Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Инчён хотод болсон Азийн спортын 17 дугаар наадмын жүдо бөхийн барилдааны үеэр манай эмэгтэй баг тамирчдын идэж байсан хоолноос хэрэглэсэн ариун цэврийн хэрэгсэл илэрч, хэвлэлээр шуугиан тарьсан. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бөхбат анх удаа хэвлэлийнхэнд бодит мэдээллийг өглөө.
Тэрбээр “Тамирчдын идэх хоол хүнсийг Үндэсний олимпийн хороо хариуцаж бидэнд хүргэж өгдөг байсан. Гэтэл тэмцээний хоёр дахь өдрөөс хоол нь ирээгүй. Ямар сайндаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тамирчиддаа дэлгүүрээс бэлэн гоймон авчирч өгөхөв. Тэр гоймонг идээд дөнгөж өл залгах төдий өнгөрсөн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням бүтэн өдөр хоолгүй өнжсөн. Бэлэн гоймонгоор хооллосноос болоод тамирчдын биед эхний удаад урвал өгч, цаашлаад ходоод нь өвдөж эхэлсэн. Үүнийгээ дагаад сэтгэл санаа нь хүртэл унасан. Тэгээд арга ядаад өөрсдөө хоол хүнсээ зохицуулах юм болтол Үндэсний олимпийн хорооны ажилтан бидэн дээр хүрч ирээд, “Маргаашийн хоолыг бас захиалж чадсангүй. Та бүхэнд 100 мянган вон өгье. Үүгээр болгож байх уу” гэсэн. Тэр мөнгөөр 20 тамирчныг хооллоход бэрх биз дээ. Тэгээд зарим нэг нь хувиараа гадуур хооллосон. Гурав дахь өдөр нь манай охид багийн барилдааны өмнө өөрсдөө хоол хийж иднэ гээд завсарлагааны үеэр хоол хийж идсэн байдаг юм. Улмаар намайг ноцтой юм боллоо гээд тамирчид дуудсан. Ингээд доод давхрын хувцасны өрөөнд ортол манай охид идэж байсан хоолныхоо үлдэгдлийг надад үзүүлдэг юм байна. Тэгээд тэдний дутуу идсэн хоолноос нь эмэгтэй хүний өдөр тутмын хэрэглэл гарч ирснийгээ надад харуулсан юм. Тухайн үед охидуудын нэг хэсэг нь уйлчихсан, зарим нэг нь бөөлжсөн байдалтай байсан” гэв.
Улмаар М.Бөхбат энэ байдлыг хараад наадмын зохион байгуулах хороо, жүдо бөхийн тэмцээнийг зохион явуулсан албаны хүмүүс, тэр зааланд хариуцаж ажиллаж байсан хамгаалалтын тусгай хувцастай хүмүүст хандаж үзлэг шинжилгээ хийхийг хүссэн байна.
Цаашлаад БНСУ-ын жүдо бөхийн багш, дасгалжуулагч нарт нь үзүүлж үнэн байдлаа учирлажээ. Өөрөөр хэлбэл, энэ мэт бусармаг зүйл гаргахгүй байх талаас нь анхааруулсан хэрэг. Албаны шаардлага хүртэл өгсөн ч тэд “за” гэж хэлчихээд нүүрэн дээрээ уучлалт гуйсан хэрнээ манай дасгалжуулагч, тамирчдад хариу албан мэдэгдэл ирүүлээгүй байна.
Тамирчдын идэж байсан хоолноос өмнө нь хар тамхи, допинг, эм тан илэрч байсан байна. Гэхдээ ийм жигшмээр бохир зүйл гарч байгаагүй гэдгийг М.Бөхбат онцолжээ.
Дашрамд хэлэхэд, ариун цэврийг хэрэглэлийг битүүмжлээд Монголд авчирч, шинжилгээнд
өгсөн байна. Тэр эмэгтэй хүний өдөр тутмын ариун цэврийн бохир зүйлийг ДНХ-ийн
шинжилгээнд оруулахад өчигдөр хариу нь гарч, хэрэглэсэн ариун цэврийн
хэрэглэл болох нь тогтоогджээ. Мөн мэргэжлийн хяналтын газарт
үлдсэн хоолыг шинжилгээнд өгсөн. Тэр хоолноос халдварт өвчин, хар тамхи
илэрч болзошгүй тул сэрэмжлэх үүднээс энд авчирсан гэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)