Азтай хүн гэж байдаг. Зүв зүгээр явж байгаад сугалаагаар машин хожих, зүв зүгээр явж байтал гэв гэнэт МУ-ын баатар болох ч гэдэг юм уу. Тэгвэл энэ бүгдээс хамгийн азтай хүмүүс нь яамдын дэд сайд, агентлагуудын дэд дарга нар гэе.
Тэд хэн нэгний өмнө ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Намаа л төлөөлнө. Бас ямар нэг онцгой эрх үүрэг гэж тэдэнд юу ч байхгүй. Даргыгаа байхгүйд л даналзахаас бус түүнд хэн нэгнийг ажилд авах, ямар нэг асуудлыг шийдэх, мөнгө төгрөг зарцуулах өчүүхэн ч эрх байдаггүй. Эрхгүй юм чинь үүрэггүй байхаас яахав дээ. Гэхдээ өндөр цалинтай. Машин унана. Зодоон цохион хийнэ.
Агсам тавиад цанынхаа таягаар хамт гулгаж явсан нэгнийхээ зузаан гуяыг нэвт сүлбээд хаячихдаг дэд байлаа. Намаасаа УИХ-д орсон гишүүнийхээ өрөөний хаалгыг хэмх өшиглөөд орчихдог дэд ч бий. Ер нь дэдүүдийн зүгээс авгай хүүхний хормой хотноос чангаасан, архи дарсны улмаас өрөөндөө тасраад уначихсан байсан, ажлаа таслаад ор сураггүй алга болчихдог гэх зэргийн хэл ам өнгөрсөн хугацаанд огтхон ч тасарсангүй.
Даргыгаа байхгүйд “даам” гардаг дэдүүд бий гэж дээр хэлсэн шүү дээ. Түүний нэг нь ИХШХЕГ-ын дэд дарга Л.Баатарчулуун. Дарга нь хэл аманд орооцолдон хусагдсанаас хойш үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “даам” л даа. Төсөв хүндэрч, Ерөнхий сайд нь мөнгөний эрэлд хатаж байхад энэ нөхөр сая саяаар нь наадаж байна гэвэл та үнэмших үү?
Даргыгаа байхгүйд л даналзахаас бус түүнд хэн нэгнийг ажилд авах, ямар нэг асуудлыг шийдэх, мөнгө төгрөг зарцуулах өчүүхэн ч эрх байдаггүй.
Тэрбээр байгууллагынхаа аварга шалгаруулах нэрээр Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ, Замын-Үүд дэхь газруудаасаа 100 гаруй ажилтнуудыг Улаанбаатарт авчран сагс, гар бөмбөгөөр наадуулаад дараа нь Ерөнхий газрынхантайгаа нийлүүлэн Тэрэлжид хонон өнжин найрлуулжээ.
Ингээд уг тэмцээний шагнал, наадам зугаалгын зардал гээд 40 орчим сая төгрөгийг идэж уугаад л дуусгасан байгаа юм. Ерөнхий сайд нь бүс, тэлээ хоёроо зэрэг чангал, цалин цавуугаа багасга, наадам зугаагаа зогсоо гээд л өдөр шөнөгүй үглээд байхад ийм их гарын драп байна шүү дээ, цаана чинь.
Энэ нь дэдүүдийн орон тоог хасна гээд Ерөнхий сайд нь ирэх төсөвт тусган оруулж ирсэнд барьж буй эхний бэлэг. Ирэх жил яагаа ч билээ гэж бодсон дэдүүд нүхээ бөглүүлсэн хулгана шиг яахаас ч буцахаа байж буйн хамгийн тод жишээ энэ.
Өнөөдөр зөвхөн нэг л агентлагийн дэд дарга “даам” гарахдаа хоёрхон хоногийн дотор 40 сая төгрөгөөр наргиж байгаа юм чинь 15 яамны 17 дэд сайд, 42 агентлагийн 42 дэд дарга ирэх хоёр сарын хугацаанд улсынхаа төсөвт энэ байтугай цоорхой гаргахаа юманд чинээ бодохооргүй болсон байна. Тиймээс шийдсэн шилийн хулгайч шиг л харагдах болж, наадуул чинь. Болж өгвөл асуудлыг нь гялс манас шийдээд, болохгүй бол маш хатуу хяналт тавихгүй бол захаасаа хөлөөрөө толгой хийгээд эхэллээ шүү.
Ер нь ингэхэд яамны сайд, агентлагийн дарга нар заавал дэдүүдтэй байх шаардлага бий юу гэж асуумаар санагддаг юм. Эдүгээ улс орныхоо төлөө нойргүй хоносоор байгаад хэрзийтлээ турсан сайд байна уу? Байхгүй. Тиймээс ийм ачаалалгүй сайд нарт намынхаа тохиролцоогоор томилогдсон дэд хэмээх орон тооны бөглөөснөөс тууз хайчлах ганц сайн хурц хайч байхад л хаваасаг шүү дээ.
Д.Гал
Сэтгэгдэл (5)