
"Капитал" банкны теллер Х.Мандах, гүйцэтгэх захирал А.Ариунболд болон Ерөнхий нягтлан Т.Мөнхсүрэн нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс А.Ариунболд, Т.Мөнхсүрэн нарт холбогдох хэргийг "Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Харин Х.Мандахыг Банкны хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, 5.1 жил, бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр мөн 10.1 жилийн ял оноолоо. Ингээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасны дагуу хөнгөн ялыг хүндэд нь оруулж тооцсоноор биеэр эдлэх ялыг 10.1 жил байхаар тогтоол гарчээ. Мөн шүүгдэгч Х.Мандахаас шүүхийн шийдвэрийн хүрээнд 100 мянган төгрөг, 200 мянган төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө битүүмжилж, хохирогч Ж.Бямбацогтод 924 сая төгрөгийг төлүүлж, хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хохирогч А.Адилбек, Ц.Авдил, Т.Наранцэцэг нарын дансыг мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн шүүхийн шийдвэрийг цуцалжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)