1945 онд азийн аж үйлдвэрийн тэргүүлэх гүрэн ямар улс байсныг та мэдэх үү? Дийлэнх хүмүүс мэдээжийн хэрэг Япон улсыг нэрлэх байсан байх л даа. Тэгвэл тухайн үеийн статистикийн мэдээгээр Манж Го улс азийн тэргүүлэх аж үйлдвэрийн гүрэнгээр тооцогдож байжээ. Мэдээжийн хэрэг түүний ард япон улс байж таарна л даа. Япон үнэндээ Зүүн хойд Хятад, Манж Гог өөрийн нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсэг хэмээн үзэж байсан тул Хятад улстай явуулж байсан дайны чухал түшиц болгохын тулд аж үйлдвэржүүлэх бодлого баримтлахын сацуу Японоос 6 сая цагаач иргэдийг татан авчирсан нь нарийн мэргэжилтэй ажиллах хүчний гол цөмийг бүрэлдүүлж байсан байж таарна. Түүний үр дүнд 1945 он гэхэд Манж Гогийн аж үйлдвэрийн нийт өртгийн хэмжээ анх удаа Япон улсаас даван гарч байсан түүхтэй ажээ. Зүүн хойд орныг япончуудын гараас чөлөөлсний дараа тэдний үлдээсэн өв болох аж үйлдвэрийн том том баазууд хожим хятадын хүнд аж үйлдвэрлэл хөгжих гол үндэс суурь болж өгсөн гэлцдэг.
2000 онд элсэн цөл байсан Дубай өдгөө ямар байдалтай болсныг харьцуулсан зураг
Далаад оны эхээр Ким Ир Сений "Ардчилсан Солонгос" азидаа дээгүүрт тооцогдох аж үйлдвэржсэн улс байсан гэдэг. Хөрш зэргэлдээ Өмнөд солонгос чамгүй хүчин чармайлт гарган байж 1976 онд л анх удаа аж үйлдвэрийн бүтээгдхүүний хэмжээгээр Умард хөршөө гүйцэж түрүүлсэн юмсанжээ.
Тэр холын түүхийг үл өгүүлэн өгүүлэхэд 1990 оны үед элсэн цөл хэвээрээ байсан Катар, Эмират улсууд өдгөө ямар төвшинд хүрч хөгжсөнийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа юм хойно доо.