
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол улс, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн амьдралын түүхийг өгүүлэх гэрэл зургуудийг дэлгэж байна. Тэрбээр багаасаа од мичид рүү тэмүүлсэн хүү байсан бөгөөд түүний хүсэл 30 гаруй жилийн дараа сансар огторгуйд биелэлээ олсон юм.
“Од, мичид рүү”: Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1947 оны 12 дугаар сарын 5-нд анхдагчуудаараа алдартай Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ. 1956-1960 онд Гурванбулаг сумын дунд сургууль, дараа нь Хишигөндөр сумын дунд сургууль, Булган аймгийн нэгдүгээр арван жил гээд гурван дунд сургууль дамжсан хүү. Багадаа ном унших, зураг зурах, техник, спорт гээд олон зүйл сонирхдог нэгэн байв. Мөн багаасаа л од, мичид рүү тэмүүлсэн хүү байсан гэж найзууд нь дурсдаг.
“Орос руу”: 1966 онд цэргийн албанд татагдаж, хаажээ. Ингээд 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотын Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академийг төгссөн юм. Энэ үед цэргийн бага дэслэгч цолтой байв.
“Бэлтгэл”: 1978 оноос Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд сансарт нисэхээр бэлтгэгдэж эхэлсэн байна. Ингээд ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн Интеркосмос программын дагуу В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт нисэхээр болов. Москва хот. Сансрын нислэгийн бэлтгэл хийж буй Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нар.
“Заавар”: Интеркосмос программын олон улсын сансрын нисэгчдийг бэлтгэх төв. ЗХУ, БНМАУ-ын сансрын нисэгчдийн нэг, хоёрдугаар баг болон Ю.А.Гагарины нэрэмжит нисэгчдийг бэлтгэх төвийн орлогч дарга А.Г.Неколаев нар.
“Од”: Тэр үед сансарт нисэх нисэгчдийг бүх талаас нь дэмжиж, анхаарал тавьж байсан. Нэг ёсны “од” болох нь тодорхой хүмүүс байв. Ж.Гүррагчааг харвал тун цэвэрч, дэгжин хүн байжээ. Зөвлөлт, Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэгдэж буй БНМАУ-ын иргэн Ж.Гүррагчаа, гэргий Д.Батмөнхийн хамт “Оддын хотхон”-д чөлөөт цагаа өнгөрүүлж буй нь.
“Гэр бүлийн найзууд”: Хамтарсан нислэгийн нисэгчид үй зайгүй найзууд байв. Тэдний гэр бүлийн хүмүүс ч мөн адил. Ховор зураг.
“Сургуулилт”: Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийг бэлтгэх төвд сургуулилт хийж байхад нь.

“Нислэгт бэлэн”: 1981 он Зөвлөлт, монголын сансрын хамтарсан нислэгт бэлэн болсон тухай сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нар рапорт өгч байна.
“Тэмдэг”: Зөвлөлт, Монголын сансрын хамтарсан нислэгт зориулан гаргасан тэмдэг. Одоо ч олдоход тун хэцүү эд дээ.
“Сансар луу”: 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр. Улаанбаатарын цагаар 22 цаг 42 минут. Монгол хүн анх удаа сансарт нисэв. Байконурын сансрын буудал. “Союз-39”.
“Монголд”: Яг энэ мөчид сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн эцэг Б.Жүгдэрдэмид, эх Ч.Ичинхорлоо нар эх орондоо ийн сууж байлаа.
“Анхны”: Сансрын нисэгчид “Союз-39” хөлгөөр хөөрч, “Салют-6” сансрын станцтай холбогдож, Улмаар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Ингээд Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансарт ниссэн хүн болж тэмдэглэгдэв.
“Хүндэтгэн ёсолсон Г.Анударь”: Түүнийг сансарт нисээд ирсний дараа олон олон шүтэн бишрэгч нараас нь баяр хүргэсэн, талархлын, бахархлын захианууд ихээр ирж байв. Түүний нэг пионер “Хүндэтгэн ёсолсон Г.Анударь”.
“Лого”: Хамтарсан нислэгийн таних тэмдэг, лого.
“Сансрын нисэгч”: Монгол улсын сансрын нисэгчийн тэмдэг.
“Сансарт юу авч явав?”: Ж.Гүррагчаа сансарт нисэхдээ биедээ юу авч явсан бэ? Энэ бол аавын өгсөн хаш хөөрөг, ээжийн өгсөн арван төгрөг, дараа нь БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбалын зураг байлаа.

“Далбаа”: Сансарт авч ниссэн БНМАУ-ын далбааг Улаанбаатар хот дахь В.И.Лениний музейд бэлэглэв.
“Баатар”: Сансарт ниссэнийхээ дараа БНМАУ-ын бахархал төдийгүй БНМАУ, ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан юм.
“Гэр бүл”: Гэр бүлийн хамт.
“Төрийн түшээ”: Нисэгчээс гадна төр түшилцэж байв. 2000-2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
“Баатрууд”: Одоогоос гучаад жилийн өмнө ЗХУ, БНМАУ-ын баатрууд яг ингээд зогсож байлаа.