(Аяллын тэмдэглэл)
Оройн нар ташив. Элсэн манханаас цухуйх сүмийн час улаан дээврийг хараад бид цочин гайхацгаав. Хий үзэгдэл мэт гэнэт гарч ирсэн тэр аварга сүм аажмаар томорч өөдөөс дөхөж эхэллээ. Аагим халуунд аяншиж тамирдсан бидний нүдэнд “сүм” харагдсаар байлаа.
Гэвч энэ бол хэдэн өдрийн өмнөөс бидний зорин гарсан Хэрмэн цав байлаа. Биднийг дөхөж очиход нүд булаасан тогтоцууд улам тодрон, Говийн дээгүүр өндөр хавцал, цав асгууд сүндэрлэн өндийж байв...
Америкийн алдарт археологич Р.Ч.Эндрюс Монголын говийн иймэрхүү өвөрмөц тогтоцын тухай “Flaming cliffs” гэдэг үгийг 90 гаруй жилийн тэртээ дуу алдан тэмдэглэсэн байдаг. Хэрмэн цав бол тэрхүү “Flaming cliffs”-ийн нэг нь юм. Өглөө, оройн наранд шатаж байгаа мэт час улаанаар “асаж” гайхалтай өнгөөр харагддаг. 1963 он хүртэл энд хэн ч ирж байсангүй, нууцлаг газар. Энэ ангамал, аварга цөлийн гүн рүү хүмүүс зориглож явдаггүй байжээ. Заримдаа говийг ид шидийн нууц ертөнц гэж үздэг байлаа. ЗХУ-ын палентологичид ирж Үлэг гүрвэлийн баялаг олдворуудыг эндээс олсоноор Хэрмэн цав анх нээгдсэн юм. Дэргэд нь Ингэн хөөврийн хоолой хэмээх халуун зэрэглээ ганирсан тоост хөндий униатна. Судлаачид тухайн үедээ Монголын хамгийн нам дор газар гэж үзжээ. Далайн түвшинээс 600 метрийн өндөрт энэ хөндий оршдог.
Энд галав эртийн тэнгис далай цэлэлзэн байв гэнэ. Хөрсний давхаргаас эртний далайн ул мөр бүдэг мэдэгдэнэ. “Тэнгисийн ёроол”-д өнөөдөр цөлийн сүрлэг өндөрлөгүүд үлдэж хоцорчээ. Эдгээр өндөр анаг хавцлууд нь сая сая жилийн усны элэгдэл, нар, салхиар хэлбэржин бүтээгджээ. Үүгээр алхахад, сөнөж мөхсөн аварга хотын гудманд, эсхүл сарны үхмэл гадарга дээр хаягдсан мэт зүүдний хачин санагдана. Үдэш бүрий болоход айдас хүйдэсээр хучна. Нэг ч хүний мөр алга. Маргаашхан гэхэд Зураглаачийн минь арзгар гутал пургисан нарийн ширхэгт гадаргын эмзэг дээр “бүжиглэж” орхих биз. Өндөрлөгүүдийн төрх нь алс холоос говийн зэрэглээнд үзэсгэлэнт орд харш, сүм хийд болон “босож” харагддаг. Монголчууд халуун зэрэглээнд аниргүй мяралзах ийм “орд харш”-ийг “Гандирсын хот” гэцгээдэг байжээ. Салхинд нь ч гар хүрэмгүй эмзэг, ид илбийн энэ ертөнцөд хааяа сүндэрлэх тэрхүү хий хотоос өөр хүнгүй байгаасай гэмээр, харамламаар санагдана.
Энд салхи ирвэл чимээ ирдэг. Бусад цагт үргэлж хэлгүй дүнсгэр ноёлно. Нам гүмд хязгаар гэж үгүйг мэдүүлэн үргэлж нягт дүнсийсээр, дүнсийсээр байх аж. Өчүүхэн төдий ч чимээгүйд бүгнүүлж бид хонов, бас өнжив. Өд хөдөлгөх ч сэвшээ ирэхгүй халуун бөгчим үргэлжилсээр,.. бас тархи толгой мэндүүрнэ. Хэт чимээгүйд хэлэх дуугарах минь ч намуун аяууд хувирах мэт. Дуу үл тархах бөглүүд өлгийдүүлж орхигдсон мэт, айх ч шиг, дахиад л хэт чимээгүйд сууж ажилласаар байлаа... Хоолны халбага унах хүртэл тэнгэр нурах мэт нүргэлэх юм, чимээгүйд. Үдшийн түүдэгээ асаахад хавь орчинд чимээ ирж шад пад, бас шөлний буцлах нь шор шор гээд шуугилдана. Энд ид халуундаа 60 хэм хүртэл шатам халуун болдог гэнэ. Юу гэсэн үг юм бол?, тийм халууны мэдрэмж авсан хүн монголд минь бий гэж үү...
Зарим нь энэ хавцал анагийг бас “Үхлийн цав” гэж нэрлэжээ. Зочиноор ирэхэд сонин хачин юм. Харин энд амьдарна гэвэл “Үхлийн цав”-д залгигдаж мэдэхээр аж.
Нэр усгүй, үлэмж сонихон хэлбэр тогтоцууд нь аварга том хана хэрэмийг санагдуулдаг байснаас “хэрэм цайз мэт хавцал” гэдэг утгаар археологич-судлаачид “Хэрмэн цав” гэдэг шинэ нэрийг энэ газарт өгчээ. Ийм төрхтэй хавцалууд Говьд цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн алслагдмал бөгөөд том нь Хэрмэн цав юм. 3 км өргөн, 12 км урт талбайг эзлэн орших энэ хавцал цохио, чулуужсан элсэн давхарга бүхий арсгар барсгар орчин нь өнө удаанаар цөлийн амьтад цугларах орон болж байжээ. Хүмүүс биднийг олж очих хүртэл л амьтадийн нууц орон байсан байх.
Хавцалын хөлийн зурвас төгөлд жаахан шанд нуугдаж бий. Тэр бяцхан баянбүрд биднийг татав. Шанд руу очих жалгыг хулс бургасны цуваа бөхийн хучиж далдалжээ. Бутлаг ургамалын битүү хөмөг дор нууцхан ундрах булгийн эх рүү очиход ширэлдсэн зэрлэг өвсөөр далдалсан жалгаар мөлхөж хүрэх аж. Өвсний толгойн дамжин нисэх усны үнэр ангасан бидний хамрын үзүүрийг шүргэж адтай сэрүү татна. Ширэлдсэн өвс шагшуурган доогуур нэгэн харанхуй хонгил шурган булаг эх рүү чиглэн оджээ. Хонгил нүх рүү зүрхэлж шагайхгүй хүлгэлзсээр хэн нэгнээ урьдаа оруулах гэж түлхэлцсээр ойртов. Ус улам ханх татна. Нүхний зузаан өвсөн хана налж хэвшсэн ба ургамалд хучигдсан зөрөг зурайн гүн рүү нь хөтөлж, зэрлэг амьтадийн чийр гарчээ. Уг нүхээр шурган явгалсаар булгийн устай золгох болов. “Энд хааяа цөлийн амьтад, халууны чоно, мөн мазаалай ирдэг, одоо ч...” хэмээн Байгаль хамгаалагч ярьж эхлүүт би огло үсрэв, жалгын амнаас алавхийн зайллаа. Зураглаач банди маань ч мөн л чавхдан зугатахаар биеэ хурааж сортогононо. Өвөл цагт чоно үүрлэж тухалсан ул мөр үлддэг гэнэ. Хүйтэнд хамгийн дулаан бүгэм газар энэ ажээ. Дулаан, эзгүйд нам жаргаж өвөлжих чонын тухай ярихад хэн нэгэн нь “хоолтой л бол атаархамаар” гэх сонсдоно. Цөлийн энэ булаг өнөөдөр ил усгүй болсон тул амьтад ирэхээ байжээ. Чийг л үнэртэх аж. Цөлийн хавцалаас бяцхан горхи өвсөн хонгилоо хөвүүлэн урсгасаар үерлэх нь 10 жилдээ тохиолдохтой үгүйтэй ховор гэнэ. Цавын усаар горхи хахаж, үерлэх үедээ Хөөврийн хоолой руу ус тээн уруудаж хүрнэ. Энэ нам дор газарт цөлийн эртний баялаг хурдас хуримтлагдсаар геологи, палентологийн сонирхолтой газар болжээ.
Хэрмэн цавд хүрэхийн тулд монголын говь дахь хамгийн захын жуулчны баазаас 2 өдөрийн турш цөлийн гүн рүү явах хэрэгтэй болдог.
50 гаруй метр өндөр байгалийн хэрэм доогуур алхахад хөл дор Үлэг гүрвэлийн аварга яс цайрна. Одоо бол говийн энэ “улаан цайз”-ийг, элэгдэн мөхөж буй байгалийн “сфинкс”-ийг цөөн ч гэсэн хүмүүс мэддэг болжээ. Жуулчид олноороо ирдэг болчихвол хүн төрөлхтөнөөс удаан хугацаанд нуугдсан эдгээр “бүтээл” хэрхэн өөрчлөгдөх бол. Алив юмсыг өөрчлөх дон шүглэгсэд ба тээгсэд нь хүмүүс бид билээ. Бидний энэ удаагийн ирэлт ч гэсэн нэг “өөрчлөлт” юм.
Үнэндээ энэ эзгүй хуурай дайд нь “гандирс”, “үхэл”, “хэрэм”-ийн аль алинийг агуулсан дүнсгэр алсын ажээ.
Ард минь Орос жийпний мөр дурайн үлдэв. Нарийн элсэрхэг амьгүй хөрсөнд энэ мөр аажимдаа тодрон гүвийсээр хорин жилийн дараа гэхэд бяцхан хос далан болж цор гагцаар зурайн тогтоно. Сул нунтаг нь салхинд үлээгдэн дэгдсээр дугуйны даралтаар нягтшиж үлдсэн хос зурвас хүмүүсийг орлон хоцордог...
Хэрмэн цаваас хотод ирэхэд сүрдмээр юм. Толгой эргэм нүргээнд хутгалдаад ирэхээр хашгичаан, орилоонууд зүг бүрээс бие дундуур зүсэж холилдох юм. Халбага унах бүү хэл тэнгэр нурсан ч энд үл сонсдом аж.
“Хэрмэн цав” нэвтрүүлэг гаруут нэгэн алдарт дуучин эмэгтэй утасдлаа. Тийш одож, зурагтаар гардаг дууны хавчуурга (клип) хиймээр боллоо гэв. Ингээд л “бүжиглэж” эхэллээ дээ гэж би өөртөө дахин нэг харамсаж билээ...
1999 он.
Сэтгэгдэл (2)