
Тэгвэл ийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон газар яг одоогийн байдлаар хэчнээн үхэр шүлхий өвчнөөр өвчилж, хэдийг нь устгасан талаарх бодит тоон мэдээлэл ард иргэдэд алга. Ямартаа ч өдөр өнгөрөх тусам эл өвчнөөр халдварласан амьтадыг устгасаар байгаа нь, өвчилсөн амьтадын тоо өссөөр байгаа нь үнэнд нийцэх юм.
Түүнчлэн, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон ийм хурцадмал байдал үүсээд байхад манай улсад шүлхийн вакцин дууссан гэх “гашуун” мэдээ байна. Улмаар хугацаа нь дууссан шүлхийн вакцинаар өөрсдийгөө аргацааж байгааг албаныхан онцоллоо.
ОХУ-аас авчирсан шүлхийн эсрэг вакциныг өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард шүлхийгээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүүн аймгуудын малд хийсэн аж. Энэ вакцин зургаан сарын дархлаа үүсгэх ёстой гэж заавар дээрээ байгаа ч зургаан сар хамгаалах үйлчилгээтэй вакцин үр дүнгээ өгсөнгүй. Гурван сарын дараа л Сүхбаатар аймагт шүлхий гарсан нь энэ юм.
Тэгвэл энэ байдлыг сонссон ард иргэд сүүлийн үед түгшүүрийн байдалтай байх боллоо. Мөн халдварт өвчин энэ байдалд хүрээд байхад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа зарим удирдлагуудыг шүүмжилж эхэлсэн юм. Тодруулбал, Улсын онцгой комиссыг ахладаг Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг иргэд ихээр шүүмжлэх боллоо. Магадгүй энэ байдал цааш хурцадвал дээрх албан тушаалтнуудыг буруутгах байдал нийгэмд бий болоод байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар “хөдөө орон нутагт шүлхий өвчнөөс болж асар хүнд байдалд ороод байхад энэ байдлыг анхааралдаа авах ёстой чухал хүмүүс Солонгос руу золгуут хийгээд явж байна. Гэтэл шүлхийн асуудалд хариуцлага хүлээх хүн байхгүй” гэх мэтээр бухимдлаа илэрхийлж байлаа.
Түүгээр зогсохгүй Улаанбаатрыг махаар хангадаг гол аймгууд Зүүн аймгууд юм. Тэгвэл энэ мэтээр өвчин цааш хурцадвал Улаанбаатар махны гачигдалд орж, хавраас махны үнэ “тэнгэрт хадах” нь ойлгомжтой. Мөн манай улсын мах гаргаж байгаа экспортод хүртэл зохилт болохыг үгүйсгэхгүй юм.
Зарим нэг ноцтой баримтуудыг сөхөхөд, Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албанд нийлүүлсэн вакцин хадгалах хөргүүрийг зориулалтын бус газар суурилуулсан, агуулахын орчны дулааны байдалд хэмжилт хийгээгүйгээс хийтдээ 725,6 мянган тун вакцин хөлдөж, улсад 300 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.
Өнгөрсөн 2012 онд ОХУ-аас нийтдээ үхэрт тарьдаг тунгаар 40 сая тун, хонь, ямаанд тарьдаг тунгаар 80 гаруй сая тун вакцин авчирч тэдгээрийг хэрэглээд дууссан гэнэ. Улмаар дахин вакцин захиалсан ч тэр нь яг хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Магадгүй ирэх 5-6 сард тус вакцин ирвэл энэ нэлээн асуудал тарих юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (10)