Төлөвлөсөн ажил ихтэйн дээр завгүй япон хүнийг олон хоног дагаж шогшино гэдэг монгол хүний хувьд хэцүү “ажил” аж. Гэвч би тэсэж, шогшоод л байлаа.
(Аяллын тэмдэглэл)
Олон жилийн тэртээ Японд анх очиж билээ. Бүхнээс түрүүнд Фүжи хайрханыг олж харах хүсэлд автаж байлаа.
Төлөвлөсөн ажил ихтэйн дээр завгүй япон хүнийг олон хоног дагаж шогшино гэдэг монгол хүний хувьд хэцүү “ажил” аж. Гэвч би тэсэж, шогшоод л байлаа. Миний хувьд Япон хүний яв цав зохион байгуулалт, цаг завгүй хөдөлмөрлөх чадварыг бахдахын зэрэгцээ ямагт илжиг мэт зүтгэх нь заримдаа өрөвдөл төрүүлж байв. Тоокиогийн чимээ шуугианыг түр орхиж, Нагояа хот руу бид аялах болсон нь олон хоногийн “шогшоо”-ны дараах хамгийн тааламжтай мэдээ болов.
Надад эндэхийн олон зүйл шинэ сонин байсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа сэхээ сэвгүй бөхөлзөх япон донж нь ажаад баймаар олон янз хэдий ч нэг янзаар сурмаг. Шинкансэнд анх удаа сууж үзэв. Ердийн галт тэрэгтэй адилавтар боловч дэлхийд хамгийн хурдан “суман галт тэрэг” гэж бодохоор нилээд өөр сэтгэгдэл төрүүлнэ. Монголд очсоны хойно энэ бол миний ярих сонин сэдэвийн нэг болно.
Намайг дагуулж явсан Оцука сан галт тэрэгний гэгээвчний дэргэд суудал авч дөнгөжээ. Анзаарвал баруунтаах суудалууд эхлээд дүүрч байна. Хэсэг хугацааны дараа би нэгэн гайхам зүйл олж харсан нь жирэлзэн өнгөрөх байшингуудын тэртээх цаст сүмбэр оргил байв. Хүмүүс бүгд тийш зүтгэлнэ. Фүжи хайрханы төрхийг би харуутаа танилаа. Ёсоно Башё-гийн шүлгүүд, Хокусайн уран зурагаас мэдэрсэн байгалийн ”пирамид” дүрээрээ мөн байлаа. Хар багын оргилсон мэдрэмж минь эргэн дүүрээд ирэв. Сэтгэл хөдөлж, ядарсанаа умартжээ... Японууд тэр уулын зүг “хайяа хайяа” гэлцэн шүүрс алдах, бас бөхөлзөн тонголзох аж.
Энэ бол ер бусын завшаан байлаа. Буцахдаа ч би бас л манан дундах оргилыг бахдан харсаар байв. Энэ удаа хүссэн ёсоор галт тэрэгний зүүнтээх суудалд тухлав. Үзэсгэлэнт Фужи уулыг харах гэж тэр. Ажихад, япон зорчигчид Фүжи хайрханы өнгөрөх талын суудлыг илүүтэйд үзэх ажээ. Фүжи сан, Фүжи сан гээд “суман” тэрэгийг налтал уулын бараа руу хуйлрах юм. “Фүжи гуай, Фүжи авгай” гэж зөөлөн дуу алдаад л бөхөг тонгог болцгоох юм.
“Фүжи уул нь тэгш хэмт сүмбэр (cone) хэлбэртэй эртний галт уул, япон үндэстний гоо сайханы бэлгэдэл” гэдгийг би багадаа “шүлс гоожуулан” уншдаг байлаа. 2000 жилийн тэртээ энд Японы эртний оршин суугчид болох Айну нар тэнд сууж Фүжи уулыг тахин шүтэж байжээ. Хожим суурьшсан Япончууд ч мөн л үзэсгэлэнт уулыг шүтэж, “Фүжи” буюу “мөнхийн амь”, “бурханы гал”, “бурханы орон” гэсэн утгатай нэрийг хайрлажээ. Уламаар Айну хүн элэгдэн цөөрсөөр, одоо Хоккай аралд (умард нутаг) цөөхөн “индиан” үлджээ.
Энэ ариун уул 300 000 жилийн тэртээ анх үүсчээ гэнэм. Фүжи уулын дотор эртний хоёр галт уул далдлагдсан байдаг гэнэ. Анх Коми-таки хэмээх уул үүсэж, хожим түүнээс 240 000 жилээр дүү “Өвгөн Фүжи” гэдэг галт уул дэлбэрэлтээс бий болжээ. Харин мөнөөх хоёр уулыг дээгүүр бүрхэж Фүжи уул хожим сүндэрлэн тогтжээ. Хэвлийдээ хоёр уул агуулсан, Номхон далайн мөнгөн сац!. Далайгаас ил орших гэж дээш зүтгэлэх япон мөрөөдлийн бэлгэ тэмдэг. Фүжи хайрханы бүх мэдээллүүд надад ямар нэгэн шидэт домог үргэлжилэх мэт санагддаг байж билээ. Дэлхий дээрх “Төгслөг ариун оргил” гэж Рубэрт Маттэусийн “Байгалийн гайхамшигууд” номонд бичжээ.
Харанхуйд Фүжид сүмийх
дэнлүү нь ээ
Хачин алмай ширтэв шүү...
Үзэсгэлэнт сэтгэлий минь даллах
Өнөөх жаахан цэнгэл айсав шүү...
(Г. Бадамсамбуу. 1998 он)
Яруу найрагч болох гэн шатаж явах залуудаа ийм нэг “юм” буулгасан билээ. Шүлэг гэх үү, таслаг сэрэл-мэдрэмж гэх үү, барим тавим, ойлгомжгүй. “Шүлэгч нар” шоолох иймэрхүү “юм”-нууд миний сэтгэлд Фүжи-тэй хамт үе үесхэн сэрдэг байж билээ.
Монголдоо буцаж ирүүтээ би дотно хүмүүсээ цуглуулж Фүжи хайрханы тухай эхэлж ярилаа. Суман галт тэрэгний цонхоор бараа тасран тасартал нь нүд салгаагүй тухайгаа, багын хүсэл маань хэрхэн биелсэн тухай ярив. Бас “нус” идсэн тухайгаа нэмж сонирхуулав. Японы уулын нэгэн тосгон (одоо нэрийг нь мартжээ) цагаан будааны зутан шөлөөр алдартай аж. Олон цаг давхиж байж уулын тэр тосгонд очоод япон хоолоор дайлуулсаны эцэст хүлээж хүлээж мөнөөх зутантай золгосон билээ. Япон хоол нь байгалийн цэвэр амт давамгайлсан, эхэндээ сулбагар мэт, дасаад ирэхээр суурь амт нь салах аргагүй мэдрэгддэгээрээ онцгой. Ийм дасалаар хүлээж байсан Ганболд бид хоёрыг мөнөөх зутан цочирдуулав. Хумбан аягатай зутангаас шунаглан халбагадсан бид хоёул нэгэн зэрэг гацаж орхисон билээ. Нус цэр залгичих шиг санагдав. Ямар ч амтгүй, бэлбэгэнэсэн гулсамтгай шингэн, яг л нусаа уух шиг хачин мэдрэмж. Ханиад хүрч үзсэн хүн бүр нус цэр ямар байдгийг мэдэх хойно доо. Японоос энэ амтыг би ойлголгүй үлдэж билээ.
Азтай нь надад дахин Фүжи хайрханыг харах завшаан тохиов. Үүрээр Фүжи уулын оргилд нарны эхний туяа тусах гайхалтай агшин миний гэрэл зурагийн хальсанд бууж үлдсэн юм. Тэгэхэд би Фужияма хотоос өглөөний цай уунгаа гайхамшигт оргилийг удаан гэгч ажиглаж байлаа. Фүжи уулыг Кавагучи нуурын мандалд тусах гоо сайхнаар нь харах гэдэг өгүүлшгүй гоё болохыг, энэ нь хүмүүнд хичнээн гайхалтай мэдрэмж төрүүлдэгийг эртнээс сударт тэмдэглэн үлдээсэн гэнэ. Япончуудын нарийн мэдрэмтгий чанар, гоо сайханы уламжлалын торгон нууцсыг энэ уулаас олж болох мэт санагдана. Хаконе халуун рашааны уур лавсах өндөрлөгийг алсаас харахад Фүжи гуайн өлмийг одоо ч дэлхийн дотор халуун төөнөсөөр байдгийг таньд хэлж өгнө.
Хэрвээ хожим надад долоо дахь удаагаа Японд зорчих завшаан тохиолдвол Фүжи уулын 3770 метр өндөр оргилд гарахсан. Манан лавсах 200 метр гүн аварга тогооны амсар дээр зогсож, сайн сайханы тухай бодохсон.
Ариун уулын оргилоос өглөөний нарыг харахын тулд би ямх төдий завгүй япон хүнийг дагаж, дахиад хичнээн ч хамаагүй тамирдатлаа шогшиход бэлэн байна.
Мөрөөдлийн Фүжи гуайг анх надад үзүүлж, суман галт тэрэгний аятай суудал тухлуулж, бас “нус идүүлсэн” Оцука сандаа баярлалаа...
2005 он.