
25-р тусгай сургуулийн багш Б.Туяацэцэг
Сурвалжлагч миний бие сайн багшийн эрэлд гарахаас өмнө олон хүнтэй уулзаж, өөрийн хэмжээнд бяцхан судалгаа хийлээ. Ингэж явахдаа би аль нэг сургуулийн бага, дунд, ахлах ангид монгол, англи хэл эсвэл математик заадаг багшийг олж уулзахыг хүсээгүй бөгөөд оюун санаа минь тэс өөр зүйлийг эрж, хайсан юм. Харин эрсний эцэст нэгэн танилынхаа ачаар Б.Туяацэцэг багшийг олж авсан минь энэ.
Уг нь Б.Туяацэцэг багш монгол хэл, математикийн хичээл заадаг л юм. Гэхдээ түүгээр хичээл заалгадаг хүүхдүүд нь энгийн биш. Энгийн биш хэмээн хэлж буйн учир нь түүний ангийн сурагчид бүгд тархины саажилтаар өвчилсөн хүүхдүүд.
Түүний хувьд саажилттай хүүхдүүдийг сургаж чаддагаараа л хорвоогийн олон багшаас ялгардаг нэгэн. Бидний бараг айж, зугтдаг эдгээр хүүхдүүдэд хэнээс ч дутахгүй эрдэм, боловсрол эзэмшүүлж, биеэ даасан хувь хүн болгон сургууль төгсгөж буй нь энэ багшийн том гавъяа гэж хэлж болно.
Б.Туяацэцэг багшийн хувьд өдгөө 54 настай бөгөөд энэ жил нэгдүгээр анги дааж авчээ. Эднийгээ төгсгөж байж л тэтгэвэрт гарна хэмээн тэрбээр ярьж байна. Түүний хувьд саажилттай хүүхдүүдийн бас нэг ангийг өмнө нь төгсгөсөн туршлагатай.
Одоогийн Орос буюу тухайн үеийн ЗХУ-д /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах/ багшийн шинэхэн диплом өвөртөлсөн Б.Туяацэцэг багш мэргэжлээрээ хамгийн анх Архангай аймагт ажиллаж байжээ. Өөрөө хүсээгүй ч социализмын үеийн хатуу зарчмаар Архангай руу хувиарлагдсан тэрбээр тэнд жил гаруйн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилласан гэдэг. Удалгүй Улаанбаатар хотод ирж одоогийн ажиллаж буй 25-р тусгай сургуульд багшаар орсон бөгөөд тэр цагаас хойш өдийг хүртэл эндээс ганц ч удаа холдож үзээгүй байна. Харин хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүдтэй ажиллах санаа бүр хожим буюу 2000 оны эхээр төржээ.
Ингээд Монголдоо ирэнгүүтээ л сургуулийнхаа захиргаанд хүсэлт гарган саажилттай хүүхдүүдийн ангийг нээх санаагаа дуулгасан байна. Сургуулийн захиргаа ч дэмжив. Гэтэл түүнд ширээ сандал, ном, дэвтэрээс эхлээд юу ч байсангүй. Б.Туяацэцэг багш яам, тамгын газруудаар орж олон дарга нарын үүдийг сахисан ч тусыг эс олжээ. Гэхдээ тэрбээр саажилттай хүүхдүүд туслах зорилгоосоо огт няцаагүй ба Германы Элчин сайдын яам, Солонгосын хоёр ч ТББ-д хандсан байна. Азаар тэд Б.Туяацэцэг багшийн хүсэлтийг найрсагаар хүлээн авч 25-р сургуулийн нэг өрөөг бүрэн тохижуулж одоогийн энэ ангийг нь босгож өгсөн байна. Бүр Германы элчин сайдын яамнаас хүүхдүүдийг нь зөөх микро автобусыг хүртэл бэлэглэжээ. Ингээд л Б.Туяацэцэг багш хөгжлийн бэрхшээлтэй 10 сурагчийг 10–р цэцэрлэгээс хүлээн авч Монголын анхны саажилттай хүүхдийн ангийг нээжээ.

Эхний үед хүүхдүүдтэйгээ танилцаж, тэдний сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх шаардлага гарсан учир бараг нэг жил зөвхөн танилцах ажлыг л хийсэн гэдэг. Учир нь энэ төрлийн хүүхдүүд эрүүл хүүхдүүдийг бодвол илүү эмзэг бөгөөд бүрэг, ичимхий, өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүйгээс эхлээд янз бүрийн бэрхшээлтэй байдаг. Тиймээс Б.Туяацэцэг багш хамгийн эхэнд тэдний итгэлийг олж авахаар хичээжээ. Итгэлийг нь олж авахын тулд хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ харьцах хэрэгтэй гэж тэрбээр хэлж байна. Хүүхдүүд хүмүүсийг өөрсдтэй нь чин сэтгэлээсээ харьцаж байна уу, үгүй юу гэдгийг маш сайн ажиглаж мэддэг гэнэ. Хэрвээ хүүхэд нэг бүртэй тулж ажиллан тэдний итгэлийг олж чадвал эдгээр хүүхдүүд шиг үнэнч, шудрага, нээлттэй хүүхдүүд байдаггүй гэв. Авъяасыг нь нээж чадвал тэд бусад хүүхдийн л адил хүсэл мөрөөдөлтэй, сурч мэдэх зорилготой, энгийн хүүхдүүдээс дутахааргүй авъяастай байдаг аж.
Б.Туяацэцэг багшийн ангид амиа хорлох талаар хүртэл бодож явдаг хүүхэд байсан тухай тэрбээр ярив. Харин сургуульд сурч найз, нөхөдтэй болсноор энэ бодлоо хаясан гэж нэгэн сурагч хожим нь багшдаа хуучилсан байна.
Тархины саажилттай хүүхдүүдийг гаднаас нь харахад ярьж хэлж, хүний яриаг ойлгож чадахгүй юм шиг харагддаг. Харин тэд эрүүл хүүхэд шиг оюун ухаантай, хэнээс ч дутахгүй тоо бодож, шүлэг зохиож чаддаг гэдгийг Б.Туяацэцэг багш хэлж байна. Түүний өмнө нь төгсгөсөн ангийн сурагч Б.Мишээл л гэхэд зохион бичлэг, эссе шүлэг бичиж олон уралдаан тэмцээнд түрүүлэн түүнийгээ ном болгон хэвлүүлж байжээ. Мөн сурагч Ч.Энхсайхан нь амаараа зураг зуран хот, дүүргийн олон уралдаанд оролцож тэргүүн байрын эзэн болсон байна. Түүний амаараа зураг зурдаг байдлыг өвөрмац авъяас гэхээс өөр юу гэх вэ? Тэрбээр сургуульдаа зургийн үзэсгэлэн хүртэл гаргаж байсан туршлагатай хүүхэд юм. Энэ талаар тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа танилцуулж өөрийн гэсэн урлантай болохыг хүсдэг гэдгээ ярьсан байх юм.


Зураг зурахаас гадна хөгжим бас тоглож чадна
Бас болоогүй Б.Туяацэцэг багшийн ангид амандаа бал, харандаа зуун компьютерийг эрүүл хүнээс ч илүү ажиллуудаг Н.Тэмүүлэн гэх хүү байна. Тэрбээр энэ авъяасаа улам хөгжүүлж ирээдүйд компютерийн мэргэжилтэн болох гэнэ. Б.Туяацэцэг багш ч хүүхдүүддээ “Н.Мишээл зохиолч болно харин Н.Тэмүүлэн бол компьютероороо л явна шүү. Н.Энхсайхан бол зураач болох хүн. Та нар чаддаг зүйлүүдээ сайн хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн байн, байн захидаг аж. Мөн хөлөөрөө компьютер дээр шивдэг хүү ч байна. Түүнийг Нямцолмон гэдэг.

Багшийн баяр баясгалангуудын нэг
Б.Туяацэцэг багш хүүхдүүдийнхээ юунд дуртайг анхааралтай ажиглаж, хэн ямар авъяастай байна гэдгийг нь мэдээд тэр чиглэлээр нь хөгжүүлэхийг хичээдэг байна. Тэгэхийн тулд хүүхэд бүрт тохирсон сургалтын хөтөлбөр гаргасаныг нь миний бие ангитай нь танилцаж яваад олж харсан юм. Түүний хүүхэд бүртэй хэрхэн ажилладагийг та бүхэн доорх зургаас харж болно.


Б.Туяацэцэг багшийн гар аргаар хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн. Хааяа унаад тогтохгүй болохоор ширээн дээр нь цавуугаар наах тохиолдол хүртэл гардаг байна.

Харин тусламжаар ийм тогтоогч ирж баярлуулав.
25-р сургууль дотроо нойлгүй бөгөөд хүүхдүүд ангидаа бие засч, хүндрэх нь их төвөгтэй байдаг аж. Тиймээс хурдхан шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зориулалтын нойлтой болохыг Б.Туяацэцэг хүсч байгаагаа илэрхийлэв.
Харин математикийн хичээлийг орохдоо тоог нь самбар дээр бодуулж дэвтэрт нь бичүүлэхээс гадна тоглоомоор ойлгуулахыг хичээдэг аж. Б.Туяацэцэг багшийн ангид өгүүлбэртэй бодлогыг маш хурдан бас зөв боддог сэргэлэн хүү байна. Түүнийг ангийхан нь тооны гавал гэж нэрлэдэг. Мөн ангид нь нэг том мод байх бөгөөд түүн дээр хэдэн жимс аваачиж наахыг нь багш хэлж өгнө. Харин хүүхдүүд багшийн хэлсний дагуу модон дээр жимс аваачиж наах аж. Ингэснээр аливаа зүйлийг тоолж сурна гэсэн үг. Б.Туяацэцэг багш хүүхдүүдээ нэг, нэгээр нь дуудан самбарт гарган тоо, үсэг бичүүлнэ. Хүүхдүүд нь далий, муруй бичсэн ч “сайн” гэдэг л үнэлгээг өгнө. Дараагийн удаа үүнээс илүү гоё бичиж чадна хэмээн урамшуулах аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд тусгай шобломийн дагуу үсэг бичиж, зурдаг байна. Ингээд тухайн өдөр хэн хичээлдээ сайн байсан гэдгийг нь нийтийнх дунд ярилцаж байгаад дүнгээ өгдөг аж.

Математикийн хичээлийн хэрэглэгдэхүүнүүд




“Санаандгүй учрал” гэх нэртэй тус эссед “Нарлаг сайхан зуны нэг өдөр найзуудтайгаа ажлын шугамаар Япон улсыг зорин Осака хотын нисэх онгоцны буудалд газардлаа. Биднийг нэгэн үл таних хүн тосон авав.Би түүнийг Япон хүн байх гэж бодтол тэр надруу харан Сайн байна уу? Сайн явж ирэв үү? гэж мэндлэв. Би тэрхэн үед маш гайхаж харлаа. Тэр үед миний сэтгэл маш их хөдөлж яагаад ч юм урд нь тэр хүнтэй уулзаж байсан, сайн таньдаг мэт нэг л ер бусын сэтгэгдэл төрж билээ. Орой нь бид хүлээн авалтан дээр дахин тааралдлаа. Тэнд байх хугацаандаа хотоор хамт зугаалж Осака хотын парк, аккавариумын газруудаар зугаалсан. Бидэнд хамтдаа байж, амьдралын тухай, бусад зүйлсийн талаар ярилцах боломж гарсан юм. Түүнтэй уулзах бүрт надад ер бусын аз жаргал, дотно мэдрэмж төрдөг байлаа. Би өөрийнхөө мэдрэмжинд энэ хайр мөн үү, эсвэл шохоорхол уу, зүгээр л нэг таалагдсан юм уу гэж үл итгэн эргэлзэж байлаа. Ингээд тэнд байх жаргалтай хугацаа үргэлжилсээр... Ингээд би дотоод сэтгэлээ түүнд анх удаа нээв. Гэтэл тэр маань: Чи намайг хойноос биш, урдаас харсан байна. Намайг их сайхнаар харсанд баярлалаа гэсэн юм. Тэгээд би түүнээс “Хэрвээ танд яг над шиг охин сэтгэлтэй болвол та яаж хандах вэ? гэж асуутал үнэхээр надад таалагдвал би цаг хугацааг хамтдаа туулна, үгүй бол зүгээр л уучлаарай гэж хэлнэ гэв. Гэвч тэр надад... Монголдоо ирээд эргээд бодлоо. 1-рт бид бие биенээсээ хол орон зайд байгаа, 2-рт намайг тэр хүн ямраар хүлээж авахыг мэдэхгүй ч сэтгэл дотроо сайхан дурсамж болгон үлдээе. Хэзээ нэг өдөр бидэнд дахин уулзах тавилан байх болов уу” гэж бичжээ.
Хүүхдүүд зураг зурж, будах их дуртай аж. Хамгийн харамсалтай нь тэдэнд тоглох тоглоом хүртэл дутагдалтай байдаг гэнэ. Сургуулиас ганц ч тоглоом өгдөггүй талаар хүүхдэд ярьж байна.



Б.Туяацэцэг багшийн ангийг төгссөн Н.Тэмүүлэн гэх сурагч
Бурхан тэнгэр гэж байдагсан бол
Буцлам хайраа даатгамаар байх юм
Бууруул хорвоод ганцхан түүнийг минь л
Бусдынх бүү болгоорой
Үнсүүлэхдээ чи минь үүлэнд умбаж яваг
Дүрслэгдэх аргагүй хайр чинь дүрэлзэж байг
Дундуур гэсэн зүйлгүй дүүрэн байг хайр чинь
Дуусашгүй гэсэн хайр чинь дурсагдаж байгаа
Дуулим энэхэн орчлонд дуулагдаж байг хайр чинь хэмээн шүлэгтээ бичжээ.
Хүн нь ийм бардам, өөртөө итгэлтэй байтал ядаж бид тэднийг шоовдорлохоо больчихвол тэдний сэтгэлд нь өчүүхэн ч болов итгэлийн оч асах нь дамжиггүй гэж Б.Туяацэцэг багш хэллээ. Тэрбээр хүүхдүүдээ эрүүл хүүхдүүдийн адилаар л бусдад хайрлуулахыг хүсдэг гэв. Харин одоо цагт ЕБС-ийн багш нар хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй муухай харьцаж “Энэ хүүхдэд хичээл заасан ч яалаа. Угаасаа ойлгохгүй юм чинь” гэсэн хандлагатай байдагт харамсаж явдаг аж. Тиймээс тэрбээр хүүхдүүдээ хэзээ ч ЕБС-д сургалгүй зөвхөн өөрөө 11-р ангийг төгсгөнө хэмээн ажиллаж яваа нь энэ аж.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 4, 5 дугаар зүйл тэрчигтээ хөнгөлөлт, тэтгэмжийн агуулгатай аж. Хуулийг ерөнхийлөн харвал тэднийг асруулаад л гэртээ хэвтэж бай гэдэг санаатай. Бурхантай мөчөөрхсөн гэмээр хуулийн цаана олон хүүхэд гэртээ сууж боловсролоос хоцрогдон орхигддог байна. Харин энэ сургуульд цөөн хэдэн ч боловсрол эзэмшин суралцаж байгаа нь сайшаалтай. Б.Туяацэцэг багшийн өмнө нь төгсгөсөн ангиас олон хүүхэд одоо амжилттай явдаг байна. Хоёр ч хүүхэд төрийн бус байгууллагад ажиллаж өөрсдийн адил хүүхдүүдэд тусалж байгаа аж. Харин нэг хүүхэд нь гэрээрээ зургаа зурж өөрийн гэсэн урлантай болохоор ажиллаж байгаа гэнэ.

Хувцас өмсгөх дадалд суралцаж буй нь

Т.ХУЛАН
Сэтгэгдэл (7)