Сонгуульд ялалт байгуулж улс төрд орохоор улайрагчдын үйлдэл хэрээс хэтэрч, эрдэнэт хүний алтан аминд хүрэв. УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлсэнээс болж нялх хүүхэд амь насаа алдахад хүрсэн талаар увс аймгийнхан мэдээлж, Ерөнхийлөгчид хандлаа.
Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн иргэн С.Отгонтуяа өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр амаржиж хүүтэй болжээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч залуу С.Отгонтуяа болон түүний нөхөр н.Чулуунбаатар нарт 50 мянган төгрөг өгч, “Заавал явж, Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жип машинаар явуулна хэмээн гэрээс нь авч гарчээ. Гэвч нялх биетэй нярайгаа тэвэрсэн бүсгүйг жип машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу явуулсан байна.
Гэтэл төрөөд сар ч болоогүй бяцхан хүү олон хүнтэй машинд 260 гаруй км яваад гэртээ буцаж ирэхдээ амьсгалын дутагдалд орж бие нь муудан, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж ирсэн ч амь насыг нь аварч чадаагүй аж.
Хүүгийн эцэг, эх Увс аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна. Тэрбээр “Улстөрчдийн заль мэхэнд хууртан хол замд хүүгээ авч яван амь насыг нь алдсандаа маш их гомдолтой байна” гэжээ. Талийгаач хүүг задлан шинжилгээнд оруулсан бөгөөд эмч нар урьдчилсан байдлаар “Амьсгалын замын цочмог дутагдлаас болж нас барсан” хэмээн үзэж байгаа бөгөөд энэ хэрэг дээр Увс аймгийн Цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
Түүнчлэн Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцож, Сонгуулийн хуулийн дагуу түүнийг эргүүлэн татах ёстой гэж Увс аймгийн иргэд үзэж байгаа бөгөөд талийгаач хүүд зориулан зул өргөх ёслолыг Увс аймгийн Улаангом хотын төвд зохион байгуулжээ. Түүнчлэн иргэд эрдэнэт хүний алтан амийг золиослон байж, их хурлын сэнтийд заларсан Ч.Хүрэлбаатарыг татуулахаар Ерөнхийлөгчид хандаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Хорвоод мэндлээд 22 хонож байсан бяцхан хүүгийн амь нас ийнхүү сонгуулийн золиос болж, хэн ч хариуцлага хүлээхгүй, үнэгүйдэхгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулж, хууль хүчний байгууллагууд зохих журмын дагуу хариуцлага тооцно гэдэгт Увс аймгийн ард түмэн итгэж байгаа гэдгийг энд дахин тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Ер нь эрдэнэт хүний амиар амиар УИХ-ын сэнтийд заларна гэдэг ямар их үнэ цэнэ вэ гэдгийг ч хэлж харуусаж суух иргэд олон байна. Энэ жилийн сонгууль хоёр ч хүний алтан амийг авч одсон нь үнэхээр харамсалтай.
УИХ-ын сонгууль будлиантай болж, МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар мөнгө тараан, сонгох сонгогдох эрийг бүдүүлгээр зөрчиж, түүний энэхүү бусармаг үйл ажиллагаанаас болж, 20 гаруйхан хоногтой нярай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнийг эсэргүүцэн Увс аймгийн иргэд Чимэдийн Хүрэлбаатарыг эргүүлэн татах ёстой гэж үзэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд тэд Монгол Улсын Ерөнхийлөгч хандан ил захидал илгээсэн байна. Энэхүү ил захидлыг бүрэн эрхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА
-Иргэдийн саналыг эд мөнгө мэт худалдан авч УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай-
Монгол Улсад хууль, шударга ёс байдаг гэдэгт итгэж, Монголын ард түмнээсэээ сонгогдсон Төрийн тэргүүн таныг ядарсан ард түмнээ тохуурхан доромжилж, басамжлан төрийн эрхэнд гарахын төлөө яахаас ч буцахгүй болсон бусармаг этгээдүүдэд хариуцлага тооцож өгөхийг шаардан энэхүү ил захидлыг илгээж байна.
Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Увс нутгийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдэлж чадахгүйд хүрч, сүүлийн хоёр сонгууль дараалан мөнгө барьсан луйварчид, төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд яахаас ч буцахаа байсан бусармаг этгээдүүдэд хууртагдан доромжлуулж байна.
УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний шадар туслах залуу оюутнуудад мөнгө өгөн саналыг нь худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдан шүүхээс хоригдох ял сонсож байлаа. Гэвч бусдын гараар мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр томилогдон ажилласан. Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгээгүй өнгөрөөсний гор өнөөдөр дахин гарч, Чимэдийн Хүрэлбаатарын бусармаг явдал давтагдаж, хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүү амиа алдаж, залуухан эцэг эх хоёр хагацал зовлонгийн сүүдэрт дайруулаад байна. УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр талийгаач хүүгийн ээж О болон түүний нөхөр Ч нарт 100 000 төгрөг өгч, тэднийг гэрээс нь дагуулж явсан Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч этгээдийг Увс аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа бөгөөд Увсын ард түмэн ядарсан иргэдэд хэдэн төгрөг харуулан төрийн эрх мэдлийг гартаа атгаж амташсан Ч.Хүрэлбаатартай ч мөн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
Дөрвөн жилийн өмнө туслахаа шоронд илгээсэн энэ этгээд өнөөдөр хэнд ч гэм буруугүй нярай хүүхдийн амийг золиослон эрх мэдэлд хүрлээ. Хүүхдийн амь нас эрсдэж, олон хүн гашуун зовлон шаналалд өртөөд байгаа энэ үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар юу ч болоогүй юм шиг аашилж, сайдын суудалд шунан тэмүүлж, Ч.Хүрэлбаатарын ухуулагч, туслахаар ажилласан нэр бүхий этгээдүүд “Мөнгөөр саналаа худалдсан өөрсдийнх нь буруу” хэмээн тохуурхан доромжилж байгаад харамсаж байна.
Монголын төр эзэнтэй, эзэн нь ард түмэн бид гэдэгт итгэдэг. Тиймээс иргэдийн саналыг эд мөнгө мэт худалдан авч УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай гэж бид үзэж байна. Монголын төр энэ мэт ёсгүй аашилж, эзэнгүй мэт авир гаргагчдаас эгнэгт салж, төрийн өндөр хууль цаазаар түмэн олноо хамгаалах нэгэнтээ ирснийг харуулах цаг болжээ.
УВС АЙМГИЙН ИРГЭД, СОНГОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ
24tsag.mn
Сэтгэгдэл (103)