Энэ долоо хоногт улс төр хийгээд нийгэмд юу болж өнгөрснийг тоймлон хүргэж байна. Маш олон онцлох үйл явдал басхүү сонгуулийн уур амьсгалын нэвт мэдрүүлсэн долоо хоног боллоо.
ГЕГ, ХТҮГ, ШӨХТГ-ын дарга нар чөлөөлөгдөв
Сонгуульд өрсөлдөх сонирхолтой хийгээд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн зарим газрын дарга нарыг чөлөөллөө.
Тухайлбал О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын,
Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын,
Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын,
Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн энэ хуралдаанаар хоёр томилгоо хийжээ. Т.Аюурсайханы оронд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Д.Мөнхтөрийг томилсон байна. Мөн Д.Болдыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар томиллоо.
Сонгуулийн хуулийг баталлаа
Хамгийн их хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Сонгуулийн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжих санал хураахад санал хураалтад оролсон 60 гишүүнээс 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хуулийн төсөл батлагдлаа. Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг дэмжлээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, төрийн нарийнтайгаа шийтгүүлэв
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Л.Пүрэвсүрэн нь төмөр замын хувьцааг Хятадын талд шилжүүлэх асуудлаар олон нийтэд ноцтой мэдээлэл тараасан юм. Энэ нь багагүй асуудал үүсгээд байсан бөгөөд анхааруулга өгч ийн сахилгын шийтгэл ногдуулжээ.
МИ-8 нисдэг тэрэг осолдож 10 хүн бэртэж, нэг хүн нас барлаа
Налайх дүүрэгт өнгөрсөн лхагва гарагийн орой "МИ-8" нисдэг тэрэг цэргийн сургуулиулалт хийж байгаад осолдсон. Онгоц осолдох үед нийт 11 хүн явсан бөгөөд 10 хүн хүнд гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Гэмтсэн албан хаагчдыг тухайн өдөртөө цэргийн төв госпитальд шуурхай хагалгаанд оруулсан бөгөөд одоо хоёрынх нь биеийн байдал тааруу байна.
Онгоц юунаас болж осолдсон шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажилласаар байна.
8 сартай жирэмсэн эмэгтэй 2 настай хүүхдийнхээ аминд хүрэв
Хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 21-нд гарсан талаар бид мэдээлсэн. Сэжигтэн эмэгтэй Д 36 настай, сэтгэцийн өвчтэй нэгэн аж. Тэрбээр хүүхдээ хөнөөгөөд, дараа нь өөрийгөө ч бас хутгаар гэмтээсэн байна. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар эл эмэгтэй 8 сартай жирэмсэн байжээ.
Нар барсан цэргийн үхлийн шалтгааныг тогтоохыг эрчимжүүлэв
Дорнод аймгийн Халх гол суман дахь цэргийн салбар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч Г нь энэ сарын 19-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн газарт Дорнод аймгийн хууль хяналтын байгууллага ажиллаж эхэлсэн байна. Байлдагч амь үрэгдсэн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт, хариу гараагүй байна. Одоогийн байдлаар хохирогч Г-тэй хамт алба хааж байсан Хэнтий аймгийн харьяат байлдагч А нь өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар уг хугацаат цэргийн албан хаагчийн аймхайн тус газар цохисноор амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж. Уг хэрэг гарсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дээрх ангид иж бүрэн хяналт, шалгалтын бүлэг ажиллаж эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.
Л.Гансүх нарын ялыг хэвээр үлдээлээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 21-нд буюу өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн давж заалдан шатны шүүх хэлэлцсэн. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулсан юм.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьсан юм.
Тэгвэл шүүхээс Л.Гансүхийг 4.6 жил хорих, мөн Мөнгөнтуяа, Даваахүү нарыг 2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлөх ялыг хэвээр үлдээлээ.
Эдийн засгийг ил болгох хуулийн хугацааг сунгалаа
УИХ-ын пүрэв гарагийн чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хугацааг сунагалаа. Өнгөрсөн зун батлагдсан хуулиар бол 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тайлан хүлээж авахаар хуулийн хугацааг зааж өгсөн. Тэгвэл татварынхан дээрх ажлыг гүйцэтгэх гэж өдөр, шөнөгүй ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Их Хурлын дарга "Амралтгүй ажил" гэх үүрэг даалгаварыг өгсөн. Үндэсний Татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр арванхоёрдугаар сарын 16-ний байдлаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болоод байна.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81.7 хувь дэмжин баталлаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 болгож сунгаж байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)