Манай сурвалжлах багийнхан аяллын төгсгөлд Төв аймгаар зочиллоо. Төв аймаг нь Улаанбаатартай хамгийн ойр аймаг болоод ч тэр үү, дэд бүтэц нэлээд сайн хөгжсөн нь харагдаж байсан хэдий ч бусад аймгийг бодвол аймаг орон нутгийн хөгжил тийм ч сайнгүй харагдаж байсныг нуух юун.
Гэхдээ бид уламжлал ёсоороо тус аймгийн өв соёл, бренд бүтээгдэхүүн, аймгийн үйл ажиллагаатай таницлаж, ажиллах явцад Эрдэнэ сумын нутагт байрлах Ар жанчивлан рашаан өөрийн эрхгүй анхаарал татсан юм.
Тус рашаан сувилал нь 1978 онд байгуулагдаж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, сувилгааны багаж төхөөрөмжөөр тоноглогдож, амралтын газраа зочид буудал шиг болтол нь тохижуулсан нь ихээхэн авууштай санагдаж байлаа.
Түүнчлэн ор хоногийн төлбөр нь бүх эмчилгээ, сувилгаа, хоол ундтайгаа нийлээд 27 мянган төгрөг байх агаад нэг өрөөнд хоёр л амрагч байх нөхцлийг бүрдүүлснээрээ бусад рашаан сувиллаас тун гойд санагдав.
Ар жанчивлангийн рашаан элэг цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлд тустай
Ар Жанчивлангийн рашаан нь гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилтэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг.
Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна. Байнгын ажиллагаатай тус рашааны газар нь нэг ээлждээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Манай сувилал дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний үрэвсэл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг үр дүнтэй эмчилж сувилж байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжралттай байдаг.
Эмчилгээ, сувилгаа
Зохион байгуулалтын хувьд 3 тасагт зохион байгуулагдаж, 6 кабинетад эмчилгээ сувилгаа тогтмол явуулж байна. Эмнэлгийн тасаг нь 3 их эмч, 1 бага эмч, 4 сувилагч нийт 12 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж сувилуулагчдыг эмийн бус эмчилгээгээр эмчилж ажилладаг. Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинет нь бялдаржуулах урлагийн техникээр тоноглогдсон, орчин үеийн аргаар аливаа өвчнийг анагааж байна. Бариа засал, физик, биеийн тамир, порцедур, парафин, усан эмчилгээ, шавар эмчилгээний кабинетууд тус тус ажилладаг.
Түүнчлэн нэг ээлжидээ 160 хүнийг хооллох хүчин чадалтай зоогийн тасаг нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эмчилгээний болон эрчимт хоолоор үйлчилдэг. Захиргаа санхүүгийн тасаг нь өдөр тутмын удирдлагаар хангаж хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн тасаг нь 9 хүний бүрэлдэхүүнтэй сувиллын арын албаны хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Ингээд Ар жанчивлан рашаан сувиллын гүйцэтгэх захирал Б.Урсгалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сувиллынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатар хотоос 60 км-т оршдог манай сувилал жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийдөө сэргээн засах чиглэлээр эмчилгээ сувилгаагаа хийдэг. Өөрөөр хэлбэл, эмийн бус эмчилгээ хийдэг. 10-аад төрлийн эмчилгээ явуулдагаас ходоод цөсний архаг үрэвсэлтэй хүний уудаг рашаан байдаг. Энэ рашаан маань газрын хөрснөөс гарч ирсэн, эрт дээр үеэс судлагдаж ирсэн рашаан байгаа юм. Улмаар рашаан уухаас гадна шавар, тосон, хөдөлгөөний гэх мэт олон төрлийн эмчилгээ хийдэг. Одоогоор манай сувилал 51 мэргэжлийн түвшний ажилчинтай. Зуны улиралд 250-300 хүн хүлээж авах хүчин чадалтай. Харин өвөл 150-200 хүн хүлээж авах боломжтой. Жилдээ дунджаар 4500-5000 хүн манай сувиллаар үйлчлүүлдэг байгаа.
- Ар жанчивлан рашаан сувилалд ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар оноштойгоор ирдэг вэ?
- Дийлэнх хувь нь хоол боловсруулах эрхтэн, элэг цөс, нойр булчирхайн зовиуртайгаар ирдэг. Рашаанаа 80-120 метрийн гүнээс хэрэглэдэг.
- Ойролцоогоор хэд хоног хэвтэн эмчлүүлбэл илүү үр дүнтэй байдаг вэ?
- Ер нь сэргээн засах эмчилгээний дундаж 7-10 хоног байдаг. Ингэж байж нэг курс эмчилгээ гэж нэрлэгддэг. Гэхдээ заавал жилдээ тэдэн удаа гэсэн тоо заасан зүйл байдаггүй.
- Ер нь рашаан, шаварынхаа нөөцийг тогтоолгосон уу?
- Рашааны нөөцийг 1990-ээд оны дундуур тогтоосон байдаг. Зөвхөн эмчилгээний журмаар ашиглавал одоо байгаа нөөц маань 400 жилдээ хүрэлцэнэ гэдгийг улсын архивт бүртгэсэн байгаа.
- Ер нь үнэ өртөгийн хувьд хөнгөлөлт урамшуулал байдаг уу?
- Манай сувилал 2013 онд магадлан итгэмжлэгдсэн. Үүгээрээ манайх өндөр настан ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Манайд хэвтэн эмчлүүлээд дараа нь халамжийн төвөөсөө нийт зардлын 50 хувийг буцаан авч болно.
- Цаашдын зорилго?
- Олон улсын стандартыг Монголд нэвтрүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
Дашрамд хэлэхэд, сүүлийн жилүүдэд 25-35 насны залуучууд утаажилтаас болоод эрүүл мэндийн эрсдэлд маш их орж байгаа аж. Тиймээс рашаан сувилалыг зорих залуучуудын тоо нэмэгджээ.
Тус рашаан сувилалын хувьд ахмад ажилчдаа жилд нэг удаа амрааж, сувилдаг аж. Мөн тэднээсээ туршлага судалж, байнгын холбоотой ажилладаг байна. Ингээд ахмад ажилчдаас нь зарим зүйлийг тодрууллаа.
Аж ахуй эрхэлсэн орлогч захирал Ч.Авгаан “Би Ар Жанчивлан амралт сувилалд 1981 онд ирж ажилласан. Улмаар 2011 онд тэтгэвтээ гарсан жолооч хүн. Сүүлийн 15 жил амрагч нарыг зөөж үйлчилж байлаа. Манай Ар Жанчивлан байгалиас гардаг ундаргатай рашаантай. Хөгшин, залуу гэлтгүй ирж үйлчлүүлдэг. Миний хувьд ажлаа хийж явахдаа үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсоход “Их сайхан боллоо. Рашаан зохиж байна. Дахиж ирмээр байна” гэх зүйлийг ярьдаг” гэлээ.
Ахмадын хорооны дарга Г.Тогоохүү “Би 1998 онд ирсэн. Улмаар 1999 оноос засвар үйлчилгээ бүх зүйлийг рашаан сувилалдаа хийж ирсэн. Манай сувилал ахмадын сувилал гэдэг тодотголтой. Тиймээс ч аймаг нийслэл, дүүргийн ахмадын хороодтой холбоотой ажилладаг. Хүнгүй байна гэсэн асуудал байхгүй. Байнгын ачаалалтай байдаг. Ахмадууд маань гурван жил дараалан ирнэ гэсэн ойлголт, зорилттой байдаг. Хоол, унд байр, эмчилгээ сайн. Ганц асуудалтай зүйл нь сувилуулагчид маань олноороо нэг өрөөнд байхыг хүсдэггүй. Ихэнх нь хоёр ортой, нэг ортой өрөөнд байрлахыг хүсдэг. Тиймээс бид өргөтгөлийн барилгаа барьж байгаа” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)