Нэг номын садан залуу анд маань "Гималайн нурууны ариун дагшин газруудад бясалгал үйлдвээс адис жанлав ихтэй гэнэ лээ." хэмээн ярихыг сонсов. Үнэндээ аливаа бясалгалч нарын хувьд Монгол оронд маань ч гэсэн эртний том дияанч бясалгалч нарын сууж байсан ариун дагшин номын оронгууд хаа сайгүй байж л байгаа шүү дээ.
"Миний санахад бясалгал дияаны хамгийн том номын орон "Цээжний хөндийд" оршдог бус уу?" хэмээн хэлэхэд тэрхүү залуу номын садан ямар нэгэн зүйлийг сэрхийтэл ухаарсан мэт учиртай харчихаад инээвхийлнэ билээ.
Миний санахад бясалгал дияаны хамгийн том номын орон "Цээжний хөндийд" оршдог бус уу?
Бурхан багш маань "Сэтгэл ариусваас Бурханы орон ариусмой." хэмээн зарлиг болсон байдгийг та лав сонсоо байлгүй. Энэ ёсонг онож ухаарах бөгөөс заавал алс холын Гималайн нурууны ариун дагшин газрыг зорих шаардлага үгүй болох юм.
Энэ бүхний урьдач нөхцөл нь "Өчигдрийн би өнөөдрийн би биш болсон.", "Хоосон чанар хэмээгч бидний вакуум шахуугаар хялбарчлан ойлгодог энгийн ухагдхуун огт биш.", "Нөгөө эрэг дээр заавал үхлийн дараа хүрээд гэтлэлийг олно гэдэг эндүү төөрөгдөл болой. Гол нь орчлонгийн буюу зовлонгийн далайд цаг наргүй тасралтгүй хөвөөд байдгийн шалтгааныг онож ухаад тэрхүү шалтгаанаас ангид байж чадах бөгөөс сууж байгаа газар дээрээ ч нөгөө эрэг дээр хүрч болдог." хэмээх гүн нарийн ёсонг судлаж бясалгахаас эхтэй хэмээн мунхагланам.
Өнөөдөр "Амьдрал тэтгэх арван санамж" нэрт бичлэг оруулсан нь уншигчдын сэтгэлд маш хурдан хүрч байгаа бололтой. Ер нь энэ мэт хэрэгтэй зөвлөмжүүд олон байдаг л даа.
Би нэлээд хэдэн жилийн өмнө Америкад байхдаа "Хөргөгчний бохирдол" нэртэй нэг өгүүллийг уншиж байсан нь хэн хүний хувьд ихээхэн анхаарууштай зүйлийг хөндөн бичсэн байж билээ. Танай гэрийн хөргөгчинд сар жилээр удсан сав баглаа боодолтой хүнсний зүйл хадгалагдсаар байгаа юм биш биз дээ?
Түүнийг айхтар арвич хямгач хүн болох гэж хэрэглээд харамсалтай үр дагаварт хүрч мэдэх юм шүү гэдэг санааг тэрхүү өгүүлэлд бичсэн нь хэн хүний хувьд бодууштай хэрэг юм. Түүнээс гадна сэтгэлд хургасан хэрэгтэй хэрэггүй элдэв дэмий бодол аливаа хүний хувьд "Хөргөгчний бохирдлоос" ч илүү хөнөөлтэй байдаг тул болж өгвөл сэтгэлээ тиймэрхүү дэл сул хэрэгтэй хэрэггүй бодлоос чөлөөлөн цэвэрлэж байх нь бие сэтгэлийн эрүүл ахуйд хамгаас тустай гэдэг утгаар өглөөний бичлэгийг оруулсан юм шүү.
Ингэж чадвал "Аз жаргал гэдэг одоо" хэмээх үгийн цаад утга чанарыг ойлгоход төвөггүй. Түүнчлэн "Өчигдрийн би өнөөдрийн би биш болсон" гэдэг үгийг байнга бодож явах нь сэтгэлээ цэвэрлэх энгийн хялбар арга байж болох тул та ч гэсэн өөр дээрээ хэрэгжүүлэх гэж оролдоод үзээрэй.