-
2017 оны 3 сарын 10
Тэр өдрийн наран жир бус хорон хурц байв. Сандруу яваа хөсгийнхөн их үд өнгөрч бүхийд Эль хэмээх багавтар тосгон өнгөрөв. Монголчуудыг энэ нутагт ирэхээс өмнө саран сүлдэт лалынхан нутаглаж байсан уг тосгонд сүүлийн жил гаруйн дотор загалмай шүтлэгтнүүд олноор түрэн ирж суурьших болжээ. Харин өнөө Айн-Жалудын тулааны дуулиан энд хэдийнэ цуурайтан ирээд, загалмай шүтлэгтнүүд зүүн тийш, Дундад их далайн хөвөө зүгт мөн адил урт ноолролдсон цуваа болоод хөвөрчээ. Тосгоны зарим байр, оромжноос утаа уугиж, цагаан шороо пургисан гудамжны нь хаа нэгтээд алуулсан хүн гулдайн унасан нь лалууд болоод загалмайтнуудын хооронд энэ өглөө сүрхий ширүүн мөргөлдөөн болоод өнгөрснийг илтгэнэ. Амьд мултарсан лалууд хар толгойгоо аван алс баруунаа харагдах хавцал хадат уулын зүг зугтацгаагаад, ард үлдсэн загалмайтнууд хамаг эд хогшлыг нь хаман зүүн тийш дүрвэцгээж буй нь тэр байв.
Энэ өглөө Баалбек балгаднаа ч мөн ийм явдал болсон билээ. Баалбекийн загалмайтнууд Трифолийн зүг өглөөн нарны дор их тоос манаруулан хошууран сунжралдан хөврөхөд хотын дүүргийн энд тэндээс хар утаа олгойдон үлдсэнсэн.
Эль тосгон нь Баалбекаас Хомс ордог замын тал өнгөрөөд байх тул хөсгийнхөн өглөөний айдас, сандралаасаа багаахан ангижирч, төдий бас хурц хорон нар хийгээд аль өглөөнөөс хойш тасралтгүй үргэлжилсэн шургуу явдлынх нь алжаал ядрал нэмэгдээд явдал нь ихэд суларч, назгайрсан байв. Ачаа ихийн дээр шавдуухан явчихсан тул хөсөгт хөллөсөн тэмээ, морьд ч сульдан тамирдаад иржээ. Одоо тосгоны урдуур үргэлжилсээр зүүн тийш намсах хадат нурууны нахисаар давчихвал Хомс хотын бараа харж болох хэмээн найдацгаана. Хөсгийн түрүүч уулын бачим хавцал дундуур мушгиран өгссөн чулуут замаар овгонуулан зүтгэж, дараачийн хэсэг тосгоноос уулын бэл өгсөх зам дээр муригнан хөдөлж ядаад, өнөөх мамлюкуудад ч үлдээхгүй хэмээн хамаг юмсаа хаман овоолсон хөсгүүдтэй сүүл хэсэг дөнгөж тосгоны захаар өнгөрч бүхийд араас нь сульдаж цуцсан нэгэн морьтон довтолгон иржээ. Дуулгагүй, зүймэл хэлхээ хуягных нь мөрөвч тас цохиулаад санжчихсан, цавчуулсан мөрөө цус болсон торгоор хальт боосон, хамрынхаа хянганд ч хөндлөн шархтай, уруул нь омголтож, хацарт нь цус наалдан хатсан эр тамирдаж цөхөрсөн хоолойгоор
- Ах дүү нар минь ээ! Аав, ээжүүд минь! Хүүхдүүд минь! Бид үүнээс цааш тэсэж чадсангүй ээ. Лалууд араас ирж явна. Ачаа хөсгөө хаяад уул өөд зугтацгаа!
Хагшаа ёлоос зугтах
Харцгайн бяцхан дэгдээхий мэт,
Харгана бутанд нөмөрдөцгөө!
Хад чулуунд хоргодоцгоо! Ах дүүс минь. Амиа авч үлдэхийг хичээцгээ! хэмээн хашгиран дөрвөн мөчөө савчин морио шамдуулсаар хажуугаар нь өнгөрөв. Саяхан л газар ихэд хороов хэмээн тайвширч, дээр нь халуунд нозоорч явсан хүмүүсийн нүүрээр айдас түгшүүрийн сүүдэр бүрэнхийлэн нөмөрч ирээд, тэрхүү дайчнаас хэн ч, юу ч асууж үл зүрхлэн амаа ангайлган мэлэрсээр үлдэж байлаа.
Өнөөх морьтонд нэг эх саахуутай цэгээ өгсөнд авч нэг балгаснаа буцаан сарвайв. Эх
- Хүү минь, залгил залгил, ханатал залгилж ав гэсэнд
- Сайхан байнам, ижий минь. Гэвч энэ миний амсаж буй сүүлчийн цэгээ болох магад учир ганцхан балга хангалттай. Амьд үлдэх хүмүүст үлдээгтүн гээд хэлээ булталзуулан урууландаа наалдсан цэгээг долоогоод дараагийн цувааны араас цогиулав.
Яг энэ үед тосгоны захаар өнгөрөх замын нэг талаас өндөр хадан мөргүү тулж, нөгөө талаас замд тулган барьсан түүхий шавран ханан хэрмийн дундуур гардаг хэсэг дээр нэг тэрэгний мөөр хугарч унаад, ард нь явсан долоо найман тэрэг хааш ч үгүй гацаж орхив. Арын хөсгийг ахалж явсан Дэгээ аравтан олны дундуур зүтгэсээр ирээд ихэд уурсан, өндгөө дарах тахиа мэт гараа алдлан эд юмсаа тэврээд тэргэн дээр түрүүлгээ харан хэвтсэн янхигар хөх авгайг бархируулсаар ховх татан авч хажуугийн хэрэм рүү чулуудаж орхив. Уурсан хилэгнэсэн Дэгээ тархиараа хэрмийн хана саван сулдайн унасан эхнэрийн дээр өнөөх боодолтой, хайрцагтай эд юмсыг нь овойтол шидлэв. Тэгээд мөөр нь хугарсан тэргийг хөллөгөөнөөс нь салган, хажуугаас нь өргөн өнөөх эхнэрийн дээр хөмөрч зай гаргаад, гацсан хөсгүүдийг өнгөрүүлэхдээ тэргэн дээр нь байсан боодолтой бүхнийг замын хажуу руу чулуудаж гарчээ. Дэгээ аравтанг тийм шийдмэг бүхийд төдий болтол хэнийг ч бараандаа хүргэлгүй явж чадсан Гэнсэнгээ хатан хүртэл яаж ч чадсангүй.
Тэдний даван гарч ирсэн тэртээх гүдгэр нуруун дээгүүр тоос татаж, бүртэлзсэн хар цэгүүд ар араасаа тодрон гарч ирж буй нь лавтай мамлюкууд биз ээ. Хэрвээ тэдний морьд сайн аваас гуравхан мөч* өнгөрсний дараа энд ирцгээнэ. Түүнийг харсан Дэгээ аравтан ташуур исгэрүүлэн морьдыг ороолгож, хөсөгнүүдийг өнгөрүүлэх зууртаа,
- Энэ тосгоноос өнгөрөөд хөллөөнийхөө морьдыг суллан унах нь унаад нөгөөдүүлийнхээ араас давхицгаа! Үлдсэн нь уулын бэл өөд чадлаараа гүйцгээ! Эрэгний мухар, хулганын нүх, хад бутаар ч хамаагүй тарцгаа! Илд, нум барих чадалтай бүхэн миний дэргэд цуглацгаа хэмээн хашгирч байлаа.
***
Хавцлын ам өлгөж нэлээн урагшилж амжсан ч хөллөөний морь, тэмээд нь ихэд сульдаад, овон товон үхэр чулуутай сайраар хөдөлж ядан буй түрүүчийн цувааныханд энэхүү түгшүүрт мэдээ ирэхэд хурц хорон нар, хавцлын бүгчим хоёрт өглөө үүрээр нөмгөн шалдан шахам гарсан хүүхэд багачуудын ам хатаж, настан буурлуудын тархи толгой манарчихсан тун хэцүү явжээ. Тамирдаад, хоолой нь бараг гарахыг байж, дэмий л харц нь хуурай гялалзах тэрхүү элч цувааны дунд явсан Ялвиг ноёнтонтой зэрэгцэн ирээд,
- Ах дүүс минь, аав, ээж нар минь! Харгана бут руу, хад чулуу руу зугтацгаа, амиа авар! Бид үүнээс цааш тэсэж эс чадав.Өршөөгтүн! хэмээн шүдэн завсраараа сийгүүлэн чүү хэлж амжаад мориныхоо буруу хажуу руу гулдайн унав.
Ялвиг болоод түүнтэй хамт явсан Сөнөдийн буурал дайчин эр элчийн толгойг газарт унахаас өмнө тосон авч, хажуугаар нь өнгөрч байсан тэргийг зогсоон дээр нь хэвтүүлэв. Тэгээд зуурсан шүдийг нь хутганы үзүүрээр гөжин жаахан цэгээ цутгавал, хэсэг азнаснаа элч түгшүүрт үгсийг хүргэх газар нь хүргэж чадсан эсэхээ шалгах мэт толгойгоо хүчлэн өндийлгөөд, Ялвиг ноёныг таньж,
- Эцэг минь, нэг ч болов хүнийг амьд мэнд үлдээх арга сүвэгчилж үз. Бушуул. Ёрын муусайн мамлюкууд хэнийг ч үл өршөөж, таарсан бүхнээ хяргаж буй гэв.
- Хэр хол явна гэсэнд,
- Одоо Эль тосгонд дөхөж буй. Тарцгаа, уул хадаар, бут модоор, нуугдацгаа. Илдийг минь дэргэд үлдээгээд намайг энд орхигтун. Үхэхдээ би Хөх тугийн дайчин эр хэрхэн дэр авдгийг* муусайн мамлюкуудад бахтай сайхан үзүүлэмз хэмээн өгүүлэв.
Ялвиг ноёнтон түүний аманд дахиад жаахан цэгээ, бас хүч тэнхээ нэмдэг бор зутан цутган байтал дээш өгссөн хүмүүс гэнэтхэн шуугилдан хашгиралдаад эхэлжээ. Мамлюкууд зам угтан өмнөөс ирж буй нь тэр үү? Сартуулын Ялвиг ноёнтон угийн уран цэмцгэр, бичиг номын эрхэм хэдий ч эрслэх цаг ирэхэд илд ч бас бүжиглүүлж чадах билээ. Тэрбээр илдээ сугалан ойрхон байх хэдэн өвгөн дайчдын хамт элчийг хэвтүүлсэн тэргэн дээр гаран, ард нь ирж явсан хөсгийнхний зарим нь хавцлын энгэр лүү харайлдаж, зарим нь хөсөг тэрэгнийхээ доогуур, хад чулууны хажуугаар бултганан гүйлдэж байтал дээд хошууг нь тойрон омголон хурц морьтнууд давхилдан гарч ирэх нь монголчууд аж.
Хомс балгадад сахин суугч Монгол зуутнуудын нэг Хаш хэмээх эрдүүхэн залуу даргач Ялвиг ноёнтны дэргэд хатируулан ирээд,
- Өвгөн ах нар минь, бэрх хэцүү юм ч болжээ дээ. Ард дахиад цуваа бий юу хэмээв.
- Ард хоёр цуваа бий. Гэвч сүүлчийнх нь одоо амжихгүй болсон болов уу. Учир нь сая араас - гээд тэргэн дээр хэвтсээр буй элчийн зүг дохиж, - элчийн өгүүлэхээр лалууд Эль тосгон луу лавтай орж иржээ... Харин дундын хөсөг энэ хавцлын ам өгсөж буй хэмээн найдна гэв.
- Хомст амжиж очсон ч бид тэнд хүч сул, балгадын хэрмийг удаан тогтооход амаргүй байгаа. Халебаас нэмэлт хүч нааш гарсан нь тодорхой ч тэд үүрээс өмнө амжиж ирэхгүй. Гэвч бид мамлюкуудад энд ч, тэнд ч, балгадад ч, ер хаана ч тэр гацаа үүсгэх л болно.
Яг энэ үед хөндий өгсөн нэгэн морьтон гарч ирсэн нь хөллөөний морь суллаж унасан Хачир хөвүүн аж. Хөвүүний араас төдөлгүй дахиад нэгэн морьтон гарч ирэв. Хаш зуутан,
- Та бүхэн аль болох зүтгээд энэ хөндийн эхэн дээр гарахыг бод. Одоо хөсгийн хэрэг ер үгүй учир орхигтун. Суларсан морьдоо хүүхэд, бүсгүйчүүдэд унуулан явуул. - гээд хавцлын байдлыг тогтоон харав. - Хэрвээ хориг босговол энэ боом тун таарах газар санж. Эрхэм ноёнтон, та энд үлдсэн тэргүүдээ угсарч, хориг шивээ босгогтун. Бид мамлюкуудыг хавцлын аманд тогтоон барьж эс чадваас эргэж энд хоригловол зохино хэмээгээд илдээ дохин, цэргээ дагуулаад хөсөг тэргүүдийг зайчлан хайрга чулуу үсчүүлсээр хавцал уруудан давхилдав.
Лавтай нэгэн зуут орчим цэрэг эрс Хомсоос тосон ирцгээжээ. Амжиж ирсэн Хачир хөвүүний хэлэх нь сүүлийн цувааныхан доод бэлээр тарж гүйцсэн ба түүнийг хавцлын аманд ирж бүхийд Мамлюкууд тосгоны зах руу орж байсан гэв. Хачир хөвүүний араас ирсэн нь Дорнод байжээ. Архи нь хэдийнэ гарсан тэрбээр үнсэн хөх царайтай болчихсон үг хэлгүй дэргэдүүр нь өнгөрөх гэхэд Явлиг ноёнтон цулбуурдан авав. Дорнодын нүд томорч, хамраа сарталзуулснаа,
- Өгөр муу өмхий Сартуул чи юуны учир Хөх монгол надад халдаж зүрхлэв. Тавь чи, наад цулбуур! хэмээгээд мориныхоо жолоог дугтчин, давирч, цулбуураа Ялвиг ноёнтны гараас шувт татах гэж оролдов.
- Буу чи. Ийм цагт зөвхөн өсөх идэр хөвүүд, эсвэл эргэж тулах дайчид л морьд хүлэглэх учиртайг мэдэхгүй юу чи. Чиний наад согтуу толгой хэнд хэрэгтэй болоов хэмээгээд, барьцаа ахиулан, Дорнодын салбагар ханцуйнаас гуд татан унагалаа.
- Монгол ахан дүү нар аа! Энэ муу Сартуул боол монголчууд бидний хоолонд цадаад, одоо надад халддаг болжээ, авраарай! Энэ муу миний морийг булаагаад өөрөө амиа хоохойлон зугтаах гэлээ. Хараарай, үзээрэй, туслаарай! хэмээн бархирч гарсанд, Ялвиг ноён,
- Дуу чи. Би Их төрийн Хөх тугийн өмнө тангараг өргөсөн төрийн түшмэг байна. Чам шиг хайран сайхан Ихсийн нэрийг гутааж, өчүүхэн амиа өмөөрөн бөөцийлөн явсангүй. Ингэхэд хэн нь боол шиг явнам билээ.
Аалзан төдий амиа
Арчилж үл чадах
Арчаагүй өчүүхэн чи юу?
Өндөр төрдөө,
Өргөсөн тангарагтаа
Үнэнч явсаар
Өдий хүрсэн
Өвгөн би юу? хэмээн зандрав.
Дорнод босоод Ялвиг ноёныг заамдан авч,
- Чамай мууг бодвоос би Их Монголын унаган хүү байна. Миний эцэг муусайн Сартуул таануусыг доройтуулж явахад... хэмээн хашгирч гартал Ялвиг ноёны дэргэд явсан дохигор өвгөн Сөнөд дайчин илдээ зугуухан сугалаад, Дорнодын улаан суга руу ялимгүй өргөсхийн дүрчихжээ.
Дорнод Ялвиг ноёныг заамдсан гараа тавьж, суга руу нь яран орж буй илдний ирнээс атгаад, Сөнөд дайчин луу том харан “Та, та чинь... яаж байгаа билээ? Би би....” хэмээн чичигнэн өгүүлсээр эргэлдэн унахад өвгөн Сөнөд дайчин илдээ сугалан, ирийг нь даган урсах хүрэн улаан цуснаас нь цээрлэх мэт хөндийхөн бариад хажуугийн бутны толгойд шувтрах зууртаа,
- Бүү санаа зовни, Ялвиг ноёнтон минь. Энэ мэт өчүүхэн мунхгуудтай үг хэлэлцэн хүний зэрэгт бүү үзэгтүн. Нохойнд нохойн үхэл таарнам. Энэ Дорнодын эцэгтэй би олон аянд хамт явсансан. Эцэг нь эрэмгий сайхан эр ч ийм үр үлдээгээд өнгөрсөн нь нэн гашуун байна. Өнөө эцгийнх нь гүйцээгээгүйг би өмнөөс нь гүйцээв. Энэ мэтийн өтийг ардаа амьд үлдээгээд үхсэнээс аваад үхсэн нь хожмын Их төр, Хөх Монголын минь нэрэнд дэмтэй учир Тэнгэрийн ёс, Их Засаг хууль намайг өршөөнө биз ээ. Цагтаа илд минь олон ч сайн эрсийн цусыг амсаж явсан буй за. Харин ийм адгийн өтөг боолын цусанд илдээ хүргэн бузарлана чинээ санасангүй. Одоо араас ирэх мамлюк дайчидтай нэгэн удаа илдээ зөрүүлж, өчүүхэн өтний цусанд хүрсэн бузрыг нь гаргасугай. Нас минь болов гээд арслангийн зогдор аятай цалин цагаан их үсээ сэгсэрчээ.
Хаш зуутны хэлснээр Ялвиг ноёнтон араас ирсэн арав орчим тэргийг хавцлын боомтой хэсгээр таглан эгнүүлээд, хөллөөг нь мултлан, морьд, тэмээг нь аль идэр бага хүүхэд багачуудад унуулав. Зарим нэгэн залуухан эхийг хүүхдийг нь дүүрүүлэн мордуулжээ. Дорнодоос булааж авсан морин дээрээ Аранзал охины найз өнөөх дэрчгэр хэдэн хөвүүдийн нэг болох Болдтөмөр болон бас нэг охин хоёрыг сундлуулаад “За, хүүхдүүд минь, багачууд минь. Эргэж бүү харагтун. Энэ хөндийн эхээр давж их уст голыг хөндлөн гарна. Түүний цаана гарваас Хомс балгад харагдана. Тэнд хүрсэн хойно дараа чухам хэрхэхийг тэндэхийн даргач ноён та бүхэнд хэлээд өгөмз. За хөвүүд минь. Хожмоо алдартай их баатар болцгоогоорой, Хомсын замд юу болсныг бүү мартацгаагтун” хэмээгээд явуулав.
...
Тайлбар:
Мөч* - Нэг мөч 15 минуттай тэнцэнэ.
Дэр авч үхэх* - Дайчин эрс үхэхдээ ч дайснаа дэрлэж үхэхийг эрхэмлэдэг байж.
Хомс, Баалбек, Халеб* - зэрэг хотууд бол өнөөгийн Сирийн хотууд юм. Жишээ нь Халеб бол өнөө ч дайны гал дүрэлзсээр буй Алепо хот болно.
.
”АУГАА ЭРИН” цувралын ”ХӨХ ИЛДНИЙ ОЧИС” -оос...
-
2017 оны 3 сарын 06
...Монголын улс төрийг олон жил баглан хүлж ирсэн “чөтгөрийн тойргийн” сүүлчийн цагираг тасрахад ойрхон болов. МАНАН олигархи бүлэглэлийн зөрчил тэмцэл улам хурц үедээ орж байна. МАНАН бүлэглэлийн анхны дарга Н.Энхбаяр байв...
-
2017 оны 3 сарын 05
Гадаад улс оронд амьдарч байгаа 850 гаруй ээж нар унаган гадаад хэлтэй хүүхдүүддээ манай Гэгээгийн гэрийн сургалтын аргаар монгол хэл зааж сургаад хагас сарын нүүр үзэж байна. Сургалтанд оролцож байгаа хүүхдүүд бүгд маш сайн суралцаж байгаа тухай би урьд нь цөөн бус удаа мэдээлж байсан билээ. Ээж нарын олонх нь харь нутагт байгаа хүүхдүүдэд эх хэлийг нь хялбар сургах арга зам зааж өглөө хэмээн ихэд баярласан сэтгэлээ илэрхийлсээр байгааг өгүүлэх юун. Тэдэн дунд нэг ээжийн асуулт анхаарлыг минь ихээхэн татсан тул нэлээд удаан бодсоны эцэст өөрийн хэмжээнд хариуг нь өгөхөөр шийдлээ.
Асуулт: Би бараг л толгойтой болгон очихыг мөрөөддөг өрнөдийн маш хөгжингүй нэг оронд нэлээд удаан хугацаагаар амьдарсан юм. Хэдийгээр өмсөж зүүх, идэж уух болон эмнэлэг үйлчилгээний хувьд яриа байхгүй сайхан боловч яваандаа хүмүүсийн харилцаа нь хүйтэн хөндий, манайхан шиг ах дүүсэг, найз нөхөдсөг байдал илт дутмаг болохыг ажиглах болов. Тэгээд хүүгээ ийм хөндий хүйтэн хүмүүсийн дунд өсгөөд нэг насыг нь энд баруулна гэж бодохоор хөөрхийг гав ганцааранг нь төөрүүлээд орхичихож байгаагаас өөрцгүй санагдаад нэлээд удаж байна.
Энэ тухайгаа найз нөхөд, хамаатан садандаа цухуйлган ярих тоолонд өөдөөс «Чи юу ярьж байгаа юм бэ? Тийм сайхан нийгэмд амьдарч чадахгүй байгаа чинь ёстой л нэг аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгч болох байх даа. Монголд болж бүтэж байгаа юм тун хомс байна. Адаглаад л жаахан хүнд өвчин тусахад үзүүлэх эмнэлэг сувилал хаана байгаа билээ гэдгээ бодооч.» гэх юм. Би хэрхихийг шийдэж чадахаа больчихоод аргаа барахдаа яавал дээрийг танаас асууж байгаа юм шүү. . . . .Болж бүтэхгүй зүйлийг ярих юм бол энд ч гэсэн амиа хорлолт, хар тамхи, биеэ үнэлэх явдал бараг л хавтгай шахам байх юм. . . . .Яавал дээр вэ?
Хариулт: Ер нь аливаа гадаадад амьдарч байгаа хэн хүний хувьд эх нутаг, элгэн садан үндэсний соёлын сайн сайхан тал илүү товойж санагддаг л даа. Энэ бүсгүйн төлөв байдлаас ч тэр нь илт харагдаж байна. Ер нь гадаад хүргэн бэрүүд монголд ирчихээд бидний ах дүүсэг, найз нөхөдсөг зан чанарыг ихэд бахаддаг нь нууц биш ээ.
Нөгөө талаар ганц ийм асуудлыг нэлээд удаан бодож шанална гэдэг сэтгэлд хичнээн зовиуртай хүнд байх билээ. Ядаж байхад нэг хүнээс энэ талаар асуугаадчихсан чинь санаанд таарах таарахгүй янз бүрийн юм яриад сэтгэлийг нь бүр ч илүү үймүүлчихэж байгаа болов уу? Тэгэхээр би энэ бүсгүйд юуны өмнө элдэв бодлууд тэр дундаа монгол явах уу, болих уу хэмээх ацан шалаа шиг бодлоо хэсэг хугацаанд таягдан хаячих гэж зөвлөмөөр байна.
Ер нь хүний өмнө тулгарч байгаа асуудлыг ямар ч мэргэн түргэн хүн шийдээд өгөх нь юу л бол? Харин хамгийн шудрага зам заагч нь хувь тавилан өөрөө байдаг юм шүү гэдгийг хэлье. Элдэв бодол буюу нисваанист тархи толгой эзлэгдчихээд байвал хувь заяаны харгуй дардан зам тэр хэрээр овон товонтой. Харин цэгцтэй цөөн бодолтой байвал тэрхүү зам улам л дурайгаад байж ч мэдэх юм.
Үүнтэй холбоотой эртний нэгэн домгийг энд өгүүлье: Нэгэн дияанч лам бяцхан шавиа дагуулаад нэг голын эрэг дээр иртэл нэг гоё сайхан хатагтай гол гатлаж чадахгүй сандарчихсан зогсож байжээ. Багш лам нь олон таван юм бодсонгүй нөгөө гоо хатагтайг нуруун дээрээ үүрээд гол гаталгаж өгчихөөд цааш замаа хөөж гэнэ. Хатагтай ч яахав баяр талархлаа илэрхийлээд хоцорч дээ. Энэ хэрэг явдал шавийнх нь сэтгэлийг шаналгах сэдэл болох юм гэж хэн санах вэ? Тухайн үед лам хувраг хүн залуу бүсгүйг нуруун дээрээ үүрэх нь битгий хэл залуу хархүү бэргэнтэйгээ гар барьж, цэх харан ярих учиргүй хатуу хүтүү цаг үе байсан юмсанж. «Багш өөрөө өнгө дарсыг цээрлэж яв хэмээн байнга сануулан хэлдэг атал тэр сайхан хүүхнийг яагаад нуруун дээрээ үүрч байгаа юм бол? Энэ нь түүний сахил санваарын ёсонд харш хэрэг бус гэж үү? Тойн хувраг байтугай эгэл жирийн хүн ч ийм хэрэг хийхгүй байсан шүү дээ . . . . . . !» гээд элдэв бодлууд ёстой хөвөрч өгч дээ. Тэр хэрээр түүний тархи оюун чилээрхэн ядарч таарна аа даа. Тэгээд тав зургаан километр хол явсан хойно сүүлдээ бүр тэсэж ядахдаа багшаасаа: «Багш аа ! Та яагаад тэр залуу бүсгүйг үүрээд гол гаталгачихаж байгаа юм бэ?» хэмээн асууж дээ. Гэтэл багш нь хариу өгүүлрүүн: «Тэгээд яачихаав? Би түүнийг гол гаталгаад л орхичихсон биз дээ? Харин чи яахаараа түүнийг одоо болтол үүрсээр энд авчирдаг билээ? Орхи наанаа !» хэмээн зандарчээ. Дотоод сэтгэлийн эрдмийн хүрсэн төвшин гээч үзэгдэх өнгө засал төдийхөн зүйл биш болохыг энэ домог бидэнд сануулнам бус уу?
Ер нь дияаны гол ёсон болвоос тархи толгойг эзлэсэн хэрэгтэй хэрэггүй бодлыг цаг тухай бүрт нь таягдан хаяж байх хэрэгтэй хэмээн сургадаг бөлгөө. Хэрвээ тэгэхгүй болвоос цээжний мухарт хургасан элдэв бодол хүний сэтгэлийг үймрүүлж тэр хэрээр бид чамгүй удаан шаналан зовдог биш гэж үү? Элдэв бодлыг нисваанис буюу зовлонгийн үндэс хэмээн нэрлэдэг нь ийм учиртай юм.
Тэгэхээр би асуулт асуугч ээжид юуны өмнө бодлоо цэгцлэж боломжийн хэрээр таягдан хая гэж зөвлөмөөр байна. «Гаднаа бэлгэст автахгүй нь дияан. Тэр хэрээр сэтгэл эс үймрэх нь самади.» хэмээх сайхан сургаал байдгийг энд эшлэсү ! Гаднаа бэлгэст автахгүй гэдэг нь гадаад орчны юманд автахгүй гэж ойлгох хэрэгтэй. Дээрх ээжийн хувьд авч яривал «Муу хүүгээ хүний газар төөрүүлчих нь үү дээ? Монгол руугаа аваад явбал яадаг бол? Монгол ч сайхан шүү. Энд ч удаан байвал дэмий юм байна аа.» гэх зэргээр гадаад орчны үзэгдэл юмсад автаад тэр хэрээр сэтгэл нь үймрээд байгаа байж таарах нь. Тийм болохоор би тэр ээжид миний хэлсэн аргын дагуу сэтгэлийг чинь үймүүлээд байгаа бодлоо орхичихвол нэг сайхан сэтгэл амран уужраад ирэх вий. Тэр үедээ ямар ч шийдвэр гаргасан зөв зүйтэй тал руугаа хэлбийсэн байж мэдэх юм шүү хэмээн зөвлөмөөр байна.
Хүү чинь дөрөв тавхан настай бага байна. Өсөж том болоод хөндий хүйтэн хүн болох уу? Эсвэл нийтэч сайхан сэтгэлтэй нэгэн байх уу гэдэг нь өөрөөс тань, гэр бүлийн орчингоос асар их шалтгаална. Тэр болтол зай ч байна. Бас лай ч байгаа болохоор тийм холын юманд санаашран шаналахаас илүүтэй өдөр тутмынхаа ажлыг л бөөцийлж бөмбийлөөд яваад бай. Нэг өдрийг үймцэрсэн бодолдоо шаналалгүй өнгөрөөж сур. Тэгж чадваас урьд нь бодолдоо хөтлөгдөөд тэр хэрээр зовж шаналаад байдаг байсан бол яваандаа бодол цөөрөөд ирэхийн алдад түүнд хөтлөгдөх биш харин ч түүний эзэн болсон байх вий. Энэ нь л угтаа бол чиний очих ёстой дотоод сэтгэлийн ахуй орон бөлгөө.
Би баахан урт юм биччих шиг боллоо түүнийгээ базаж дүгнээд хэлбэл «Монголд амьдрах уу? Гадаадад амьдрах уу?» хэмээн ацан шалаанд орж байснаас сэтгэлийн амирлалыг буй болго. Энэ бичлэгийн гол санаа нь сэтгэлийн амирлалд хэрхин хүрч болохыг энгийн үгээр тайлбарласан байгаа. Хэрвээ сэтгэл амгалан тайван болж чадах бөгөөс хаа оршсон газар орон бүхэндээ аз жаргалыг амсаж эдлэх боломжтой байх бус уу?
Энэ бичлэгт дутуу хүтүү санагдсан зүйл байвал нэмж асууж болно.
Айлчлан ирж буй алтан унжлагат тахиа жилдээ айл болгоны хоймор аз жаргалаар халгиж, хүн болгон хөндий цээжиндээ сэтгэлийн амирлалыг оршоох болтугай!
-
2017 оны 3 сарын 03
Бээжингийн 2022 оны өвлийн олимп болохтой холбогдоод Хятад улсад ”300 сая хүн өвлийн спортоор хичээллэх” хөдөлгөөн өрнөөд байна. Хятадад хүн ам, хүсэл, сонирхол, мөнгө хөрөнгө хангалттай байгаа хэдий ч ийм олон хүнийг нэгэн зэрэг байршуулах орон зай, дэд бүтцийн байгууламж илт дутагдах нь ойлгомжтой юм. Сүүлийн жилүүдэд хятад улсад цанын бааз 600 гаруйг шинээр байгууллаа гэж бичиж байгаа боловч үнэн хэрэгтээ олон улсын жишигт хүрсэн нь ердөө 30-хан байдаг гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Тэгвэл газар нутгийн хэмжээгээр зүйрлэшгүй бага япон улсад л гэхэд олон улсын жишигт нийсэн томоохон цанын бааз 350 байх жишээтэй. 600 мянга гаруй хүн амтай Канадын Ванкувер хотод мөсөн гулгуурын зуун ордон байдаг бол 10 сая хүн амтай Бээжин хотод дөнгөж 17-хан байдаг гэнэ.
Хятадад цас мөсний гулгуурын талбай шинээр байгуулагдаж байгаа нь олон боловч орчин нөхцлийн хувьд цанын бааз гэхээсээ илүүтэй зүгээр л цас мөс гэж ийм зүйл байдаг юм гэдгийг үзүүлэх маягтай байгууламжууд цөөнгүй байдгийг дорх зурагнаас харж болно. Энэ нь мэдээжийн хэрэг цас мөс огт үзээгүй өмнө зүгийнхэнд бол бас л сонин агаад эрсдэлгүй алхам байж болох талтай.
2017 оноос шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд орно. Хажуу дэргэд маань өвлийн спортын асар том хөдөлгөөн өрнөөд байгаа боловч байгалийн орчин нөхцөл дутмаг гэсэн том асуудалтай тулгараад байгаа нь миний бодлоор манай улсын хувьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж мэт санагддаг. Өвлийн цагт манай монголын аялал жуулчлалын гол улирал дуусгавар болоод онгоцны буудлын ачаалал эрс багасдагийг давхар бодолцоод ийм зүйл хэлж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл манай хоёр орны хувьд энэ тал дээр харилцан нөхвөрлөх чадвар асар их гэсэн үг.
Хятадад цас мөсөн дээр гулгахыг өндөр өртөгтэй спортын төрөл, нэр төрийн баталгаа гэж үзэх явдал маш их дэлгэрчээ. Энэ боломжийг Япон Солонгос зэрэг хөрш зэргэлдээ улс орнууд маш сайн ашиглаж байна. Дээрх улсуудын цанын томоохон баазуудын дэргэд 8000 ортой том том зочид буудлын цогцолборууд, ЛВ зэрэг том брэнд дэлгүүрүүд бөөгнөрөн оршдогийн гол үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хятадууд байгаа юм.
Миний санахад гадаадаас зээлэхээр төлөвлөж байгаа 5 тэрбум долларын тодорхой хэсгийг ашиглан цанын бааз байгуулж болох газрууд руу өндөр хурдны төмөр зам татчих хэрэгтэй юм. Улс гол дэд бүтцийн асуудлыг шийдэхийн сацуу цанын бааз, зочид буудал зэрэг байгуулах асуудлыг олон улсын нээлттэй тендер зарлаад хөрөнгөө босгоод бүтээн байгуулалтаа эхлэж болно. Хэрвээ ийм бодлоготой алхам хийгээд эхлэвэл том брэнд дэлгүүрүүд болон бусад дагалдах үйлчилгээнүүд аяндаа дагаад ороод ирэх нь ч тодорхой. Улсын зүгээс тэдэнд гааль худалдааны нэн тааламжтай орчин буй болгочихвол дотоодын ажлын байрны асуудлыг давхар шийдэж, байнгын асар өндөр ашиг орлого олох боломж бүрдэнэ.
Өвлийн цагт хятад жуулчид байгалийн таатай сайхан орчинд шавайгаа ханатал гулгаад дэлхийн нэртэй брэнд барааг газар дээрээсээ худалдаад авахын зэрэгцээ хүчилтөрөгчийн хэрэгцээгээ сэлбээд авна гэдэг бас л том боломж бөлгөө.
-
2017 оны 2 сарын 24
ХАМГИЙН ТОМ НОМЫН ОРОН
Нэг номын садан залуу анд маань ”Гималайн нурууны ариун дагшин газруудад бясалгал үйлдвээс адис жанлав ихтэй гэнэ лээ.” хэмээн ярихыг сонсов. Үнэндээ аливаа бясалгалч нарын хувьд Монгол оронд маань ч гэсэн эртний том дияанч бясалгалч нарын сууж байсан ариун дагшин номын оронгууд хаа сайгүй байж л байгаа шүү дээ.
”Миний санахад бясалгал дияаны хамгийн том номын орон ”Цээжний хөндийд” оршдог бус уу?” хэмээн хэлэхэд тэрхүү залуу номын садан ямар нэгэн зүйлийг сэрхийтэл ухаарсан мэт учиртай харчихаад инээвхийлнэ билээ. Бурхан багш маань ”Сэтгэл ариусваас Бурханы орон ариусмой.” хэмээн зарлиг болсон байдгийг та лав сонсоо байлгүй. Энэ ёсонг онож ухаарах бөгөөс заавал алс холын Гималайн нурууны ариун дагшин газрыг зорих шаардлага үгүй болох юм.
Энэ бүхний урьдач нөхцөл нь ”Өчигдрийн би өнөөдрийн би биш болсон.”, ”Хоосон чанар хэмээгч бидний вакуум шахуугаар хялбарчлан ойлгодог энгийн ухагдхуун огт биш.”, ”Нөгөө эрэг дээр заавал үхлийн дараа хүрээд гэтлэлийг олно гэдэг эндүү төөрөгдөл болой. Гол нь орчлонгийн буюу зовлонгийн далайд цаг наргүй тасралтгүй хөвөөд байдгийн шалтгааныг онож ухаад тэрхүү шалтгаанаас ангид байж чадах бөгөөс сууж байгаа газар дээрээ ч нөгөө эрэг дээр хүрч болдог.” хэмээх гүн нарийн ёсонг судлаж бясалгахаас эхтэй хэмээн мунхагланам.
Өнөөдөр ”Амьдрал тэтгэх арван санамж” нэрт бичлэг оруулсан нь уншигчдын сэтгэлд маш хурдан хүрч байгаа бололтой. Ер нь энэ мэт хэрэгтэй зөвлөмжүүд олон байдаг л даа. Би нэлээд хэдэн жилийн өмнө Америкад байхдаа ”Хөргөгчний бохирдол” нэртэй нэг өгүүллийг уншиж байсан нь хэн хүний хувьд ихээхэн анхаарууштай зүйлийг хөндөн бичсэн байж билээ. Танай гэрийн хөргөгчинд сар жилээр удсан сав баглаа боодолтой хүнсний зүйл хадгалагдсаар байгаа юм биш биз дээ? Түүнийг айхтар арвич хямгач хүн болох гэж хэрэглээд харамсалтай үр дагаварт хүрч мэдэх юм шүү гэдэг санааг тэрхүү өгүүлэлд бичсэн нь хэн хүний хувьд бодууштай хэрэг юм. Түүнээс гадна сэтгэлд хургасан хэрэгтэй хэрэггүй элдэв дэмий бодол аливаа хүний хувьд ”Хөргөгчний бохирдлоос” ч илүү хөнөөлтэй байдаг тул болж өгвөл сэтгэлээ тиймэрхүү дэл сул хэрэгтэй хэрэггүй бодлоос чөлөөлөн цэвэрлэж байх нь бие сэтгэлийн эрүүл ахуйд хамгаас тустай гэдэг утгаар өглөөний бичлэгийг оруулсан юм шүү. Ингэж чадвал ”Аз жаргал гэдэг одоо” хэмээх үгийн цаад утга чанарыг ойлгоход төвөггүй. Түүнчлэн ”Өчигдрийн би өнөөдрийн би биш болсон” гэдэг үгийг байнга бодож явах нь сэтгэлээ цэвэрлэх энгийн хялбар арга байж болох тул та ч гэсэн өөр дээрээ хэрэгжүүлэх гэж оролдоод үзээрэй.
Ойрдоо зав чөлөө тун багатай байгаа болохоор энэ мэт бичлэг оруулсан чинь сайхан байна шүү.
-
2017 оны 2 сарын 23
БИД НЭГЭН ЦАГТ ИЙМ СҮЛД ДУУЛАЛТАЙ БАЙЖ
Оросын төрийн сүлд дуулал болох Бурхан эзэн хааныг минь өршөө дууг дууриалгаж, А.Кадлиц гэх Марийнскийн театрын 1 дүгээр хийлч монголын төрийн сүлд гэх дууг зохиож өгчээ.
Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөнөө хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнээ залав аа хө
Мөнгөн амсартай бүрээ бишгүүрээ
Мөрөн дундаа хангинуулаад
Мөнхийн настай Богд ламыгаа
Мөргөлийн ширээнээ залав аа хө
Бид ийнхүү дуулсаар хужаа шиг луус унаж, жуузанд сууж, ламаараа төр засуулж байсан үеийг германы философич субъектив идиализмийн эцэг Гегель хүн төрөлхтний мөрөөдлийн төр бол ТЕОКРАТ буюу монгол шиг үзэл санааныхаа эцгийг хаанд өргөмжилсөн төр гэж теологи талаас нь дахин дахин жишээ татжээ.
Ингээд эцэст нь монголчууд Богд Жавзандамбынхаа ялгадасыг хүртэл хаяулдаггүй болсон гэнэлээ.
Коммунизмаас үлдсэн зарим өв зөв гэмээр санагдана.
Шар шувталсан, иргэний сургууль байгуулсан, маарамба,оточ залахыг болиулсан нь зэрэг нь зөв байж.
Ер нь шинэ үзэл суртлыг шингээхээд хүчирхэгүүд хүч хэрэглэж байсан нь оносийм бишүү.
Түмэдийн Алтан хан шарын ёсыг нэвтрүүлэхдээ. 1000 бөөг цаазалж ”Шарын ёсыг дагавал 3 жил өөдлөнө,харын ёсыг дагавал 3 жил уруудна” гэсэн гэнлээ.
Жинхэндээ шары ёсыг дагаснаас 300 жил уруудаж, харын ёстой байхдаа 500 жил өөдөлсөн түүхтэй шүүдээ. Алдас муу үг чалчсан бол бурхан өршөөх болтугай.
-
2017 оны 2 сарын 21
...Хувьсгал ба хувьслыг ийм л хүмүүс хийдэг болохоос буу барьсан залуу, цэцэн үгтэй илтгэгч,сайхан амалсан популист, мэргэн түргэн хүмүүс хийхгүй. Зөвлөлдөх зөвлөлд үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, спикер, төрийн сайдууд, эрдэмтэн мэргэд байж, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН дэргэд байвал зүгээр...
-
2017 оны 2 сарын 20
...Өнөөдрийн болон өчигдрийн энэ яам дээрх чиг үүргээ голлож биш иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүмүүстэй хутгалдан төрийн үйлчилгээ явуулах ажлаа урьтан сонирхолтой нь аргагүй хийдэг газар болж ирсэн. Гэвч зоригтой шийдвэр гаргасан сайдууд энэ салбарт хожим Эрдэнэбаатар сайд, муу нь Барсболд сайд шиг үргэлж дурсагдан үлддэг билээ...
-
2017 оны 2 сарын 14
Өмнө нь хаосын тухай ярьсан.Тэр бол ямар нэг хэмжээгээр хувьсгал. Монголын АРДЧИЛАЛ Ч хувьсгал бас ХАОС. Гэхдээ хувьсгал болгон нийгэм эдийн засагт их хохирол авчрахгүй, гал мэс болохгүйгээр сэмхэн болдог түүх бас байна. Тэр бол Английн аж үйлдвэрийн хувьсгал. Тэр аажуу хувьслын замаар болсон.
-
2017 оны 2 сарын 10
1990-оны хувьсгалаар Монголчуудын олсон нэгэн ололт бол Чөлөөт ардчилсан сонгууль байв.
Хятад Коммунист нам нь төр барьдаг бөгөөд өмнөх удирдагчид нь залгамжлагчдаа томилдог тогтолцоотой. Тэнд чөлөөт сонгууль гэх ойлголт байдаггүй юм.
ОХУ-д ч гэсэн чөлөөт сонгууль байхгүй гэж хэлж болно.
2000-онд, Б.Ельцин өөрийн залгамжлагчаар Б.Путиныг томилсноор ОХУ-ыг чөлөөт сонгуульгүй улс болгох замыг сонгожээ.
Тиймээс барууны стандартад нийцэх чөлөөт сонгууль гэдэг юм Монгол улсаас 4000-10000км цаана л байдаг ажээ.
2008-07-01-нд, Монголчууд сонгуулиа хийж чадсангүй. Гол будилаан санал тоолох дээр гарчээ. Үүнээс болж иргэд олон нийт жагсаал цуглаан хийж, улмаар 20-иод хүн цагдаад буудуулж, 5 хүн нь үхсэн билээ.
Үүний дараах сонгуулиудад санал тоолох барууны стандартад нийцэсэн машиныг оруулж ирэн, саналыг үнэн зөв тоолдог болсон.
Гэвч Монголын сонгуулийн Чөлөөт ардчилчилсан, шударга байдал жилээс жилд алдагдаж байна.
Ойрын үед болсон сонгуулиудад гарсан Луйврын нэг бол Царцаа нисгэх технологийг хэлж болно. Мөн сонгогчид гарын хээгээ уншуулан саналын хуудас авч, бөглөн саналаа өгдөг гэх авч, нэг хүн олон хэсгийн хороонд очиж саналаа өгч байсан тохиолдол байсан.
Бас үлдэгдэл саналын хуудсуудыг бөглөн машинд олноор нь уншуулсан тохиолдолч гарч байжээ.
Миний хэлэх гэж байгаа санаа бол Монголд өрсөлдөгчгүй сонгууль болдог ОХУ-ын жишиг тогтох байх гэсэн санаа юм.
Жишээлбэл: МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2 ч удаагийн сонгуульд оруулсангүй.
2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж болохоор хүчтэй Лийдрүүдэд АТГ, ЦЕГ-ын зүгээс зохиомол хэрэг үүсгэн, нэр дэвших боломжгүй болгох гэсэн хар улс төр, хэлмэгдүүлэлт явагдах байхаа. Энд хэд хэдэн хүний нэрийг бичье.
Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болгох гэсэн зорилгоор АТГ зохиомол хэрэг үүсгээд дуудаад эхлэсэн байна.
Мөн Женкод ч гэсэн АТГ- дээр хэрэгт зохион, дуудах сурагтай байна.
Бас Э.Батүүлийг хүн амины хэрэгт татна гэж айлгадаг ажээ.
Саяхан болсон АН-ын даргын сонгуульд, АТГ ба ЦЕГ-ыг удирдан улс төрийн сэдэлттэй баривчилгаа хийлгэдэг эзэд нь С.Эрдэнийг дэмжин мөнгө төгрөг тараалган зүтгүүлсээр луйвраар ялуулав.
Ер нь бол С.Эрдэнэд нийгмийн даатгалын хөрөнгийг хууль бусаар зарцуулсан асуудлууд байдаг. Үүнийг нь АТГ, ЦЕГ мэддэг ч ямар нэгэн асуудал үүсгэдэггүй юм.
Харин С.Эрдэнэ тэндий үгэнд орохоо боливол л асуудыг нь босгон ирж, АТГ ба ЦЕГ ашиглана.ккк
Хэд хоногийн өмнө М.Энхболд С.Эрдэнийг ялсанд баяр хүргэн Хадаг барин золгож байгаа харагдсан. ккк
Хамгийн гол нь С.Эрдэнэ энэ удаа М.Энхболдод зөөлөн хоол болохоор нэр төдий жижиг хүнийг АН-аас 2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, замыг нь засан туслах хүн нь юм шүү дээ. ккк
Энэ бүхний ард 2017-оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.ЭНХБОЛД нэр дэвшин бодитой өрсөлдөгчгүй ялах тактиктай байгаа бололтой юм. Иймэрхүү хар технологи нь шинэ юм биш л дээ (ОХУ-ын Б.Путин сүүлийн хэдэн сонгуулиудад дандаа тэгж ялж байлаа.)
Эцэст нь хэлэхэд: Монголын нам дамжсан Олигархиудын бүлэглэл нь АТГ, ЦЕГ, Прокурор, ТЕГ, ШҮҮХ, СЕХ, үндсэн хуулийн ЦЭЦ, зэрэгт үүсгэсэн сүлжээгээ ашиглан Монголчуудын чөлөөт сонгуулийн системийг үгүй хийж байгаа нь энэ ажээ.
Ойрын 6 сарын дотор Монголд болох улс төрийн бохир үйл ажилгааг зураглан үзүүлэхэд ийм байна.
-
2017 оны 2 сарын 06
Их эргэлзээтэй санагдаж байгаа зүйл бол “Монголын нууц товчоо”-ны зохиогч “феодализм”, “овгийн байгуулал”, тэр ч байтугай, “язгууртан”, “ардчилал” гэх мэт ойлголтуудыг мэдэж байсан гэж үү гэдэгт байна. Харин ч, зохиогч нь 1240 онд өнгөрсөн өдрүүдийн тухай өгүүлэхдээ аль нэг Чингисийнхэнд талархалтай байсан эсэхээ тодорхойлсон гэвэл үнэнд арай ойртож очихсон билээ. Чухамхүү ийм талархалтай эсэхээ зохиогч илэрхийлэхийг эрмэлзсэнээс үнэн байдлыг хохируулсан тал гарсан байж болно....
-
2017 оны 2 сарын 06
...Бид ГАМИНГИЙН СҮНСҮҮДИЙГ ОРОЙ дээрээ тахисан байна.
Цөөхөөн хэдэн МАНАНГИЙН луйварчид төрийн эрхийг сонгууль будлиулах, санал худалдаж авах замаар хууль бусаар авч, урьд зүгийн эрлийз, хурлийзуудын явуулгаар ГАЗАР ШОРОО, ТУСГААР ТОГТНОЛОО алдаж мэдэх, хууль тогтоомж үйлдвэрлэж байна...
-
2017 оны 2 сарын 03
Төрийнхөө өмнө, хуулийнхаа өмнө жирийн иргэн хүн, улс төрийн олон ургалч үзэл, өөр бодолтой хүн мөхөсдөж байгааг хараад яаж ч чадахгүй уурсан, харамсч, цөхөрч, гараа хумхин, хумсаа алгандаа шигтгэн суухыг МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэмээр байна.
Үндсэн хуулийн заалтын 6 дугаар зүйлийн нэгдэх заалтанд ”….газар,ой,ус, газрын хэвлийн баялаг төрийн мэдэлд”байж, үндэсний баялаг болох талаар заасан нь бий.
Тэхлээр эцэг өвгөдөөс уламжлан ирсэн энэхүү баялаг монголчуудын нийтийн дундын өмч мөн.
Нийтийн өмчийг төлөөллийн зарчмаар сонгогдсон УИХ, ЗГ, төрийн бусад байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шудрагаар хуваарилах үүрэгтэй.
За энэ томоохон баялгийн нэг эзэмшлийн газрыг хэн хэрхэн хуваарьлав гэдгээ нэг сэргээн санацгаая.
Хамгийн үнэ цэнэтэй газар бол хотын 1,2 дугаар бүсийн газрууд. УБ хотын иргэдийн дундын нийтийн өмч болох энэ газруудыг, УБ хот орчмын улсын тусгай хамгаалттай газруудыг эзэмших зөвшөөрлийг, ямар хуулийн хүрээнд хэн хэрхэн хуваарьллаа.
Үүнийг мартагнах учиргүй. УБ хотод насаараа амьдарсан бидний нүдэн дээр харсаар байтал АВИЛГАЛЫН журмаар тухайн үеийн хотын дарга байсан Баасанжавын үеээс эхлэн Цэлмэг,Хэрлэн,Тулга зэрэг хэдэн архитектор,инженеруудтай хамсан айн айн,ичин ичин хумслан хулгайлж эхэлсэн. Арай даруухан байсан.Энэ үед хамгийн том газар олголт Нарантуулын газрыг Баасанжав захиргаандаа ажилладаг байсан Сайхансамбууд өгснөөр сайхан үлгэр эхэлсэн.
Үүний дараанаас эхлэн БУМ болсон.
Энэ үе АВИЛГАЛЫН цэцэглэн мандлын дээд үе Н.Энхбаярын үетэй таарсан. МАХН энэ үед 72 суудалтай зориг цөс бар чацга алдуулам,сөрөг хүчин тэр чигтээ гудманд байсан.
Энэ үед монголын нутагт хамгийн үнэт зүйл алт биш хотын газар байлаа. Үүнийг мэдэрсэн хотын мэр,түүний менежер, БОЯ гурав газрын АВИЛГАЛЫН загалмайлсан эцэг,эх болж, ичингүйрч байснаа, улаан цагаандаа гарч, сүүлдээ дээрэм ,тонуул болсон.
Энэхүү газрын мангасууд бол 1 дүгээр сургууль нэг ангид төгсөөд хотын газраас болж дайсан болсон, өмнөд хөршийн цустай ангийн анд М.Энхболд,У.Барсболд, Бадамжунай нар байлаа. Тэр үеээс л Бат-Үүл бид хоёрын хүү тоглож,уйлж дуулж өссөн УИХ дэлгүүрийн арын 40 мянгатын байрны хүүхэд тоглох талбай, биеийн тамирын талбай, ногоон байгууламж бүгд ”капут” болж, төмөр бетон жунглид эзлэгдсэн.
Үүнийг Жунай,Мэ хоёр Авзагын Мэндбаярт орц бүрээс 1,2 байраар өгсөн гэдгийг өнөөгийн манай байрныхан бүгд ярьдаг.
Тэр байрыг нь хэлсэн хүн дугаарыг нь би заагаад өгсөн чадна. Лав манай орцны 6 давхарт хоёр бий.
Дараагийн газрын авилгын гайхамшигт ПИРАМИДЫГ Н.Энхбаяр, Ховдын Ц.Элбэгдорж нарын засаглалын үед БОЯ-ны сайд байсан ховдын У.Барсболд хэмээх нангиад цусны эр ангийн найз математикч Баясгалангаар дамжуулан Зайсан, тэрэлж,Хөвсгөлийн тусгай хамгаалттай газрын соруудыг авилгалаар өгсөн. Үүнийг системээрээ дуу алдан байж гэрчилнэ. Энэ бүхнээс УБ сан, УБ банкны анхны эх үүсвэр бүрдэж, түүнийг хотын захиргаанд ажиллаж байсан найдвартай хүмүүсээрээ босгож, улмаар газар даахааргүй баяжин, ХХБ-ыг авсан байх гэдгийг энгийн логикоор ойлгож болно. Мөнгөтэй улс төрч төрд хадагддагийг хэдэн хүн ойлгосон. Түүний хамгийн том нь М.Энхболд. Тэр бол Н.Энхбаяраас сүүлд ургасан эвэр. Дараагийн угалзын эвэр бол Элбэгээ гэж боддог. АН уг нь Элбэгээг ерөнхийлөгчид дэмжихдээ МАН-ын ”НИСДЭГ БОР МОРИЙГ НЬ” байхгүй болго гэж явуулсан, өөрөө ч тийм эрмэлзэлтэй байсан байх гэтэл тэр ШУДРАГА ЁС ХЭМЭЭХ НИСДЭГ БОР МОРЬ авахын оронд СААЛИЙН ҮНЭЭ болгосон гэж олон түмэн яриад байгаа нь сүүлийн үеийн үйл явдал харуулах шиг боллоо.
Улсын баатар хүн хүн гүжирддэггүй л юм бол, хүүхдийнхээ тоглоомын газар авилгалаар алдсан надтай үнэнийг л хэлэх ёстой.
Тэр нэгэнтээ ”Хэрэв СХД нэг муу газрыг дуудлагаар худалдсан үнээр тооцож үзвэл УБ хотын нийтийн эзэмшлийн газраас 67 тэрбум ам.долларын газар авилгалаар өгсөн” гэж хэлсэн.
Тэхлээр авилгал сүүлдээ аймшиг биш УЛСЫН СТАНДАРТ болтлоо хөгжиж, түүний хишгээс хүртэх хувь манай Ээбийд байгаагүй бол шалгаж илрүүлэн энэ наймааг зогсоож, эздийг нь хариуцлага хүлээлгэх байсан.
Үнэнийг хэлээтэхсэн дотор нь ажиллаж байсан Болормааг зүйл дуусгаад энэ бүх процесс ”благородный дело” мэт өнгөрснийг санаж байна.
Хэрэв МОНГОЛ ТҮМНИЙ дундын баялаг, нийтийн өмч, нөгөө хуулинд заасан газрын хэвлийн баялаг лиценз маягаар үүнээс долоон дор тоногдож, хэдхэн гэр бүл уул уулаар, овоо овоогоор нь авсны ярьвал роман болно.
Энэ бүхнийг Норвеги шиг,Чили шиг,Канад шиг зохицуулаад аль гэснээс өөрсөөд хувааж ав гэж монгол түмэн эднийг сонгоогүй тул өнөөдөр олон түмний хорсол дургуйцэл нь ийм ихээр зангирч байгаам.
Гэтэл монголын хууль хүчний байгууллагууд АТГ, Прокурор, ШҮҮХ,Цагдаа нэг нь зүрхлэхгүй томилгооны даалгавар гүйцэтгэж ямарч нэр хүндгүй боллоо. Та нар М.Энхболд, Ц.Элбэгдорж үхвэл цуг үхэж, шоронд орвол цуг орно гэж тангараг өргөөгүй байх.
Цалингийн халтар мөнгөнөөс ариун нэр төр, өсгөж өндийлгөсөн монгол зоны эрх ашиг, хөх толбо чинь юм бодуулдаггүй юм уу.
Эд нар сибирийн үүл шиг баруун урагш нүүгээд өнгөрнө. Та бүхэн байран дээрээ БУУНЫ НОХОЙ нэр аваад дараагийн эрх баригчид адлуулна.Энэ бол аксиом.
Энэ бүхнийг нуршхын учир яагаад ийм том авилгачид байхад толгойных нь үснээс нэг ч хялгас унагаахгүй, хамгаалтанд авч ”шанага” Ганболдыг томилж, толгойг нь илж, үнээ болгочихоод улс төрийн шалтгаанаар тухайлсан баривчилгаа, зорилтот гүйцэтгэх ажиллагаа явуулах, прокурорт даалгавар өгч хууль завхруулаад байна.
Энэ чинь олны нүдэн дээр үнэн гэнэн,үнэн илэрхий ялгаварласан, шудрага бус, бабаа харагдаад байна.
Улс төрийн жандармаризм монголд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ бүхнийг монголчууд зүүдлээчгүй, хүсээчгүй.
Бид үнэхээр дүр үзүүлсэн АРДЧИЛАЛЫН ТУХАЙ гоё үгээр хулхин дээрээ цэцэг ургуулж, муухай хууртаж, араараа тавиулсан хүн хорсохдоо ”яадаг” шиг боллоо.
Надтай ПДС-д соц нийгэмд хамт ажиллаж байсан миний маш сайн мэдэх ганц пиджактай, ганц байртай, хүнд өвчтэй ганц авгайтай, хэдэн шар охинтой барилгын инженер Л.Гансүхийг хөгийн хэргээр хилсдүүлчээд энэ хулгайч нартай жишдэггүймээ гэхэд цаазалвал зохих эрдэнэт хүний алтан амь бүрэлгэсэн, нас балчир охин хүчиндсэн эрүүгийн элементээс дор үзэн эрхэм прокурорууд яагаад хойшлуулна вэ.
Танар ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН МАНААНД ЗОГСДОГ эхний бөгөөд эцсийн ганцхан цөхрлийг хагалах НАЙДВАР биздээ.
ҮҮНИЙГ Л МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэхгүй бол юуг хэлэхий.
Өчүүхэн ”...Надад айх зүйлгүй,үсрээд орцонд отож гутхална л биз. Би хангалттай насалсан..”гэж Баабарын хэлснийг энд мань давтая.
-
2017 оны 2 сарын 02
Хитбуха ноёныг энд дөнгөж өргөөлж бүхийд Баалбекийн Шихнэ захирагчаар тохоон томилогдсон Шараф Хамид хэмээх Загалмай шүтлэгт Сири ноёнтон хүүгээ дагуулан ирсэн аж. Хүүгийн гялалзсан ганган хувцас, гоёлоос илүүгээр ташаандаа зүүсэн зааны ясан сийлбэрт хуйтай, дүүлж буй цөлийн ирвэсний дүрсийг тойв дээр нь гаргасан жижигхэн илд нь Аранзал охины хорхойг ихэд хөдөлгөсөнд, илдээ наймаалцахыг хүсжээ. Хүү,
- Шихнэ эцэг минь үүнийг шударга тулаанд олзолж авсан учир наймаалцахгүй гэсэнд,
- Тийм бол хоёул шударга тулаан хийгээд би ялбал чи надад энэ илдээ өгөх үү? гэж охин асуужээ.
Шихна ноёны хүү Аранзалыг дээрээс нь голонгүй хараад,
- Хэрвээ би ялбал чи надад юу өгөх юм? гэж хариу асуув.
Охин өчүүхэн ч эргэлзэлгүй маргад эрдэнэ шигтгэж хийсэн үнэт мөнгөн хэлхээ зүүлтээ хүзүүнээсээ мулт татан үзүүлбэл, Шихнэгийн хүү эргүүлж тойруулан тоомжиргүй харснаа
- Энэ чинь охин хүүхдэд л байвал таарах эд байна гэжээ.
Энэ үгэнд нь Аранзал уурсан дургүйцэж царай нь улайсан ч,
- Хэрвээ чи үүнийг голж байвал дээр нь энийг нэмэе хэмээн алтан цутгамал толио үзүүлбэл эдгээр нь лавтайяа өөрийнх нь зүүж буй жижиг илднээс арав дахин илүү үнэтэйг сайтар мэдэх хүү толгой дохиж,
- Юугаар тулалдах хэрэг вэ? гэв.
- Чиний л чаддагаар. Ингэхэд ирүүлд дуудсан хүн хэзээ зэвсгээ сонгож байлаа хэмээн Аранзал охин бардамхан өгүүлжээ.
- Дам илдээр тэмцэлдэе...
Тэдний яриаг зайнаас харж суусан Шихнэ ноён Шараф Хамид учиргүй сандарсан дүртэйгээр Хитбуха руу мэхэсхийж,
- Эрхэм дээд их ноёнтон Хитбух, энэ хөвүүдийн тэмцээн шударга биш байна. Эн тэнцүүхэн тэмцэлдээн болгохын тулд зэвсгийн сонголтыг танай ач хүүд үлдээвэл ямар вэ? гэсэнд Хитбуха ноёнтон,
- Хүүхдүүд юу таалснаараа л болог. Бид оролцоод хэрэггүй буй за. Гагцхүү хөвүүдийн хэрхэн тэмцэлдэхийг сонирхон үзсү гэсэнд Шихнэ дахин нахисхийгээд, сэтгэл хангалуун суудлаа цэхэлжээ.
Шихнэгийн хүү Аранзалаас даруй хоёр гурав ах, арван гурав орчим настай, төө хол илүү өндөр, бүдүүн хүдэр тул өөртөө нэн итгэлтэй байв. Тэр загалмайтан хүлэгт баатруудын хүүхдүүдтэй хамт Сидонд илдний эрдэмд суралцаж, хоёр гараар барин тулах хүнд дам илдийг сүрхий сайн эзэмшсэн тул түүндээ эрдэж ийнхүү дам илдийг сонгожээ. Мөн энэ жижигхэн дэрчгэр монгол хүү лавтай дам илдийг даан тулалдаж чадахгүй буй за ч гэж тооцоолов.
Өргөөний даамал Есөнхөн ноёны зөвшөөрлөөр хүүхдүүд зэвсгийн сан руу очиж өөрсөддөө таарсан сургуулилтын багавтар хэмжээний, мөлгөр ирт дам илд аваад, зүүн тойргийн ард хулсаар хашаалж зассан тэмцээний талбарт ирэв. Мөн зайлшгүй хэрэгтэй төмөр дуулга духаж, ширэн тохойвч, мөрөвч, элгэвч зүүцгээлээ.
Аранзал охин ихэд гуйсан учир Есөнхөн ноён өөрийн биеэр тэмцээнийг ахлан шүүхээр болж, удаж төдөлгүй гартаа ирүүл тулааны шүүгч барьдаг цагаан болд төмрөн бялуу барьж, үзүүртээ шаргал цацагтай өндөр шовгор малгай өмсөн, од гялалзуулан намирсан усан хөх торгон нөмрөг нөмөрсөөр гарч ирсэнд гурвын зэрэг гуулин бүрээ уртаар улин хангинаж, илдний тэмцээнд бүхнийг урин дуудав.
Хүрээнд байсан хэдэн дайчид, хэрэгт дуртай өргөөний шадруудаас гадна Аранзалын үеийн гурван охин тэмцээнийг үзэхээр хулсан хашааны захаар тойрцгоов. Дэгжин гоёмсог хатгамалт дээл сэлдэлж, босоо богтого малгай духдуулсан гурван охин нэлмэгэр ханцуйндаа гараа нуугаад, жиг жуг хийн нэгсээ тохойгоороо ёврон, өөрсдийг нь үл тоон, хөвүүн мэт хувцаслаад үргэлж хөвүүдтэй л тоглох Аранзалыг шоолонгуй, бас ёжлонгуй харахад, Аранзал хажуугаар нь тэднийг харгана бутны төдийд ч анзаарсан шинжгүй шуугин өнгөрөв. Шихнэ ноёны дагуулууд хулсан хашааны урт нэг талд эгнүүлсэн асарт суудалд ямбалан суугаад, тогосын өдөн дэвүүр хөдөлгөн ядна. Төдөлгүй Хитбух ноён, Элдэрдээ баатар, Шихнэ ноён Шараф Хамид нарын ихэс хүрэлцэн ирж, асарт суудлын голд байрлуулсан өндөр сэнтийд гарахад дараагийн бүрээн дуу хадав.
Сири тод цагаан дээлэн дээрээ бор элгэвч дарж, өндөр оройт араб дуулга өмссөн Шихнэ ноёны хүүг ноёны шадар дайчид тойрон, хувцас хэрэглэлийг нь сайтар шалган, үнэт зөвлөгөөгөө өгч, зарим нь илдний хөдөлгөөн ч үзүүлэн зааварлана.
Харин нөгөө талд найзууд нь болох гүйж харайсаар хөлсөндөө халтартсан арваад насны таван хөвүүн Аранзалыг тойроод нэг нэгнээсээ ам булаалдан зэрэг зэрэг шуугилдахад Аранзал охин ангайтал гайхаж, юу ч үл ойлгосон хэдий ч “Жа жа. Би яг тэгнэ” хэмээн толгой дохино. Тэднийг харсан Хитбух ноён, Элдэрдээ баатар хоёр инээдээ барьж ядан байхад, Шихнэ ноён юуны учир энэ Монгол ноёнтон хараажаар өөрөөс нь том чадалтай хүүхэдтэй багагүй үнэтэй бооцоотой тулах гэж буй ач хөвүүнийхээ тулаанд төдийлөн санаа үл зовон, өчүүхэн ч үл тоож буйд нь гайхан, дотроо элдвийн эргэлзээ хутган суужээ.
Бүрээ дахин огцом тасхийж, хүүхдүүд илдээ барьсаар хоёр талаас гүйлдэн гарч ирээд талбайн голд түрүүнээс хойш хөшөө мэт зогссон Есөнхөн ноёны хоёр талд ирэв. Есөнхөн ноён дуулга, элгэвч, мөрөвч, тохойвчны уяаг шалгаад,
- Зөвхөн дуулга, элгэвч, мөрөвчинд цохино. Дуулга болоод элгэвчинд нийтдээ гурван удаа хүрвэл ялсанд, аа харин нэг удаа тэнцвэр алдтал цохих, эсвэл унагаваас ялсанд тооцно. Мөрөвчинд хоёр цохих нь дуулга болон элгэвчинд нэг цохисны адил. Хамгаалалтгүй хэсэгт хүрвээс шууд ялагдах болно хэмээн халз тулааны дүрмийг танилцуулсанд хүүхдүүд толгой дохиод хойш ухарцгаан зайгаа авав. Нэг талд нь туранхай, чөргөр, халтар нүүртэй хөвүүн мэт хувцаслан, гэзэг үсээ ч нэгээр дарж гөрж сүлжсэн монгол охин, нөгөө талд нь ганган гоёмсог хувцасласан, өрсөлдөгчөөсөө хувь илүү том биетэй мариалаг сири хүү зогсоод бүрээн дуу хүлээн илдээ чанга атган зогсоцгоолоо. Хөндлөнгөөс харсан хэн ч сири хүүд бооцоо тавимаар...
Тасхийх бүрээн дуунаар Аранзал шууд л ухасхийн дайрчээ. Өмнө оролцож байсан тэмцээнд илдээ бариад биесээ анан, нэгнээ тойрон хянуур гишгэн тулалдаж сурсан Сири хүү өрсөлдөгч нь ийнхүү шуудхан шуугин орж ирнэ чинээ огтхон санаагүй тул барьц алдсан хэдий ч тосон цавчив. Гэвч Аранзал цавчилтыг нь илдээрээ ялимгүй хальт цохиж зайлуулаад, дэргэдүүр нь эрчээрээ зөрөн гарахдаа дуулганы бүч эрүүнээс нь мултраад, нүүр рүү нь орж иртэл дэлсэж орхижээ. Хүү тэнцвэр алдан урагш тонголзон хэд гүйгээд тогтов. Цээжнээс нь цус амтагдах шиг болж, дотор нь манараад иржээ.
Цээжээ урагш түрэн цэхлэн суусан Шихнэ ноён суудал дээрээ өндөсхийснээ аяархан эргэж, навтайн агчин суув. Зүүн эгнээнд харж зогссон хэдэн монгол дайчид хүд хүд хөхрөлдөж, харин юу болж өнгөрснийг төдий л үл ойлгосон Шихнэ ноёны бараа бологсод гайхан алмайрцгаав.
Өнөөх хэдэн зүггүй бяцхан халтар хөвүүд хамтран зүтгэгчийнхээ саяны амжилтад ихэд хөөрөн дээр дээр үсрэн уухайлцгааж, “Ялалт, ялалт” хэмээн шуугилдав. Үнэхээр ч ийм хэмжээний цохилтод ялалт өгөхөд ер болохгүй юмгүй. Гэвч Есөнхөн ноён ялалтыг өгсөнгүйд хөвүүдийн шуугиан ялимгүй саарав. Хитбух ноён ер сэтгэл хөдөлсөн шинжгүй хүрлийн бүхийд баруун талд нь шахангуу суусан Элдэрдээ баатар зузаан хуйхтай мулзан толгойгоо илэн, буурал соёо сахлаа сөрвөгнүүлэн, амаа ихэд ангайлгаад “Ха ха” хэмээн хөхөрч байв. Элдэрдээ баатар чухам энэ бяцхан охиныг өвөөгөөс нь ч илүү эрхлүүлэх билээ.
Аранзал эргээд хүү рүү дайрсанд Есөнхөн ноён дохио өгч зогсоогоод Сири хөвүүний дуулганы бүчийг засуулжээ. Аранзалын хоёрдахь дайралтыг уурсаж хорссон Сири хөвүүн тун сүрхий хамгаалаад сөрөг дайрлаа. Сири хөвүүний цохилтын хүч өөрийнхөөс нь хувь илүү байсан тул Аранзал аль болох хаахгүй, бултан зайлж өнгөрүүлнэ. Сири хөвүүн хоёр удаа Аранзалын мөрөвч, нэг удаа элгэвчинд хүрсэн бол, хариуд нь Аранзал илдээ элгэвчинд нь суун тустал чичээд алджээ. Хүү арайтай л унасангүй, гараа сарвалзуулан хойш хэд гишгэж, сүрхий тэнцвэр алдаад зогссонд харж зогссон хөх хөвүүд “Ялалт ялалт” хэмээн дахин үсчин бархиралдав. Есөнхөн ноён ялалтыг Аранзалд аанай л өгсөнгүй. Ийнхүү нэг хувь орчим болсны эцэст, Сири хүү тамирдаж, илэрхий сулраад эхлэв. Яг энэ үеэр Аранзал бүжих мэт дороо эргэлдэн өрсөлдөгчийнхөө илдийг суган доогуураа гаргаад тохойвчоороо элгэвч рүү нь маш хүчтэй дэлссэнд хүү нүдээ бүлтийлгэн, амаа ангалзуулан тонгосхийв. Энэ агшинд дараагийн цохилт ирж, эргэлтэнд хүчтэй савсан илд яг ар дагз руу нь хангинан буухуй дуулга нь мулт үсрэн өнхрөөд, хүү өвдгөөрөө сөхрөн, духаараа газар шаан уналаа.
“Ялалт, ялалт” гэсэн хөөрүү дуу дахиад цангинаад явчихсанд Хитбух ноёнтон тэр хөөрүү хөвүүдийн зүг хөмсгөө зангидан муухай харав. Суудал дээрээ улам агчин, нугаран суусан Шихнэ ноён Хитбух ноёнтны зүг царайчлангуй харж,
- Ертөнц дахиныг дайлан дагуулж буй Их Монголчууд та бүхний хүчин чадал, зориг золбоо аугаа их Антант баатрынхаас ч үлэмж ажгуу. Тийм атал тэмцэлдэн тулах санаа төрсөн мунхаг хөвүүнийхээ өмнөөс түмэндээ хүлцэл өчмү, би. Өршөөн болгооно уу хэмээн сүрдэн түгшин байж өгүүлсэнд Хитбух ноёнтон өдий болтол орилолдсоор буй дүрсгүй хөвүүдээс хараагаан салгаад,
- Эрхэм Шараф Хамид. Таны хүү тун сайн тулалдлаа. Зоригтой хүү байна. Гэхдээ бэлтгэл, дасгал сайтар хийлгэж байх хэрэгтэй шүү гэв. Шихнэ ноёны царай гэрэлтэж ирээд,
- Өгөөмөр их ноёнтон Хитбух. Таны үг чухам үнэн билээ. Миний хөвүүн Хасан зөвхөн амар хялбар, аятай тухтайг эрхэмлэх. Өнөө чухам хэн болохоо, бас хэрхэх ёстойгоо ч сайтар мэдэж ухаарав хэмээн бодож ихэд олзуурхана гэжээ.
Сири хүү духаараа газар шаан унасандаа шаралхаж, ичингүйрэв үү, эсвэл дотор нь балартав уу, унасан хэвээр хэсэг тонгойн байснаа босож ирэхэд царай нь чинэрэн улайгаад, нулимс нь мэлтэлзэн байв. Есөнхөн ноён Аранзалд ялалт заан цагаан болд бялуугаа зүүн талдаа өргөсөнд харж зогссон хэдэн монгол дайчид “Хэрвээ охин хүүхдэд ялагдсанаа мэдвээс энэ Сири хүү ч газраас духаа салгахгүй шинжтэй шартай хүү байна даа” гэлцсээр тарцгаав. Эцгийгээ даган бардамхан ирсэн Шихнэгийн хүү өөрөөс нь хувь илүү жижигхэн Монгол хүүд илт дутуу гашуунаар ялагдаж, гоёмсог илдээ алдаад машид гутарч, баахан гонсгор буцахад Аранзал аргадан түүнд алтан цутгамал толио бэлэглэсэн юм.
Дараахан нь Хитбух ноёнтон Есөнхөн даамлыг зориуд дуудан ирүүлээд “Тэр хэдэн дэрчгэр хөвүүдэд бяцхан ялалтандаа хэт хөөрөн баясах нь чухамхүү жинхэнэ ялалтаа баттай өөрийнх болгоход хамаг том саад болдог, тиймээс тун хурдан ялалтаа алдаж болзошгүй гэдгийг сайтар ойлгуулбаас зохистой” хэмээн онцлон захижээ.
/”Хөх илдний очис” романы Нэгдүгээр дэвтэр. II хэсэг. I бүлгээс /
Б.Номинчимэд
.
Тайлбар:
- Баалбек - Өнөөгийн Ливаны нутагт байх хот. Өнөө ч энэ нэрээрээ буй, их эртний хот болой. Трифол, Дамаскийн завсарт, Ливаны уулсын бэл хормой бараадсан энэхүү хотын ойролцоо Хүлэг хааны тугийн жанжин, Сирийн захирагч Хитбуха ноёнтон өргөөлж байсан гэдэг.
-
2017 оны 1 сарын 31
ҮГИЙН ШИД-ийн тухай хоёр үг...
Үг өөрөө энерги, асар хүчтэй шид үгэнд бий. Манай ард түмэн үгээр хүнийг аварч ч, үхүүлж ч болдог хэмээн хэлцдэг. Монголчуудыг билгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн ч гэдэг. ”Амны билгээс Ашдын билэг”, ”Ерөөлөөр болог”, ”Сайхан амны билэгтэй хүү байна” гэх мэтээр ярьж сэтгэнэ. Гэрийн ерөөл, хуримын ерөөл, даахины ерөөл, үрс гаргах, дээж өргөх, тамганы гэх мэт асар олон ерөөл, билгийн зан үйл бий. Аль болох сайн сайхан үг хэлж, сайныг ерөөж, мууг ч гэсэн сайнаар, дутуу дундуурыг ч хагас дүүрэнээр битүү илэрхийлэх нь бий. Муу үг хэлдэг хүн, айлаас ”Хар ам, хэлтэй” хэмээн жийрхдэг. Юм бүхнээс өө харж явдаг хүнийг ”Хорхой нүдтэн” хэмээн бас л аягүйцнэ. Тийм хүмүүсийн үг унасан газарт, хараа туссан орчинд заавал муу энерги үлдэж хоцордог гэдэг. Нэг тод жишээ нь энэ сайтууд дээрх сэтгэгдлийн жишээнүүд юм даа.
Манай ард түмэн сайнаас мууг нь түрүүлж олж харах биш, муугаас сайныг нь ухаж гаргахыг эрхэмлэдэг зарчимтай байж. Шүүмжилж зассан ч харааж элэглэх, буруутган гутаах бус зөвшөөж буюу зөвлөж эелэж засахыг эрхэмлэнэ. Өнөө л харин энэ их бүдгэрч, зарим тохиолдолд эсрэгээрээ эргэчихээд байх шиг.
Үүгээрээ магад бусад үндэстнээс хувь илүү. Өнөөх билгэдэлт сэтгэлгээнийх нь илрэл, үгийн хүчний далд ертөнц буюу энерги, эфирэн орчинд үйлчлэх нөлөө, шид хүчийг нь сайтар танин мэдсэний үр дүн.
Өнөө судлаач эрдэмтэд үгийн эрчмийг нэлээд судалж байх шиг байна. Японы нэг судлаач эрдэмтний туршилт маш сонирхолтой.
Ялангуяа уран бүтээлчдийн үг илүү хүчтэй тусах нь бий. Учир нь үгийн чадлыг, үгийн шидийг хэр эзэмшиж чадаж буйгаар нь уран бүтээлчийн ур чадвар илэрдэг хэмжүүр бий. Дэлхийн томоохон уран бүтээлчид бүгд хүмүүний оюун тархи, зүрх сэтгэлд шаардлагатай газарт нь үгэн сумаар гарцаагүй мэргэн онож чаддаг жинхэнэ үгийн мастерууд байдаг. Уран бүтээлчид үзэгдэл юмсыг зүрхэндээ асар хүчтэй мэдэрч зарим нь хагас солиорлын, эсвэл гүн бясалгалын түвшинд хүргэж байж үгээ шившин тавьдаг учраас тийм хүчтэй байдаг. Тиймээс уран бүтээлчдийг үгээ цэнэж, аль болох муу ёр ёрлосон шүлэг, зохиол туурвихгүй байхыг сануулдаг. Тийн туурвисан уран бүтээлчдийн амьдрал яг түүгээр нь болдог, бичигдээгүй хууль, тайлагдаагүй нууц, хачирхалтай давхцал бий. Нэрсийг нь жагсаавал их олон.
Нобелийн шагналт Б.Пастярнак энэ талаар бүр ”Гэрээслэл” хэмээх шүлэг ч бичсэн.
”Яруу найрагчид аа, үхлээ бүү шүлэгтээ зөгнөөрэй
Яагаад гэвээс чиний үхэл шүлгийн чинь мөрөөр амилж ирнэм” гэсэн маягтай. Би яг үгчилж санахгүй байна.
Дашбалбар багш маань ч мөн шавь нартаа бараг гэрээслэл маягаар ямагт хэлдэг байсан үг нь бий. ”Та нар шүлэг зохиол бичихдээ битгий муу ёрлож байгаарай. Гутруу гундуу үзлийг бүү зарлан тунхаглаж байгаарай. Яг түүгээр чинь болдог юм шүү.” гэдэгсэн. Өөрийнх нь шүлгийн мөрүүд дэндүү гэгэлгэн гэгээлэг. Яг л гол усан намуухан урсах мэт.
Үгийг давтах бүр хүн тэр үгнийхээ эрчимд орж, илүү бясалгаж, гүн мэдэрдэг, өөрийн болгох төдийгүй амьтай мэт болгодог. Тиймээс л ”Худлыг мянгантаа давтвал үнэн болдог” гэдэг буй за. Давтах тусам тэр үг биежиж байдаг байх нь. Манай монголчууд мөн ”Хэлэхээс өмнө бодох, Хийхээс өмнө хэмжих” ч гэлцэнэ. Энэ зүгээр нэг холбоц мөр төдий биш шүү.
Үгийн энэ мэт шидийг дэлхийн бүхий л Шашнууд маш өргөн бас идэвхтэй ашигладаг. Бүх л мөргөл, өргөл, ерөөл, хараалууд шашин бүрд бий. Бөөгийн дуудлага тамлага ч мөн адил.
Тэр дундаа Бурхны шашин энэхүү үгийн эрчим, чадлыг жинхэнэ утгаар нь шавхан ашиглаж чаддаг санагддаг. Тэрхүү Тантрын тарниуд бол чухам бүхэлдээ асар хүчирхэг энергийн урсгал.
Товчхон доо ийм...
Хамгийн олон удаа давтагдсан нэн хүчирхэг энегитэй үгс бол тарни гэдэг. Тэр дундаа маань.
Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амгалан орштугай. Ум мани бадми хум...
Сэтгэгдэл 0
85798 14134
-
2017 оны 1 сарын 30
УДААХ УРВАЛТ
Гэнэтхэн Юсуф султаны мянгатууд хамгаалж байх учиртай зүүн жигүүрийн наагуур хөмөглөн халхалсан намхан дэнж дээгүүр саран сүлд сэрэлзүүлсэн морьтнууд бүрхэн гарч ирэв. Ар араасаа эцэс төгсгөлгүй цутган хөвөрсөөр буй тэдгээр морьтнуудын манлайд гил хүрэн хүлэгтэй, өндөр мөрөвчтэй давтмал ялтсан хуяг агссан махигар эр илд хуруйлан эргүүлсээр шунган давхих нь лавтай өнөөх бахричуудын тэргүүн Бундуктар аж. Чухам монгол, түрэг цустнууд л тийнхүү илдээ хуруйлах билээ. Түүний ард шар дэвсгэрт арслан сүлд нь тодхон харагдана. Тэгэхээр энэ цутган асгах морьтнууд бол Юсуф султаны хамгаалалт сэтлэн гарч ирсэн цохилтын цомхон анги биш, харин цөс ихт бахричууд голлосон Кутузын баруун жигүүрийн түмт бүтнээр болох нь. Бундуктар өдрийн Яамух Буурын довтолгоонд яйртал цохиулсан Кутузын баруун жигүүрийг аваад арагш хол шидэгдэн, тулааны талбараас гарсан билээ. Гэтэл өнөө гэнэт зүүн жигүүрээр хамгаалалт үгүй хоосон цулгуй газаар ирж буй мэт ийн хормын зуурт давхин гарч ирэх нь юуны учир билээ.
Тулааны талбарыг ажиглан Назарын өндөрлөгт зогссон Хитбух ноёнтон болон түүний нөөцөнд үлдсэн хэдхэн зуутынхан үүнийг үзээд ихэд гайхан цочирдов.
Саран сүлдэтнүүдийг тийн гарч ирэхтэй зэрэгцэн дэнжийн хойт үзүүр нийлэх Голиом уулыг бэллэн мөн хоёр морьтон цувралдан гарч ирлээ. Цогин ядаж буйг нь үзвээс морьд нь ихэд сульджээ. Тийн атал тэдний араас хорь гучин морьтон сүүл даран нэхэн гарч ирэх нь тэр. Нэхэгчдийн морьд хурдан, нэн даруй гүйцэх янзтай. Өнөөх хоёрын түрүүнд яваа нь дуулгагүй халзан толгой гялалзуулан, мориныхоо дэлэнд наалдаад, хүзүүг тэврэн явах агаад нуруунд нь зоогдсон хоёр сум гозолзон үзэгдэв. Шархтайгаа хамгаалан дагах нөгөөгийнх нь дуулганы оройд улаан соновтор зурвас харагдах нь лавтай Хөх тугийн монгол зуутан болов. Дуулгатан гэнэтхэн эргэж сум тавьсанд дөхөж явсан өндөр цагаан чалматай түрэг дайчин эмээлээсээ ховх үсрэн тэртээ хойно чулуудагдав. Чухам аймшигт ац зэвээр аянга мэт тийн харваж чадах нь Юсуф султантай хамт зүүн жигүүрийг хамгаалан байсан тавьт цэргийн ахлаач Хүрэлхү хошууч л билээ.
Хитбух ноётны зүүн талд зогсох Үлэмж мэргэн зүүн гараа дохих төдий Ажираа аравтан тэднийг тосохоор ухасхийлээ. Гэвч тэднийг хүрэхээс өмнө Хүрэлхү хошуучын хүлэг хөл алдан таварцаглан унав. Араас нь нэхэгчид завсар чөлөөгүй сум тавьцгааж байсан тул суманд оногдоо биз ээ. Хүрэлхү таварцаглаж буй мориноосоо жолоо хаян хөл дээрээ гүйлгэн буухад улаан соновторт нуман хөмсөгт болд дуулга нь сайр чулуунд хангинан дуугарсаар тэртээ холд өнхрөв. Тэгээд илдээ сугалаад хоёр гартаа бат атган баруун мөрөн дээрээ бариад, араас нь хошууран ойртож буй бахричуудын өөдөөс бөгтийн гүйлээ. Түрүүчийн морьтон мориныхоо буруу тал руу налан цавчсанд Хүрэлхү ноёнтон гэнэтхэн татсан нумын хөвч мэт гэдэсхийн цавчилт өнгөрөөх зууртаа мориных нь хөлийг нарийн шилбээр нь хянгардаж орхив. Ийн морины хөл хянгардахыг монголчууд тун амь тулсан, гарцаагүй эрс хэцүү үед л хэрэглэх билээ. Залгаж ирсэн хоёр морьтон баруун зүүгээр нь зэрэгцэн орж, түүний араас бас нэгэн урт жад сунган ирэхэд Хүрэлхү ноёнтон баруун талынхаа морьтны цавчилтыг дотроос нь өлж цохин, зүүнээс буух илдний ир дор хаалт тавьж өнгөрөөгөөд тулж ирсэн жадан дээгүүр “жад өнхрүүлөх” мэхээр гарч, жадаа даган бөгтийж явсан лал жадтаны ил гарсан шанаа хүзүү дагуулан эгэм рүү нь илднийхээ тэхий дунд ортол бүлж орхилоо. Тэгээд түүний морины хондлойгоор нуруугаараа эргэн буух завсраа илдээ далайсан нэгэн морьтны улаан суга руу тийрсэнд, лал дайчин илдээ ч буулгаж амжилгүй эвхрэн хийсэж буй нь харагдлаа. Төдөлгүй хорь гучин морьтон Хүрэлхү ноёнтныг нөмрөн авч, илд жад гозолзон, тоос манараад, хэрхэн тэмцэлдэж буй нь үзэгдэхгүй болоод явчихсанд баатар зоригт эрийнхээ бахтай сайхан тулааныг бахархан харж, дуу алдан эмээл дээрээ өндөлзөж байсан өндөрлөгийнхөн нам чимээгүй болж, хэрхэхийг зүрх түгшин хүлээлээ.
Ажираа аравтнаас нэг нь салаад түрүүлж явсан шархтныг тосон цулбуурдан эргэхэд бусад нь шуудхан өнгөрч илдээ хуруйлан шуугин давхилдсанд бөөгнөн бужигнаж буй олон бахри лалууд орилолдон ум хумгүй зугтацгаалаа. Тэгэхүй саях бачим тулааны ор мөр ил гарч, лавтай долоо найман хүн гулдайн үлдээд, Бэсүдийн цоглог хөвүүн Хүрэлхү хошууч хөл дээрээ илдээ атган торойтол зогсож эс харагдсанд өндөрлөгт харан зогсогсод бүгдээр харуусан шүүрс алдаж, гашуудан гашуудан халаглацгаав.
Хитбух ноёнтны нүдэнд Хүрэлхүгийн сэргэлэн цовоо нүд, үргэлжийн хошигнож, ёжтойгоор мушилзан байдаг хүүхдэрхүү царай нь харагдах шиг болсонд зүрхээр нь ширхийтэл хатган, дотор нь харанхуйлав.
- Ай халаг, ай халаг гэж... Хүү минь, Хөх тугийн их цэрэг эр минь. Ай халаг гэж, мянган дайчнаар ч солимгүй сортоо төгс дайчин минь. Яруу алдраа гүйцээж чадсангүй еэ. Даанчиг залуухан чи минь хэмээн гаслан гаслан өгүүлэв.
Хүрэлхү хошууч хорь дөнгөж гарч буй ч Хошууч хэмээх эрхэм алдраа Хүлэг хаанаас өргөгдсөн, аюулт хорон Уулын өвгөний бэрх хэцүү ичээ Аламут цайзын араар хаших өндөр сүрлэг хадат хэрмийн дээрээс гурван залуу дайчны хамт 70 алд аргамж залган буугаад, гэнэтхэн араас нь довтолж сандарган, хадан хаалганых нь оньсыг мулт цохиж чадсан, Багдад балгадыг довтолход баруун дүүрэгт нь хамгаас түрүүнд хүрээд гал тавьж бужигнуулсан авхаалж самбаа, эр зориг төгс, хожмоо хол ойрд алдраа дуурсгах их баатар эр болох нь гарцаагүй элдэвтэй шалмаг идэр залуу баатар билээ.
Энэ зуур тэртээ дор дэнж дээр Бундуктар хүрэн халзан морио эргэцүүлэн, илдээ занган захирамжилж, цэрэг ангиа хоёр хуваан давшуулсанд их хэсэг нь болох нэгэн түмтийг Кутузын зүүн жигүүрийг хумин, төврүү нь сүрэг хонь хашаанд хаших мэт бөөгнүүлэн шахаж буй Байдар ноёны мянгатуудын араас ухасхийлдэв. Харин Бундуктар өөрөө нэгэн мянгат илүү цэрэг дагуулан, Хитбух ноёны хараа их Хөх туг намиран буй Назарын өндөрлөгийн зүүн бэл өөд эргэв.
Хитбух ноёнтон хөмсгөө нумруулан, хөмхийгөө зуугаад, дэргэдээ байсан Начин баатарыг Байдар ноёны араас довтолгон буй бахричуудын түмтийг хажуугаас нь таслан хирчүүлэхээр довтлуулав. Начин баатар илдээ сугалаад “Тэрсүүд муусайн боолуудыг тэнгэрийн хүчээр ниргэсүгэй” хэмээн барим бүдүүн дуугаар бархирч, тэмээн бөмбөр нижигнүүлэн гурван зуутаа аван баруун налуу уруудан пижигнүүлэн тоосруулан буулаа. Тэд мянга мянгаараа довтолгон буй дайсны сүргийн хажуу хавирганаас сүрэг хонинд довтолгох хөх чоно мэт хүзүү сунган, эрээн хавиргат ятуун сүрэгт довтолгох эдлэг шонхор мэт жигүүр хумбин шунган дайрцгаалаа.
***
Нуруундаа сум зоолгосон нүцгэн толгойт эрийн сульдсан морийг хөтөлсөөр Ажираа аравтан цэрэг цогиулан ирэхэд дөрвөн цэрэг явгалан тосож, шархдсан эрийг эвлэн өргөж мориноос нь буулгаад мөрөндөө өргөн Хитбух ноёны өмнө хүргэв. Тэр бол Хонгирадын Элдэрдээ баатар байлаа. Баруун гартаа бат атгасан илднийх нь үзүүр газар зуран чирэгдэнэ. Тэрбээр Юсуф султаны хамт зүүн жигүүрийн цэргийг засалцаж байсан хэрэг. Хитбух энэхүү энэ мулзан толгойт бахим чийрэг эртэй хар багаас ижилсэж, олон ч бахтай сайхан ялалт дагуулсан дайн тулаанд мөр зэрэгцэн явсансан. Хитбух ноён мориноосоо үсрэн бууж, дуу алдан толгойг нь түшин авсанд Элдэрдээ баатар нүдээ нээв.
- Хит...бух, анд минь .... чи .... юу? Үгээ зөөж ядан өгүүлнэ. Хэлэх бүр завжнаас нь нөжирсөн цус бялдан гарч байлаа...
- Элдэрдээ, Анд минь. Даанчиг яавдаа.
Харцнаас чинь
Харьтны илд
Халирч далийгаад
Хальт тусдаг биш үү?
Эрэмгий зоригоос чинь
Эрчлэн ирэх сум
Эмээн халираад
Эвхрэн нугарч
Эгц өмнө чинь унадаг биш үү? Юу болох нь энэ билээ?
- Хитбух, анд минь чи сонс, ... Адгийн муу урвагч ноход л араас хутга шаадаг шүү дээ. Түүнээс Элдэрдээ би өврөөсөө хэрхэн сум зоолгох билээ. Юсуф ... Юсуф муу адгийн шарваач жингэр юм. Түү... нийг султан гэж үүнээс хойш бүү дуудтугай. Урваач, шарваачид зөвхөн муу нохойн нэр, муу нохойн үхэл зохино. Юсуф муу нохой... Бундуктарт урваж, цэргээ аван биднийг эргэж бүчин дайрав. Бэсүдийн Хүрэлхү хөвүүн, Жалайрын Самух өрлөг, бас Жалайрын Бужиндай бид тэр муу нохойн толгойг тасдан, Хөх Тэнгэрийн шүүлэг хийсүгэй хэмээн довтолсон ч тооны олонд бүчүүлж эс чадав. Тэнд байсан Хөх тугийн тавин эрс бүгд эр баатрын ёсоор илдээ тавилгүй цавчилдаж, муу нохдын сүргээс лавтай таван зууг тонилгож, лалын орных нь тамд таатай сайхан илгээлээ. Тэдний яруу алдрыг тэнгэрт ямагт дуурсгаж явах болтугай. Гэвч муу нохос цавчиж үл дуусах бөлгөө. Өнөө Юсуф муу нохойн гөлөг гурван мянган өлөн жингэрээ дагуулаад Бундуктарын ар сүүдэрт очиж хоргодов гээд түр амсхийв.
Хитбух баривгар хуруутай бахим гараараа Элдэрдээ баатарын толигор нүцгэн духыг нь илбэнэ.
- Хитбух, чи сонс. Чам лугаа...., Хитбух хэмээх энэ ертөнцийн нэгэн их баатар эртэй мөр зэрэгцэн, ертөнцийн харанхуйг илдний ирээр ярсаар энэ алс Ливаны наран шингэх хязгаар хүртэл давхилдсандаа Хонгирадын Дүүрэн сэцэний хүү Элдэрдээ би хувь заяа, тэнгэр бурхандаа мянгантаа талархаж явдаг билээ. Түүнээ өнөө чамд амжиж хэлэх гэж ирэв. Сэтгэл минь тэр билээ...
Хоолойг нь нөжирсөн цус бөглөхөд хахаж цацан хэсэг гацав. Тэгээд гүн амьсгаа аваад,
- Хитбух, баатар дайчин анд минь. Өчүүхэн миний сүнс Монголын их тал нутагтаа эргэж төрөөд, эрх таваараа исгэрэн дуулж явах болтугай хэмээн чи намайг ерөөсүгэй. Чи санаж байна уу? Арван гуравтай хөвүүд бид Их Хянганы хяраас Улзын урд ухаа хүртэл мянга мянган хүлэг агтас туугаад их талын нүд алдам уудмыг туулан давхиулж, дарвиж шуугиж явсансан. Эргээд тэндээ уулзацгаая. Эрхэм сайхан анд минь. Сайхан даа, Их тал нутаг минь. Өнөө намар цаг нутагт минь ирж буй. Өвсний толгой нь шарангуйлж, өндөр хөх тэнгэрт нь сэмжин үүлс... гээд үгээ гүйцээж чадсангүй, Айн-Жалудын орог саарал тэнгэрт эх нутгийнхаа сүүн ээдэм шиг сэмжин цагаан үүлсийг эрэх мэт бүргэд хурц нүдээ тэнгэр өөд тас ширтсэн хэвээр Элдэрдээ баатарын амь гарч, нутгаа тэмүүлсэн сүнс нь хүсэн санасан хөх Монголын их талын зүг нисэн одоод, хүчит баатар бие нь хөсөр гулдайн сулрав.
Ээ, хайран мину
Эрийн чинээ эр билээ, чи мину
Эгэм мөрөндөө бядтан билээ
Эртний ихэсийн үлдэл билээ
Ээнэгшин дассан анд мину
Ээ, элэг зүрх мину,
Эрслэх олон дайсан үзээд
Эргэж буцахыг үл мэдэн,
Эрчлэн шуугиж ордог
Элдэрдээ баатар мину
Нулимс мину, анд мину
Нугарч ер эргэдэггүй учир
Нуруу юугаа үл хуягладагсан,
Дуурсан эрчлэх илдтэй учир
Дуулга ер духдуулдаггүйсэн
Хайран хайран анд мину
Харь муу дайсан дунд
Харах нүдээ үл цавчин
Хатгалдан шунгаж ордог
Хатуу зоригт баатар мину,
Ай хайран анд мину,
Араандаа атаатнаа зуун төрсөн
Арслангийн зулзага юмсан, чи мину
Ар газар тоглож өссөн
Ажнай сайн хүлэг юмсан чи мину
Ай, анд мину, намайгаа юунд өнчрүүлэв хэмээн Хитбух ноёнтон Элдэрдээ баатарын зузаан хуйхтай мулзан толгойг элгэндээ тэврээд тэнгэр өөд дуудан дуудан ухилав. Тэгээд “Их Монголын Хөх тугийн дайчин цэрэг эр, Хонгирадын Дүүрэн сэцэний хөвүүн Элдэрдээ баатарын ариун сүнс нь Хөх Монголынхоо их тал нутагт саадгүй түргэн нисэн очтугай” хэмээн ерөөн загалмайлсанд бүчин зогссон олон баатар эрс түрэн нирхийлгэлээ.
Элдэрдээ баатар Тогучар хүргэний түмтэд багтан анхны алс аянд мордоод, Сартуулыг ихэд даралцаж, Тогучарыг буруудсаны хойно Зэв ноётны өмөгт очиж, Мухамед Шагийн зугтаж явахдаа чадлаараа хавчиж асан сүүлнийх нь үзүүрт гал асаалцаж явжээ. Түүнээс Муган, Курын алдар цуутай их тулаануудыг үзэж, хадан цохиот, мөсөн халилт их Кавказыг мориныхоо туруунд үхрийн шир углаж, шилбийг нь хөөврөөр хулдан байж даваад, арагш нь хаврын цасны уруй шиг нүргэлэн бууж, алан, куман тэргүүт зургаан үндэстний их цэргийг бут ниргээд, цаашлан Оросын их вангуудын тоолж үл барам их цэргийг Калк голын хөвөөнөөс Днеприйн дээд хүзүүвч хүртэл цувуулан хяргаж явсансан. Түүнээс нааш энэхүү Айн-Жалуд хэмээх армаг толгодын хөвөөг дагах бяцхан голд иртэл Элдэрдэй баатарын туулсан зам, тулсан дайсныг тоолж үл барнам.
Оросын вангууд, Булгар, Хивчагууд, Хар малгайтнуудын их хүчин Днепр мөрнийг уруудан давшихад мөрний гатлага хамгаалан үлдсэн Харачар мэргэний мянгатад үлдэж, гол хүчнээ алс зувчин ухрах цаг гаргахын тулд Орос, Хивчагийн нийлсэн есөн түмэн цэргийг нь гурав хоног тогтоон бариад, эцэст нь хүчин мөхөсдөж, бүгд тэр мөрний хөвөөнд өчүүхэн ч харамсахгүйгээр ясаа тавьцгаахад чухам долоон голтой догшин зээх мэт гуравхан цэрэг амьд үлдсэний нэг нь Элдэрдээ баатар юм. Тэд амьд тэсэн үлдээд зогсохгүй Эрэмгий Мистиславын цэргийн хүнсийг голд живүүлэн, хамгаалж явсан Оросын алдарт Иполит баатар, Хотян хааны дүү Исмалит нарыг баривчлан гар хөлийг нь хоньчлон дангинатал хүлээд, өвчүүн завины голд шидэж, Днепр мөрөн уруудан хоёр талдаа харвалдан зугтсаар, мэнд мултарч, Зэв ноёндоо ирж нийлсэн, ер элдэв хэцүү бэрх дайн тулаан, аян бүхнээс исгэх шарх ч үгүй гардаг тул хуяг дуулгыг үл тоох баатар нэрийг бардан байж авсан эрэмгий дайчин билээ. Энэ мэт түүний адал явдал, алдар гавьяаг нь тоолж үл барах бөгөөд хожмын өдөр Хөх монголын хөрслөг хөвүүд нь эрхэм сайн баатар эрсийнхээ эрэлхэг сайхан энэ мэт түүхийг үлгэр домог болгон өгүүлэн хэлэлцээд, бахдан баясан суух буй за хэмээмүй.
Ер тэр цагаас эхлэн Хөх тугийн их хүрээн дунд Элдэрдээ баатар хэмээн нэр түгэж эхэлжээ.
***
Ажираан аравтнууд эрэлхэг сэргэлэн сүнс нь хэдийнэ орхин одсон Хүрэлхү хошуучын арвантаа жадлуулж, хоринтоо сийчүүлсэн цогцсыг эгнээ жадан дээр тавьж, мөрлөсөөр хүрч ирэхэд Хитбух ноёнтон тосон очиж, цэлмэг тунгалаг харцаар ширтсээр буй сайхан хар нүдийг нь аниулан, зовхийг нь илээд, духан дээр нь үрээ үнэрлэх мэт хайрлан үнэрлэв. Цэл залуу Хүрэлхү хошуучын уруул завжинд өнөөх уужим ёжтой мушийлт нь тэр хэвээр царцаж үлджээ.
Адтай сэргэлэн дүү минь
Ариун сайхан сүнс чинь
Ар Ононгынхоо хөвөөнд
Ахин төрөх болтугай хэмээн Хитбух ноён мөн ерөөл өргөөд, Элдэрдээ баатарын хамт илдийг нь хоёрт гарт нь бариулан, элгэн дээр нь авхуулаад зэрэгцүүлэн алс Ливаны уулсын баруун үзүүрт агч Назар өндөрлөгийн оройд оршоов.
Энэ зуур Бундуктар цэргээ дахин засаж, Байдар ноёны араас ороон тойрохоор довтолж буй түмтээсээ нэгэн шилдэг мянгатыг салган Начин баатарын гань галзуу түрэлтийг саатуулан зогсоохоор тосуулсанд, хавцал өндөр хөндийн хоёр талаас шуугин орж ирээд мөргөлдөх уруйн их үер мэт хоёр цэрэг хоёр талаас шуугин хашгиралдсаар нижигнүүлэн тулав. Бундуктар өөрөө мянгатаа дагуулан Назар өндөрлөгийн урд бэл өгсүүлэн дөхөж буйг үзсэн Хитбух ноёнтон дэргэдээ үлдсэн хоёрхон зуутныг Үлэмж мэргэнээр манлайлуулан Бундуктарын мянгатын өөдөөс “Өвчүүг нь яртугай. Бид Бундуктарын зүрхийг сугална” хэмээн тосуулав.
Одоо Хитбух ноёнд Хөх тугаа хамгаалан хажууд нь үлдсэн Арсланхүлэгт баатарын тавин турхагаас өөр нөөц үлдсэнгүй, Кутузыг бүрмөсөн нуга дарахын тулд тэр бүх хүчээ шавхаад байсан билээ. Хэрвээ Юсуф султаны мянгатууд энэхүү зүүн жигүүрийг дахиад гурван мөчийн төдий тогтоон барьж чадсансан бол Кутузын гол хүчин болсон хоёр түмтийг Байдар ноёны мянгатууд зүүнээс нь ороон хашиж, Долдохур догшины мянгатуудын илдэн дор шахан оруулж байгаад үйртэл нь цохиж, цайтал нь цавчилж орхих байсансан. Тэгсний ард энэ Бундуктарын бахричууд юу ч болох билээ.
Үлэмж мэргэн үзүүр гарган довтолгох Бундуктарын мянгатын өөдөөс өөдөөс эгцлэн очсоноо давхил дундаа харвасаар зуут зуутаараа хоёр тийш ярагдан бүхийд Хитбух тавин турхагаа аван, өндөр Хөх тугаа жавхлантайгаар намируулсаар голд нь гарсан сиймхийгээр Бундуктарын “Зүрх сугалах”-аар ухасхийн дайран орлоо.
.
/Хэсэглэн авав/
Б.Номинчимэд
Тайлбар:
1. Айн-Жалуд хэмээх нэртэй өнөөгийн Израилийн өмнөд хэсэг, Иерусалимаас төдий холгүй газарт болсон тулаан нь 1260 оны 9 сарын 3-нд болсон юм. Уг тулаанд Монголчууд 10-15 орчим мянга, Мисирийн буюу Египэдийн Киарийн мамлюк тэргүүтэй лалын нэгдсэн хүч 30 гаруй мянган цэрэгтэйгээр тулсан бөгөөд Монголчуудын нэгэн жарны тасралтгүй ялалтын цувраа энд тасарч, 10 мянга гаруй монгол дайчид тэр элсэрхэг нугад ясаа тавьсан байна.
2. Хитбух - Хүлэг хааны тугийн жанжин, Найман овгийн, загалмайн нестор урсгалыг шүтэгч хүн. Сирийн захирагчаар томилогдон, Мисир хүртэл дайлах аянд бэлдэж байсан.
3. Юсуф султан - Сирийн султан, Монголчуудад дагаар орон, цэргээ авч, Хитбух ноёны нэг жигүүр болон Айн-Жалудад очсон ч маш эгзэгтэй мөчид урваж, тулааны хувь заяаг өөрчилөх нэгэн сэжүүр үүтгэсэн..
4. Бундуктар султан - Бибарс султаны нэр. Түрэг, хивчаг угсааны хүн.
5. Кутуз - Киарын анхны мамлюк султаны Айбегийн дотнын хүн байгаад, эзнээ алж төрийн эргэлт хийгээд Султан болсон хүн. Өөрийгөө Сартуулын Хорезм шах Мухамедийн угсааны хүн гэдэг байжээ.
6. Мөч - Монголчууд цагны дөрөвний нэгийг буюу 15 минутыг мөч гэж нэрлэдэг. Гурван мөч гэдэг нь дөчин таван минут болно. Мөн минутыг Хувь, секундыг Хурам гэх.
7. ”Зүрх сугалах” - Монгол цэргийн байлдааны нэгэн тактик.
-
2017 оны 1 сарын 29
АГААРЫН БОХИРДЛООС Ч ИЛҮҮ ХОРТОЙ
Нэг эмээ над дээр зургаан настай ач охиноо дагуулан ирж хичээл заалгадаг юм. Нөгөө сэргэлэн цовоо зантай охин чинь нэг л явж өгөх янзгүй, байн байн шилэн хүзүүгээ шилгээгээд байна. Тэгээд гар утас их тоглоогүй биз дээ гээд асуутал түүний хариуд: ”Гар утас ч учиргүй тоглоод байдаггүй юм. Харин зурагт үзнэ гэж нөхцөлгүй. Урьд шөнө бараг 12 цаг өнгөртөл зурагт үзсэний гороор өнөөдөр ингэтэл ядраад байгаа нь энэ.” гэлээ.
Зурагт цаг наргүй үзэхийн горыг түүнд тайлбарлан хэлж өгөөд сууж байтал манай сургалтанд явж байгаа оюутан залуу орж ирлээ. Тэр таван настай бяцхан дүүгээ хагас бүтэн сайны шатрын сургалтанд суулгах санаатай гэнэ ээ. ”Боломж байвал одоо ч аваад ирсэн болно шүү дээ.” гэтэл өөдөөс харин: ”Одоо эмнэлэгт хэвтэж байгаа л даа. Зурагт шөнө орой болтол үзсээр байгаад нойрны хордлого хэмээх оноштойгоор эмнэлэгт хэвтчихсэн. Хагас бүтэн сайн өдөр гэхэд гарчих байх аа.” гэх юм.
”Нойрны хордлого гэж ямархуу шинж тэмдгээр илэрдэг өвчин байна вэ?” хэмээн гайхширан асуутал ”Нүд нь анивчаа болохын сацуу булчин нь чангараад байдаг болсон.” гэдэг байгаа.
Бид ”агаарын бохирдол”, ”гар утас”, ”компьютер тоглоом” зэрэгт анхаарлаа хандуулаад байтал ар хударгаар маань ”зурагт хэтрүүлэн үзсэний” харгайгаар ”нойрны хордлого” нэрт шинэ өвчин балчир үрсийн маань зүг сэмээрхэн гэтээд ирсэн байна шүү.
Цэцэрлэгийн багачуудад ”Гэр бүлийн хүчирхийлэл” нэрт хичээл орох зайлшгүй шаардлагатай юм байна гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад эхлэсэн. Тав зургаахан настай хүүхдэд тийм зүйл заагаад ойлгох болов уу даа? Харин зурагт, гар утас, компьютер тоглоом зэрэг чимээгүй хүчирхийлэл ямар хортой хийгээд, уршиг дагаврыг нь тэдний ойлгогдох хэлээр эвтэйхэн тайлбарладаг байвал түүнээс хавьгүй илүү үр дүнтэй ажил баймаарсан даа.
Энэ мэт цахим дэлгэцийн хамаарлын сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд бүгдээрээ эртнээс анхаарахгүй бол эцэс сүүлдээ агаарын бохирдлоос ч аюултай маш хүнд уршиг дагаврыг нийтээрээ амсаж мэдэх юм шүү.
-
2017 оны 1 сарын 28
...Учир нь алтан зулын оронд металл алт, цалин мөнгө, түүний дотор төрөл бүрийн ашигт малтмал байсан ч ялгаагүй “хөгийн өвчин” тусгадагт асуудлын мөн чанар оршино. Ингээд өмнө нь хэсэг хэсгээр нь орчуулан хүргэж байсан мөнөөх номын нэгэн бүлгээс танилцуулж байна…
-
2017 оны 1 сарын 27
ХӨӨРӨГ ба ДААЛИН
Хамрын тамхийг утаа гаргадаг улаан тамхитай харьцуулбал хажуудах хүнээ хордуулах нь бага. Гэвч яг татаж байгаа хүнээ хордуулах чанар нь утаа гаргадаг улаан тамхинаас дутахааргүй юм. Бараг илүү ч байж мэднэ. Уушигны нүх сүвээр чихсэн байдаг гэнэ лээ.
Бас хүний тархи мэдрэлд нөлөөлнө. Тиймээс Хамрын тамхи нь нэгэн төрлийн мансууруулах бодис л юм. Энэ хорт бодисыг хадгалдаг савыг ХӨӨРӨГ гэнэ. Хөөргийг янз бүрийн үнэт чулуугаар хийж гангарах моод 17-р зууны үеээс дэлгэрчээ.
Хамрын тамхи нь Монголд бараг шарын шашинтай хамт орж ирсэн байж магадгүй юм.
Эртний ном сударт, хамрын тамхины тухай бичснийг би олж хараагүй юм байна. Жишээлбэл: Нууц товчоонд Чингис хаан, Ван хан Тоорил нар хөөрөг зөрүүлж, мэндчилж байлаа гэх ч юмуу тиймэрхүү өгүүлбэр л лав харагддаггүй юм. ккк.
Тэр хорыг хадгалах савны гадуурхи уутыг ДААЛИН гэмой.
8-р Богдын даалинг томруулан хийж, ГЕНЕСИЙН дээд амжилтын тэмдэглэл гэх номонд бичүүлнэ гэж байгаа бололтой юм.ккк.
Барууны ертөнцөд Баячууд нь ЦАГААН НУНТАГИЙГ хамрын тамхи мэт хэрэглэдэг.
Тэд нарт л ЦАГААН НУНТАГАА иймэрхүү Үнэт чулуун саванд хийгээд, Гадуур нь ИЙМ хээ угалзтай уутанд хийж, биедээ ойр авч явцгааж бай гэж зөвлөх хэрэгтэй юм ккк.
Барууны Баячуудад ТАНСАГЛАХ мэдрэмж байдаг бол Манай ёс заншил нэвтрэн дэлгэрч мэдэх юм шүү. ккк.
-
2017 оны 1 сарын 25
1945 онд азийн аж үйлдвэрийн тэргүүлэх гүрэн ямар улс байсныг та мэдэх үү? Дийлэнх хүмүүс мэдээжийн хэрэг Япон улсыг нэрлэх байсан байх л даа. Тэгвэл тухайн үеийн статистикийн мэдээгээр Манж Го улс азийн тэргүүлэх аж үйлдвэрийн гүрэнгээр тооцогдож байжээ. Мэдээжийн хэрэг түүний ард япон улс байж таарна л даа. Япон үнэндээ Зүүн хойд Хятад, Манж Гог өөрийн нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсэг хэмээн үзэж байсан тул Хятад улстай явуулж байсан дайны чухал түшиц болгохын тулд аж үйлдвэржүүлэх бодлого баримтлахын сацуу Японоос 6 сая цагаач иргэдийг татан авчирсан нь нарийн мэргэжилтэй ажиллах хүчний гол цөмийг бүрэлдүүлж байсан байж таарна. Түүний үр дүнд 1945 он гэхэд Манж Гогийн аж үйлдвэрийн нийт өртгийн хэмжээ анх удаа Япон улсаас даван гарч байсан түүхтэй ажээ. Зүүн хойд орныг япончуудын гараас чөлөөлсний дараа тэдний үлдээсэн өв болох аж үйлдвэрийн том том баазууд хожим хятадын хүнд аж үйлдвэрлэл хөгжих гол үндэс суурь болж өгсөн гэлцдэг.
Далаад оны эхээр Ким Ир Сений ”Ардчилсан Солонгос” азидаа дээгүүрт тооцогдох аж үйлдвэржсэн улс байсан гэдэг. Хөрш зэргэлдээ Өмнөд солонгос чамгүй хүчин чармайлт гарган байж 1976 онд л анх удаа аж үйлдвэрийн бүтээгдхүүний хэмжээгээр Умард хөршөө гүйцэж түрүүлсэн юмсанжээ.
Тэр холын түүхийг үл өгүүлэн өгүүлэхэд 1990 оны үед элсэн цөл хэвээрээ байсан Катар, Эмират улсууд өдгөө ямар төвшинд хүрч хөгжсөнийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа юм хойно доо. Дор 2000 онд элсэн цөл байсан Дубай өдгөө ямар байдалтай болсныг харьцуулсан зураг орууллаа.