УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн тэнхимийн тэргүүн, шүүгч Т.Уранцэцэг маш ноцтой мэдээлэл хийв. Энэ хуулиар авлига, албан тушаалын хэрэгт буруутгагдсан хүмүүсийг өршөөх нь хэмээн олон нийт ойлголт аваад байгаа. Гэвч энэ хуулийг баталснаар түүнээс ноцтой асуудал үүсч болзошгүй байгааг тэрээр хэлсэн юм.
Ингээд шүүгч Т.Уранцэцэгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр "Өршөөлийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах нь зүйтэй гэсэн 28-р тогтоол гарсан.
Шүүхээс Ганбаатар гэгдэх хүнд холбогдох залилангийн хэргийг шийдсэн байгаа. Тэрбээр урьд нь залилангийн хэрэг үйлдэж олон сая төгрөгний хохирол учруулсан. Энэ гэмт хэрэгтээ ял эдэлж байгаад ялтай байх хугацаандаа дахин бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүн. Тэгвэл энэ хүн Өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж 7 жилийн хорих ялаас суллагдах нөхцөл бий болсон. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хуулийн 183-р зүйл ангиар ял авсан Бат гэж хүн байсан. Энэ хүн гудамжинд явж байгаад чулуугаар хүний нуруу руу цохисон байдаг. Гэтэл энэ хүн Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй хаалттай байгаа.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн зургаан цаг зөвлөлдөж эл шударга бус байдлын талаар ярилцсан. Ингээд нэгбүрчлэн судалсаны эцэст Өршөөлийн хууль өөрөө Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтэнд шүүх бүрэлдэхүүн хүрсэн. Үндсэн хууль зөрчсөн заалтуудаас дурдахад, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт заасан шударга ёс, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэх заалтыг зөрчсөн. Мөн Монгол Улс олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэр хэмжээ зарчмыг баримталж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Цаашлаад Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Монгол Улс олон улсын гэрээнд соёрхон баталсан буюу нэгдэн орсон хууль хүчин төгөлдөр болвол дотоодын хууль тогтоомж нэгэн адил үйлчилнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Улмаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх хийгээд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг шаардсан, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдтол хэнийг ч гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтуудыг ч зөрчжээ. Түүнчлэн, Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр бид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хамгийн гол нь олон улсын маш олон гэрээ конвецийг зөрчсөн нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой үр дагавар үүсэх боломж нөхцлийг бүрдүүлж байна гэж Дээд шүүх үзсэн. Хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд хийгээд цэргийн эсрэг бүх гэмт хэргүүд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Ингэснээр манай Монгол Улс нэгдэн орсон конвецийнхоо гэрээний үүргийг зөрчихөд хүрч байна.
Энэ мэтээр Өршөөлийн хууль батлагдсан гадаадад аллага үйлдсэн нөхөр манайд ирээд харьяалалын дагуу хэргээ шийдвэрлүүлвэл Өршөөлийн хуульд хамрагдана гэсэн үг. Тэгэхээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр манай улстай холбоотой асуудал яригдахын зэрэгцээ улс төр, эдийн засгийн хориг тавигдах маш сөрөг үр дагавартай.
Дээрээс нь бид ялтан шилжлүүлэх тухай долоон улстай гэрээ хийчихсэн. Гэтэл энэ гэрээнд заасан хар тамхины хэргийг өршөөчихсөн байгаа. Ингэхээр хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдээ шилжүүлж авах боломж нь эл Өршөөлийн хуулиас шалтгаалж хаагдах юм. Тиймээс ийм олон улсын гэрээг зөрчсөн Өршөөлийн хуулийг шүүх хэрэглэхгүй" гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (14)