
-"Альфа мьюзик" төслийнхөө тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Манай "М галакси" студи 10 жил болсон байна. Энэ хугацаанд хийсэн ажлуудаа дүгнээд үзэхэд "Мьюзик 9", "Надтай хамт" гэж миний нэрээр овоглосон хоёр нэвтрүүлгийг тасралтгүй үзэгчдийн хүртээл болгосон. Бид 10 жилийнхээ ойн хүрээнд ямар нэгэн дорвитой ажил хийе гэж зорьсон. Энэ ажил маань "Альфа мьюзик" гэдэг төслөөр эхэлж байна. Ойн хүрээнд хийж байгаа ажлын маань эхлэл болгосон энэ төслийг бид хэн рүү хандуулсан бэ гэхээр шинэ залуу зургаан уран бүтээлч рүү хандуулсан. Эдгээр зургаан залуу бол өнөөгийн залуусын сонголт болсон уран бүтээлчид. Яагаад бид заавал залуучуудын сонголт болсон дуучид руу хандаж байна гэхээр тодорхой хэмжээгээр өөрсдийн авьяас билэг, хүч хөдөлмөрөөрөө үзэгчдийнхээ хүрээллийг бий болгосон энэ залуучуудад дэмжлэг хэрэгтэй гэдэг үүднээс төслийн хэмжээнд дорвитой ажил хийе гэж шийдсэн.
-Төслийн хүрээнд эдгээр залуу дуучдын шинэ дуунууд үзэгч сонсогчдийн хүртээл болно гэж байсан. Тэдгээр дуунууд хэзээнээс цацагдаж эхлэх вэ?
-"Альфа мьюзик" төслийн хүрээнд зургаан дуучин маань нэг нэг дуугаа "White art" студид түрүүчийн долоо хоногт бичүүлчихсэн байгаа. Маргаашнаас “Uuduu talk show” page хуудаснаас та бүхэн хүлээн авч үзэх боломжтой. Зургаан дуучны маань өөр өөрсдийн гэсэн онцлогоо шингээсэн, live бичлэгтэй дуунууд олны хүртээл болох юм. Мөн төслийн хүрээнд Event-үүд зохион байгуулагдаж байгаа. Долоо хоног бүрийн баасан, бямба гарагуудын бид онцолж залуусын очих дуртай газруудыг сонгож дуучид маань хоёр баг болоод тоглож байгаа. Энэ тоглолтуудыг ямар нэгэн такс төлж үзэх шаардлагагүй. Тухайн үед тэдгээр төлөвлөгдсөн газруудад чөлөөт цагаа өнгөрөөж байгаа 20-иос дээш 30-аас доош насны өөрөөр хэлбэл яг ид шижигнэсэн залуучуудын дунд сюрприз болж тоглолт маань явагдаж байгаа. Бид тоглолтоо эхлүүлээд явж байгаа. Яагаад ингэж тоглох болсон бэ гэхээр дуучид маань үзэгчидтэйгээ илүү ойртож амьд харьцааг үүсгэж өгснөөрөө тэднийг дэмжих үзэгчдийн тоонд бас хамааралтай гэдэг үүднээс ийм Event-үүдийг бас зохион байгуулж байгаа юм.
-Тэгэхээр эдгээр дуучид өөр хоорондоо өрсөлдөх юм байна тийм үү? Чухам ямар хэлбэрээр өрсөлдөх вэ?
-Энэ сарын 21-нд төслийн хугацаа дуусахад хамгийн олон лайктай, гаргасан шинэ дуу нь хамгийн олон үзэгчтэй болсон дуучныг энэ зургаан дуучнаасаа тодруулна. Өөрөөр хэлбэл Альфагийн альфа болно. Энэ жилийн альфа дуучин маань гуравдугаар сарын 30-нд Хонконгт болох Бруно Марсийн тоглолтыг үзэхээс гадна Мадам Тусе үзэж Хонконгоор аялах эрхтэй болох юм. Ингээд энэ зургаан дуучны маань нэг нь ялагч болно гэсэн үг. Хоёрдугаар байранд нэг орж таараа. Тэр хүн бас зүгээр байхгүй. Манай "М галакси" студиэр бүрэн хэмжээний клип хийлгэнэ.
-Мэдээж эдгээр залуу уран бүтээлчдийг дэмжих нь төслийн гол зорилго байх. Өөр ямар дэмжлэг тэдэнд ирнэ гэж та харж байна вэ?
-Ерөнхийдөө зургаан дуучин манай төсөлд хамрагдсанаараа ганц манай студиэс биш манай рок попын мундаг уран бүтээлчдээс дэмжлэг авна. Мөн урлагийг дэмждэг маш олон хүмүүстэй холбогдож цаашдаа ч өөр олон дэмжлэгийг авч уран бүтээлээ хийнэ гэсэн зорилготой. Төсөл маань их богинохон хугацаатай ч бид дуучдынхаа нэг нэг шинэ дууг үзэгч сонсогчдийн хүртээл болгож байгаа. Энэ нь залуу уран бүтээлчдийн хувьд маш том дэмжлэг. Яагаад гэхээр өнөөдөр студийн бичлэг, клип хийлгэх зардал ямар үнэтэй байдаг билээ. Энэ бүгдийг хүрээнд манай студийн 10 жилийн ойг зохион байгуулагчид шийдэж уран бүтээлийг нь гаргаж байгаа юм. White arch студид бичлэгэнд орно гэдэг ер нь дуучдийн маань хувьд олзуурхууштай үйл явдал болсон. Төслийн зөвлөхөөр продюссер Б.Ангирмаа эгч маань ажиллаж байгаа. Энэ хүн бол манай рок попын мундагчуулын маань төлөөлөл болж энэ төсөлд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
24tsag.mn


Сэтгэгдэл (7)