Өнөөдөр "Үндэсний мод тарих өдөр" тохиож, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, парламентын гишүүд, жирийн ард иргэд хүртэл мод тарьж өнждөг билээ. Өнөөдөр Ерөнхий сайд 11.00 цагт Ч.Сайханбилэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Манай улс Ерөнхийлөгчийн санаачилсан эл өдрөөр жил болгон л мод тарих сайхан уламжлал тогтоод байгаа. Гэхдээ хөөр болон тарьсан тэдний маань хэд нь ургадаг бол? Хэд нь хий тариад өнгөрөх шоуны золиос болж газарт булагддаг бол. Энэ талаар бид сонирхож үзлээ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 2010 оноос хойш гэхэд л нийслэлчүүд 6 сая гаруй мод тарьжээ. Гэвч урган төлжсөн нь цөөхөн. Ихэнх нь амь тавин талийсныг та бид харж байгаа. Албаны хүмүүс үүнийг “Өнгөрсөн жилүүдэд олон мод тарьсан ч үр ашиг муу, их мөнгө зарж байна. Мод тарьчихаад арчлахгүй байна. Арчилгааны мөнгийг тусад нь төсөвлөж, анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Аж ахуй нэгж ч үүнийг анхаарах хэрэгтэй” гэж тайлбарлаж байна.
Тэгэхээр модоо тариад өнгөрөх биш цаашид арчилж, урган төлжүүлэх ёстой гэсэн үг юм. Манайхан бол их мөнгө зарлагадаж, мод тариад л орхидог. Түүнийг хэн усалж, ургуулах нь ер тодорхойгүй. Угтаа модоо тарьж болж байгаа юм чинь ургуулах хүмүүс нь хүртэл байж байвал зүгээр юм. Мэдээж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тарьсан модоо өдөр бүр эргэж тойрч чадахгүй нь тодорхой. Гэхдээ өөрсдөө биш юм аа гэхэд түүнийг арчилж ургуулах мэргэжлийн хүмүүсийг цалинжуулж ажиллуулбал жил бүр мод тарих нэрээр олон сая төгрөг гарлагдах хэрэггүй болж байна гэсэн юм.
Үгүй ядаж мод тарих өдрийг зохион байгуулж чадаж байгаа юм чинь тарьсан модоо эргэж тойрох өдрийг ч бас хувиарлан гаргаж өгч болно шүү дээ.
Нөгөөтэйгүүр мод тарьж байна гээд манайхан гүн нүхэнд зулзаган суулгац хийж, хар шороогоор булаад жаахан ус асгаад л орхичихдог. Гэтэл таримал мод насанд хүртлээ хэн нэгний хайр халамжийг хүсдэг байна. Өөрөөр хэлбэл, мод өөрийгөө тариулах бус ургуулахыг л хүсдэг гэж хэлж болно. Байгалийн жамаараа уулын ар газар ургаж байсан модыг шилжүүлэн суулгахдаа нар их тусдаг тал газар суулгаж огт болохгүй. Учир нь тэрхүү суулгац бусад модноос илүү сүүдэр хүсдэг болохоор чийглэг чанар нь алдагдаж, хатах аюулд амархан өртдөг ажээ. Иймд мод ургуулах гэж буй хүн эхлээд ямар төрлийн мод, хаана суулгах гэж байгаа талаар бодолцох хэрэгтэй. Модны үндэс нь усыг өөртөө шингээх үүрэгтэй байдаг. Тиймээс эх хүн хүүхдээ хөхүүлдэг шиг ойр ойр, бага багаар услах нь хамгийн зөв арчилгаа юм. Модыг манай орны нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны хооронд, мөн газар хөлдөх үе буюу аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд тарихад тохиромжтой. Харин бусад үед тарьсан мод хөрсний чийг хүлээж авах чадваргүй учир амархан хатдаг байна.
Монгол оронд 140 мянга орчим нэр төрлийн мод, сөөг ургадаг. Гэхдээ жил ирэх тусам ойн сан багасч байгаа нь тийм ч сайн мэдээ биш юм. Судалгаагаар, 1991 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 12.5 хувийг ойн сан эзэлж байсан бол 1998 онд 8.1 хувь болтлоо буурсан. Харин энэ жил долоохон хувийг эзэлж байгаа гэсэн дүн гарчээ. Үүнээс үзэхэд хэний ч гар харалгүй байгалийн жамаараа ургасан ой, хээрийн модод ямар аюул дунд амьдарч буй нь тодорхой байна. Үүний гол дайсан нь хүмүүс өөрсдөө юм. Жил ирэх тусам модны хулгай газар авснаар хэдэн зуун мод үгүй хийснийг тооцоход бэрх болжээ. Сүүлийн таван жилд 800 орчим ойн түймэр гарч 1215.8 га ойн талбай шатаж экологид 496.9 сая төгрөгийн хохирол учруулсан нь өөрийнхөө жамаар ургасан модонд хүмүүс хэр их халгаатайг харуулах бодит жишээ юм.
Эх болсон байгаль дэлхийгээ хайрлана гэдэг энгийн зүйлээс л эхэлдэг. Бид хүүхдүүддээ элдвийн сургамж хайрлахаасаа илүү өөрсдийн биеэр үлгэрлэн хамтдаа бут сөөг тарьж, тарьсан модоо арчлан тордох энгийн аргыг зааж өгснөөр тэднийгээ амьд байгалиа хайрлан хамгаалдаг нэгэн болгож өсгөх сайн талтай. Энгийнээр бодоход олон хүний тарьсан мод усалгаа дутмагаасаа болж гандаж гундахгүйн дээр хүүхдүүд өөрийн тарьсан модыг хэрхэн ургаж байгааг харах гэж, бас усалж арчлах гэж ирцгээдэг болно шүү дээ.
Мод тарьж ургуулахад юуг анхаарах талаар мэргэжилтэн ингэж зөвлөлөө. Энд дарж үзнэ үү.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)