Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Сайрын худагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компанийн газарт хууль бусаар алт олборлож байгаад гурван иргэн шороонд дарагдаж нас барсан талаар бид мэдээлж байсан.
Тодруулбал, аравдугаар сарын 14-ний шөнө 31, 39, 35 настай гурван иргэн шороонд дарагдсан бөгөөд тэдний цогцсыг 15-ны үүрээр гаргаж иржээ. Энэ хэргийн хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа аж. Осол болсон газар нь тус компанийн нөхөн сэргээлт хийсэн талбай бөгөөд Хятад улсын хөрөнгө оруулалттай “Жинлиань” компани тэнд нинжа нарыг хууль бусаар оруулж ирснээс ийм хэрэг гарчээ.
Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Болгар улсын хөрөнгө оруулалттай “Монголболгаргео” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “Монголболгаргео” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял, “Болгаргеомин” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Борислав Антелов нар оролцлоо.
Компанийн удирдлагуудын хэлснээр “Жинлиань” компани нь "Монголболгаргео” ХХК-ийн хувьцааны 50 хувийг худалдаж авсан ч Хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, тус компанитай зөвшилцөлгүй уурхай руу дайран орж алт олборлож эхэлжээ. Ингэхдээ технологийн шаардлага хангахгүй арга хэрэглэснээс болж ийнхүү гурван хүний амь эрсэдсэнийг онцолсон юм.
Компанийн гүйцэтгэх захирал "“Жинлиань” компанид хайгуул хийх ямар ч багаж хэрэгсэл байхгүй, түүнийгээ зарсан. Тэгээд нинжа нар хаана газар ухаж байна тэнд очиж ухдаг, угаадаг болсон. Энэ жил сайн газар ухаж өгсөн нинжад хоёр сая төгрөг амласан байна
Нэгэнт хайгуулын нарийн төлөвлөгөөгөөр явдаггүй учраас газар сайгүй мөргөцөг гаргаж байсан. Ийм учраас нөхөн сэргээлт гэж байхгүй. Энэ нь аюул үүсгэх гол нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Үүнээс болж мөнгөнд нь болсон нинжа нар тийшээ явж орж шороонд дарагдаж байгаа юм. Үүний улмаас эрдэнэт хүний амь эрсэдлээ” гэв.
Түүнчлэн тус хятадын хөрөнгө оруулалттай компанийн хууль бус үйлдлийг Баянхонгор аймгийн Шүүх, цагдаагийн газраас тогтоож, удаа дараа зогсоох шийдвэр гаргасан ч УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан нар удаа дараа мундагдаж, үйл ажиллагааг нь хаацайлсаар байсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)