Цагаан сарын баяр дөхөж байгаа тул мах, хүнсний ногоо, бэлэн хувцас гээд бүх барааны үнэ нэмэгджээ. Ялангуяа цагаан идээний үнэ өмнөх жилийг бодвол 3000-3500 төгрөгөөр өссөн байна. Тухайлбал, өчигдөр оройны байдлаар “Бөмбөгөр” худалдааны төвд сүүн хурууд ааруул нэг кг нь 15 000, хорхой ааруул 9000-10 000, чихэргүй том ааруул 8000, ээзгий 6500, шар тос 10 000 төгрөгөөр зарагдаж байна. Харин сүү, аарцны үнэ нэмэгдээгүй байгаа юм. Махны үнэ дунджаар 6000 байхад цагаан идээний үнэ түүнээс хоёр дахин их байгаа ч ойрын өдрүүдэд үнэ нь буурах төлөвгүй байна.