Лхагва гаргийн шөнө Манчестер Сити клуб Бельгийн Брюгге клубийг 3:1-ээр хожсоноор "УЕФА Аваргуудын лиг"-ийн хасагдах шатанд арай ядан шалгарлаа. Тэдний хувьд хасагдах шатны 24 багт багтахад нэг хожил хэрэгтэй байсан бөгөөд 25 дугаар байрт бичигдэж байлаа. Харин Брюгге клуб хожигдсон ч 24 дүгээр байраар дараагийн шатанд үлдэв. Английн Ливерпүүл, Испанийн Барселона клубууд хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.
Манчестер Ситигийн хувьд энэ шөнө "хожих эсвэл гэртээ харих" гэсэн томоохон сорилт байсан нь мэдээж. Тэд эхний хагаст гоолын боломж олох гэж тэмцсэн ч хаалга руу ганц ч цохилт хийж чадаагүй юм.
Эхний хагасын сүүлийн мөчид Брюгге багийн хагас хамгаалагч Рафаэль Ониедика карьерийнхаа анхны гоолыг оруулж, багтаа 1:0-ээр гайхалтай давуу байдлыг авчирсан.
Тэмцээнийг бүр мөсөн орхихгүй байхын тулд Ситигийнхэн хоёр гоол оруулах шаардлагатай байсан. Улмаар Жон Стоунз хоёрдугаар үеийн эхний минутад тооны харьцааг тэнцүүлэх дөхсөн. Кевин Де Брюйнегийн дамжуулалт торгуулийн талбайд буух үед тэр мөргөсөн ч ороогүй. Удалгүй Матео Ковачич 53 дахь минутад гоол оруулсан нь итгэл найдарын гал байлаа. 10 хүрэхгүй минутын дараа Брюггегийн Жоэл Ордонес санамсаргүйгээр өөрийн хаалганд гоол оруулснаар Сити 2:1-ээр тэргүүлж эхэлсэн юм.
Хасагдах шатанд шалгарах оноогоо авч чадсан Ситигийнхэн сая л нэг амьсгал авахтай зэрэгцэн Илкай Гүндогын оронд талбайд гарсан Савиньо 77 дахь минутад Стоунзын талбайн зүүн талд хийсэн дамжуулалтыг мөргөжхийснээр 3:1-ээр ялсан юм.
2023 аварга Манчестер Сити дараагийн шатанд Байерн Мюнхен болон өнгөрсөн оны аварга Реал Мадридын аль нэгтэй тоглоно.
Л.Баяр