дээр таначихсан. Төсвөөс танасан. Төсвийн хөрөнгө оруулалт дээр ч тавигдсан. Хугацаа нь болоогүй байна гээд хасаад байсан. Дандаа хасалттайгаар орсон. Машинуудын хувьд төсвийн орлого зарлага дээр нөлөөлөхгүй. Энэ хууль батлагдаад шийдэгдвэл машин оруулж ирэх компаниуд гадны компаниудтайгаа гэрээ байгуулж ажиллах юм.
УИХ-ын дарга З.Энхболд: Төсөв хэлэлцэх үеэр оруулж ирсэн. Гишүүд хассан. Ажлын хэсэг дээр хасагдсаныг нь би санаж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (23)