“Мэргэжлийн”Засгийн газраас баталсан "Алт-2” үндэсний хөтөлбөрийн хор уршиг хэдийнэ орон нутгийн иргэдийн амьдралд гай тарьж, байгаль орчныг сүйтгээд эхэлжээ. "Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Урт нэртэй хууль”-ийн журамд өөрчлөлт орж, тусгай зөвшөөрөл нь түр түтгэлзээд байсан хайгуул болоод олборлолтын компаниудын эрх сэргэсэн билээ. Тэгвэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоод байсан компаниуд өдгөө ёстой л хонь руу дайрах чоно шиг байгаль дэлхий рүү улайран дайрах болжээ.
Үүний нэгэн жишээ нь Байдрагийн гол, Бөөнцагааннуур устаж үгүй болох аюулын ирмэгт тулаад байгаа явдал юм. Тодруулбал,
Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг гуравдугаар багийн "Их дугуй" хэмээх газарт “Тулга жаргалант” ХХК алт олборлохоор хэдийнэ бууриа засч төвхнөөд байгаа аж. Тус компани нь өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Байдрагийн голоос 40 хүрэхгүй метрын зайд хоёр хиймэл нуур байгуулж, алт олборлохоор зэхэж эхэлсэн байна. Харин үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж тэмцсний үндсэн дээр аймгийн Засаг дарга захирамж гаргаж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа аж. Гэсэн ч “Тулга жаргалант” ХХК нь цаашид хууль бусаар алт олборлож байгалийн түүхэн дурсгалт, голын ай сав газарт алт олборлохоор улайрч байгаа тул нутгийн иргэд эсэргүүцэж, БОАЖЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаад байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тулга жаргалант” ХХК нь тус газарт олборлолт хийх хайгуулийн тусгай зөвшөөрлийг “Гацуурт” ХХК-аас хуралдан авсан гэх. Тодруулбал “Гацуурт” ХХК 2006 онд хайгуулын А зөвшөөрлийг аваад байсан ч 2009 онд урт нэртэй хуулийн дагуу үйл ажиллагааг нь явуулах эрхийг түр түтгэлзүүлжээ. Харин “Мэргэжлийн” Засгийн газар байгуулагдсан даруйдаа буюу 2016 онд урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, гол усны ай сав газарт үйл ажиллагаа явуулах энгийн хамгаалалтын бүсийн хэмжээг 200 метр байсныг 50 метр болгож өөрчилснөөр дээрх тусгай зөвшөөрөл дахин сэргэж, үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байна. Тиймээс “Гацуурт” ХХК “Тулга жаргалант” ХХК-нд алт олборлох тусгай зөвшөөрлөө худалдан борлуулсан аж.
Гэхдээ “Тулга жаргалант” ХХК нь тус газарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, холбогдох баримт бичгийг өнөөдрийг хүртэл албаныхан болоод нутгийн иргэдэд үзүүлээгүй байна. Энэ нь ч тус байгууллагыг хууль бус алт олборлохоор санаархаж буйг илтгэж байгаа нэгэн нотолгоо юм. Түүнчлэн иргэдийн мэдээлж буйгаар дээрх компани нь онгон дагшин байгалийг ухаж, алт олборлохын тулд маш олон хууль бус үйлдэл хийсэн байна. Тухайлбал багийн иргэдийн зөвшөөрлийг хууль бусаар буюу 10 хүрэхгүй айлтай үгсэн тохиролцож авсан. Мөн аймгийн удирдлагууд болоод хууль хүчний байгууллагад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч нутгийн иргэд нуулгүй хэлж байсан.
Ийнхүү мэдээлэхийн учир нь “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг түр түтгэлзүүлсэн аймгийн Засаг даргын захирамж бүрэн хэрэгжихгүй байгаа явдал аж. Тодруулбал аймгийн Засаг даргын Захирамж гарч хууль бус уул уурхайг буулгах шийдвэр гаргасан боловч аймгийн Цагдаагийн газраас томилогдож ирсэн алба хаагчид 1 HOVO машинд 3 хөндий гэр ачуулаад явуулсан байна. Харин бусад 11 гэр, машин техник, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг хийж ухсан нүхнүүд бүгд хэвээр үлдсэн нь ийнхүү хардахад хүргэжээ.
Цаашид “Тулга жаргалант” ХХК үйл ажилагаагаа явуулж алт олборлоод эхлэвэл байгалийн цогцолборт “Дэл” хайрханы ан амьтан дайжиж, Байдрагийн гол, Бөөнцагаан нуур устаж үгүй болох, голын сав дагуу нутагладаг нэг багийн 40 орчим айлын зунжаа, 20 орчим айл өвөлжөө, хаваржаагүй, мал нь бэлчээрлэх нутаггүй болох аюул нүүрлээд байгаа аж.
Тиймээс тус компанийн үйл ажиллагааг зогсоож, нутгийн иргэдийг амгалан тайван амьдрах, байгаль эхээ онгон тагшнаар нь авч үлдэх боломжийг олгож өгөхийг төр засгийн тэргүүнүүдээс хүсч буйгаар нутгийн иргэд уламжилсан.
Ер нь цаашид “Алт-2” хөтөлбөрийг үргэлжлүүлвэл энэ мэтээр онгон дагшин байгаль сүйтгэгдэж, хууль бусаар олборлолт явуулахыг санаархагчид нутгийн иргэдийн хооронд цусгүй дайн өрнөх болоод буйг төр засгийн эрхмүүд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй болов уу.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)