Уран бүтээлийн хөрөг
ЭХЛЭЛ
Алтан нарны өрмөн туяа Рашаантын хонхорыг өнгийн мандавай. Эртлэн боссон жаал хүү хуурын хос чавхдас шиг зурайх галт тэрэгний ган зам нарны шарга туяанд гэрэл цацрааж солонгорохыг анх харжээ. Морин төвөргөөнт галт тэрэг морин хуур шиг хос замаар нааш цааш галигуулах нь гойд сонин атал түүнд гитарын мөнгөн утас юу юунаас эрхэм санагдах нь орос цэргүүдийн банзан гитар балбах хөгжилтэй сэргэлэн дүр төрхөөс үүдэлтэй аж. Тэгээд ч аав ээжийнхээ авч өгсөн гучин тавын гэх шар гитарыг хурууныхаа өндөгийг эвэрттэл нүдэж монгол орос дуу дуулж төмөр замын буйдхан жижиг өртөөнд хэрхэндээ тэлчилж яваа нь өглөөн наран мэт их үйлсийн эхлэл байсныг тэрхэн үед хэн мэдэх аж.Буцах ирэхийн бурхан уулзвар мэт төмөр замын буйдхан өртөөнд ган замыг гитарын утас мэт сэтгэж, өөрийнхөө нэрний эхлэлтэй холбон бодох холын бодолтой тэр хүү дөрөвдүгээр ангиасаа л урлагт урваж Төмөр замчдын хүүхдийн “Ган зам” хамтлагт гитар тоглож, бөмбөр нүдэж, хожим цэрэгт ч гитараас үл салж, ерөөс урлагт насаараа зүтгэхийн амин тангараг тавьсан мэт эрслэн зогссон нэгэн байв. Тэрбээр “Хурд” хамтлагийн ахлагч Дамбын Ганбаяр ажээ. Тэр төрсөн дүү Ганбаяр, Төмөрцог, Отгонбаатар, Отгонбаяр, ураг удмын Намсрайжавын Наранбаатарыг “уруу татаж” хорин жилийн босгыг давж, тотгыг адисласан “Хурд” хэмээх аварга хамтлагыг цэргийн жанжин мэт захиран эдүгээ хүрч ирсэн гавъяатан юм.
Нэг. ХАР САЛХИ БУЮУ ХҮНД РОК
Хурд хамтлагийн унаган төрх нь хүнд рок, урсгал нь хэви металл. Аль тавиад оноос сонсогдож эхэлсэн рок, жараад оны дунд үеэс эхлэлтэй металл рок хөгжим хаалттай монголын нээлттэй сэхээтнүүдийн хүрээнд хашигдмал байсан бөгөөд наяад оноос эрч хүчтэй тархсан хүнд металл урсгал монголд дэлгэрэхэд “Эрмэлзэх арван зүйл” хэмээх тангаргын бичиг үйлдэн нууцаар тоглож эхэлсэн “Аясын салхи” /1984/ хэви металл /Heavy Metal/ хамтлаг анх тэсрэлт хийсэн юм. Дэлхийд дэлгэрсэн хөгжмийн шинэ урсгалаар ерээд оны чөлөөт монголын залуучуудад цангасан байсан бөгөөд чухам тэр нийгмийн захиалгаар Харанга, Хурд хамтлаг гарч ирсэн гэж хэлж болно.
Америкийн хэви металл, английн хард рок урсгал монголын хөрснөө жинхэнэ утгаараа хурайлан буусан нь ерэн оноос хойших он жилүүд бөгөөд түүний гол баатрын нэг нь яахын аргагүй Хурд хамтлаг билээ. Чөлөөт нийгэмд амьдралыг бодит үнэнээр нь илэрхийлэгч хүчирхэг урсгалын нэг нь рок хөгжмийн ертөнц. Амьд хөгжмийн хамгийн хүнд төрлийн нэгэн гэх хэви металл урсгалыг Хурд сонгож авсан нь монголын рок урлагийн нэгэн түүхэн шийдэл болсон юм. Тиймээс Хурд хамтлаг эхэн үедээ хэви металл урсгалаар урын сангаа бүрдүүлж үзэгч түмнийг байлдан дагуулж байсан бөгөөд эдүгээ гадаадад айлчлан тоглох, олон улсын шинжтэй уралдаан тэмцээнд чухам энэ хэв маягаар оролцсоор байна.
Хурд хамтлагийн анхны бие даасан тоглолт 1995 онд “Хар салхи” нэртэй болсон юм. Тэр үед юм юм ховор живэр, юун хоногийн хоолноос хэтэрч юм үзэх, тэр тусмаа амьдралын хар бараан зүйлсийг хатуу ширүүн үг, хүнд хөгжмөөр илэрхийлдэг рок хамтлагийн тоглолтыг өндөр үнээр үзэх манатай байсан цаг. Амьдрал өөрөө рок тайз шиг байсан тэр үед “On & off” продакшн монголын рок поп урлагийн түүхэнд анхны нүсэр том тайз засч тоглосон “Хар салхи” оюуны их тэсрэлтийн хар салхи болон хувирсан юм. Тэгэхдээ тэр нь амьдралыг эвдэн сүйтгэгч хар салхи бус хуучин дэглэм, оюун санааны коммунист баринтагийг зад татахад чиглэсэн хар салхи байсан юм. “Хар салхи” ядуу монголчуудад амьдралын баян итгэлийг төрүүлж тэр жилдээ есөн удаа тоглосон нь үнэндээ гайхам шинэ үзэгдэл мөн байлаа. Тэд дэлхийн шинэ хөгжмийн урсгалыг монголын хөрсөнд хэрхэн буухыг, тэр нь ардчиллын үзэл санааг дэлгэрүүлэхэд хэрхэн нөлөөлөхийг мэдрэхийг хүсч байлаа. Анархизм, сатанизм, харанхуй, үхэл, хүчирхийлэл мэт үзэгдэх хар бараан зүйлсийн мөн чанар, түүнийг гэтлэн гарах, гэгээн болгох оюун санааны гарц гаргалгааг тэд эрэлхийлж байв. Төмөр замын шар Дамбын мөндөл шиг шар хүүхдүүд эдүгээ Рашаант өртөөний хонхороос хэдийнэ гарч ард түмнийхээ өмнө тэмцлийн тухай дуулж байгаа нь энэ. Хурд хамтлагийн зүрхэнд үйлдвэрлэгдсэн анхны дуун давалгаа нуурын долгис бус далайн түрлэг байсан нь энэ. Анхныхаа уран бүтээлийн тоглолтыг нийгмийн шилжилтийн хүнд хэцүү үед, тухайн цаг үеийн толь нь болж тоглосон “Хар салхи” тоглолт үнэ цэнтэй бөгөөд Хурд хамтлагийн түүхийн жинхэнэ эхлэл цэг болсон билээ.
“Хар салхи” тоглолтын дуулиан намжаагүй байхад “Харанхуй” /1996/ тоглолт залган авлаа. Энэ бол жинхэнэ рок тоглолт мөн байв. Тэд хэви металл хэв маягийг илэрхийлэхийг туйлаас хүсч байсан бөгөөд тэр хүслээ тайзнаа хэрэгжүүлж чадаж байв. Залуусын цөсийг хөөргөсөн энэ тоглолтын дуулиан тасраана үгүй байхад “Best collection” /1997/, “Umplugged” /1998/, “Өдөр шөнө” /1999/ тоглолт жил дараалан болов. Таван жил дараалан дэгдсэн “хар салхи” Хурд хамтлагийг монголын рок поп урлагийн түүхэнд батламжилж, ард олны оюун санааны дархлаа болгосон билээ.
Хоёр. ЦЭРГИЙН БОДОЛ БУЮУ БАЛЛАД
Хурд хамтлагийн удаах төрх нь утга уянгын дуу баллад. “Хар салхи” анхны тоглолт тэдний рок хамтлаг хэмээн тунхагласны зэрэгцээ уянгын баллад дууны эзэд гэдгийг зарласан билээ. Учир нь “Цэргийн бодол” дуу тэнд дуулагдаж эдүгээ хүртэл эгшиглэж байна. “Үдшийн дэрэн дээр нойр хулжаад ...өр зүрх минь чамруу тэмүүлсэн” цэрэг эрийн цэвэр сэтгэлийн уяас алдуурсан тэр эгшин бол Хурд хамтлагийн уянгын баллад дууны оргилын хэмжээс мэт санагддаг. Хайр сэтгэл нь “хэнээс ч дутахгүй сайхан амьдрах” бие хүний бодлоос эх орноо хайрлах сэтгэл болон өрнөж буй цэрэг эрийн тэмүүлэл шиг Хурд хамтлагийг урын сангийн уянгын дууны бодлого нь монголын рок поп дууны уяслын нэгэн сан хөмрөг болон өргөжиж байна.
Хурд хамтлагийн туулж ирсэн замналыг харахад эхэн дунд үедээ рок дууг урын сангийнхаа бодлогын төвд тавьж байсан бол сүүлийн үесэд уянгын баллад дуунуудаа түлхүүд үзэх болсон нь ажиглагдаж байна. Тэгэхдээ энэ нь хоёр туйлшрал огт бус бөгөөд шинэ хөгжмийн урсгалууд нийлж, салах үйл явц эдүгээ ч гэсэн үргэлжилсээр байна. Тиймээс рок-баллад /rock-ballad/ урсгал монголд ч хүчтэй түрэн орж ирж буйн нэгэн жишээ гэж үүнийг үзэж болно.
Хурд хамтлагийн хоёр мянган оноос хойших тоглолтууд нь утга уянгын дууны титэм аялгуунд суурилсан болох нь илэрхий. “Мянган жилд ганц” /2001/ тоглолт “Эрэл-Хурд” хамтлагийн дахин давтагдашгүйн онцлогийг илэрхийлэх гол уриа болж байсан бол дараа дараагийн тоглолтууд нь хүнд рокоос уянгын баллад хамтлаг руу шилжиж буй үйл явцын өдрийн тэмдэглэл шиг надад санагддаг. Тэгэхдээ тэр нь рок, рок-баллад, баллад гэхчилэн сүлэлдэн ууссан уран бүтээлийн үргэлжлэл мөн бөгөөд тэд хэзээ ч рокоос бүр мөсөн татгалзахгүйн нэгэн адил балладаас алхам тутамдаа хөндийрөхгүй нь тов тодорхой болох болж байна.
Рок-балладын хосмолжин энэ шинжийг тэд идээшүүлэхдээ бусад хөгжмийн урсгал, хамтлагуудтай хамтарч тоглох хэлбэрээр төлөвшилтийн явцыг эрчимжүүлэхийг хичээсэн нь “Симфони Хурд” /2002/, “Харанга-Хурд” /2004/ тоглолтод гүн тусгалаа олсон юм. Рок дууг симфони оркестртой хослуулж “симфони-рок” эгшиглүүлэх санаа зоримог бөгөөд шинэчлэгч шинжийг агуулж байсан бол “Харанга-Хурд” тоглолт нь мөнхийн өрсөлдөгч хоёр хүчирхэг хамтлаг монголын рок поп урлагийн хөгжлийн төлөө нэг тайзнаа нэг эрх ашгийн төлөө хэрхэн нэгдэж, нөхөрлөж чаддагийг харуулсан онцгой үйл явдал болсон юм.
Хурд хамтлаг цаг цагийн шилдэг нь байж, шилмэл бүтээлүүдээр ямагт баяжин хөгжихийн зэрэгцээ тэдгээрт түшиглэсэн урын сангийн тогтвортой, эргэн сануулсан ухаалга бодлого барьж ирсэн нь “Best ballads” /2003/, “Hurd” /2008/, “Цэргийн бодол-32” /2010/, “Best of Хурд” /2011/ зэрэг уран бүтээлийн тайлан тоглолтуудаас мэдрэгдэж байна.
“Best ballads” тоглолт Хурд хамтлагийн уянгын баллад дууны бүрэн тайлан болсон бол дараа дараагийн тоглолтуудад тэдний бүх цаг үеийн шилдэг бүтээлүүдийн чуулбар болсон билээ. Тэр дундаас “Цэргийн бодол-32” тоглолт ихээхэн онцлогтой бөгөөд нэг талаас тус хамтлагийн нэрийн хуудас болсон “Цэргийн бодол” дуу зохиогдсоны 32 жилийн ойд зориулсан, нөгөө талаас утга уянгын баллад дууны түвшинг шат ахиулах гэсэн урын сангийн том зорилтын нэгэн алхам болсон юм.
Мөн Хурд хамтлагийн “Акустик-2” /2005/, “Талархлын тоглолт” /2005/, “Монголд төрсөн” /2007/, “Хайрын салхи” /2010/ зэрэг олон тоглолт тухайн цаг үеийн оюун соёлын тусгал, монголын рок поп урлагийн хөгжлийг тодорхойлох нэгэн цайр сайт толины тусгал болсон билээ.
Гурав. ХУРДЫН ДҮР ТӨРХ, ЗАН ЧАНАР, ОЮУН СОЁЛ
Онгод нь орсон орог бөө шиг үсчих Отгонбаяр гитарын мөнгөн чавхдасыг галзууртал нь бөмбөрдөж, мөнөөх хамтлагтайгаа тайзнаа хав дөрвөлжин даналзах нь бардам бөгөөд бахархам ажээ. Тэрээр тоглолтынхоо дундуур гэнэт намайг зарлах нь тэр. Би ч огло үсрэн босон харайж тайзнаа гараад “Хурд бол эрч хүч, эрэмгий зориг, монголын рок попын нэрийн хуудас” гэх цөөн хэдэн үгийг өөрийн эрхгүй өргөлттэй нь аргагүй хэлж билээ. Хурдын ер бусын эрчимлэг тоглолтод тэнд цугларсан монголчуудын цөс нь хөөрч, дэрийтэл зогссон польшуудын гайхширал дэвэрч байсансан. Эх орон, элгэн түмнээ санасан монголчуудын нижигнэсэн алга ташилтанд нургисан дахилт нь нулимсан тахилт шиг санагдаж байв даа.
Энэ маань 2009 онд шиг санагдана. БНПУ-ын нийслэл Варшав хотын Үндсэн хуулийн талбайн дэргэдэх Батида зоогийн газарт болсон Хурд хамтлагийн энэхүү гайхамшигт тоглолт одоо ч миний сэтгэлд эгшиглэж байна. Тоглолтын дараа бид Вавер дүүргийн Вав Мезешиньскийн гудамжнаа байх миний дүүгийн гэрт зочилж шарз шимж, шарсан махаар дайлуулж, Виланувийн цэцэрэгт хүрээлэнд зугаалж явахдаа тэднийг өөрөө өөртөө илүү нээж дотноших шиг болж билээ.
Өнгөрсөн зууны наяад оны сүүлээр Төмөр замын вагон депогийн хэсэг ажилчин залуус уран бүтээлээ туурвиж эхлэх тэр үесэд “Улаанбаатарын мэдээ” сонины соёл урлагийн салбар хариуцсан залуухан сурвалжлагч миний бие Зүүнхараад наймдугаар анги төгсөхдөө төмөр замд ээлтэй болсных ч юм уу тэрхүү мэдээллийг сэртэсхийн сонирхож байсан. Удалгүй ерэн онд “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгч болж мөнөөх сонирхогч дуу хөгжмийн салбарыг түлхүү сурталчилж эхэлсэн билээ.
Ерэн он гэхэд хэрэг дээрээ тарчихаад байсан хамтлагийг 1993 онд бөмбөрчин Д. Ганбаяр ахан дүүсийн оролцоотой дахин эмхэлснээр одоогийн бүрэлдэхүүн буй болж байсан. Улсын циркт болсон “Хар салхи” /1995/ анхны тоглолт үнэхээр хар салхи мэт их хуйлралыг нийгэмд үүсгэж арав шахам удаа дахин тоглосон нь нэгэн гайхам үзэгдэл болж байв. Энэ бол монголд рок поп урлагийн жинхэнэ тэсрэлт байсныг “Харанхуй” /1996/, “Best collection” /1997/, “Umplugged” /1998/, “Өдөр шөнө” /1999/ зэрэг жил тутам шил дараалсан тоглолт маргашгүй батламжилсан юм. Одоо бол Хурд маань нийгэмд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн алтан суудалт хүчирхэг хамтлаг болжээ.
Варшавт болсон тоглолт тэдний хувьд жирийн л нэг ээлжит үзүүлбэр байсан байх. Харин тэднийг харь оронд хажуугаас нь харж, дотроос нь мэдэрч байсан миний хувьд онцгой үйл явдал байсан. Ер нь өдөр тутам шахам дэргэдээ байгаа зүйлийг харь оронд халуун сэтгэлээр харах нь өөр л дөө. Тэнд “Хурд бол монгол түмний хайртай хамтлаг” гэх үгс хэн хүний амнаас чөлөөтэй унах нь ерийн зүйлийн ер бусын дүгнэлт мэт санагдаж байв. Тэдний бүрэлдэхүүн тогтвортой, бүтээл туурвилын урын сан тод баяжмал, бүлээн дулаан сэтгэл нь ямагт шинэчлэлийн төлөө байдагт нь миний бие талархаж явдаг аа.
Хурд хамтлаг бол ардчиллын эхэн жилүүдэд үүрээ засч, өд сөдөө ургуулж, наран зүг ниссэн рок попын алтан хараацай юм. Хурд бол юмсын тэвчээр, тэнцвэр төдийгүй тэсрэлт. Тиймээс “Хурд” хэмээх нэр нь зөвхөн физикийн шинж агуулсан нэршил төдий бус монгол рок поп урлагийн дүр төрх, зан чанар, оюун соёл болон хувирлаа.
Аливаа хурд хязгаартай. Харин Хурд хамтлагийн монголын рок поп урлагийн хөгжлийн төлөөх хурд хязгааргүй. Энэ хамтлагаас илүү ихийг хүлээх үзэгч түмний хүлээлтийн хурд ч бас хязгааргүй билээ.
ТӨГСГӨЛ
Ургах нарны өрмөн туяа Улаанбаатарыг өнгийн мандвай. Эртлэн боссон Хурд хамтлагийнхан монголын рок поп урлагийн төлөө борви бохисхийлгүй зүтгэсэн хорин жилийн тотгот хонгор өглөөний нар нэр төрийн батламж мэт солонгорон туяарахыг сониучирхан харжээ. Мартын найманд болсон Хурдын VIP тоглолт дээр ижий нь цагинасан тунгалаг хоолойгоор час хийтэл дуулж үзэгч түмнийг хөгжөөсөн нь хорин жилийн ойн бэлгэшээл юм шиг санагдахуй дор дараагийн хорин жил даанч ойрхон мэт бодогдсон аж.
Хурд хамтлагийн хорин жилийн ой гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шиг дуулиантайхан байна. Энэ их ойн жилд тус хамтлаг Дархан, Эрдэнэт, Дорнод, Хөх хотод бие даасан тоглолт хийж үзэгч түмэнтэйгээ баяраа хуваалцаж байна. Харин хорин жилийн нэгдсэн тоглолт Улаанбаатар хотноо болно. Тэр нь зөвхөн Хурд хамтлагийн тоглолт бус үзэгч түмний хүндэтгэл, монголын рок поп урлагийн хөгжлийн түвшинг илтгэсэн үнэлэмжийн баяр болно.
Төмөр зам монгол улсын хөгжилд хүн төрөлхтний ололт, барууны соёлыг авчирсан. Төмөр замын буйдхан өртөөнөөс эхлэлтэй Хурд хамтлаг монголын дууны урлаг, оюуны соёлд шинэ цагийн хөгжмийн урсгалын шинэчлэл монгол хөрснөө хэрхэн идээшин буухын нэгэн үлгэр загварыг буй болгосон. Д. Төмөрцогийн ган төмөр цуцашгүй хоолой, Д. Отгонбаярын соль гитарын ер бусын эрчим, Н. Наранбаатарын басс гитарын уясал, Д. Отгонбаатарын бөмбөрийн рок төвөргөөн, Д. Ганбаярын менежмент тэргүүтэн зөвхөн Хурд хамтлагийн өмч бус монголын рок поп урлагийн баялаг юм.
Монголын рок поп урлагт нэгэн халуун ахан дүүс авъяасаар гагнагдаж, ард түмэндээ танигдаж, шүтэн бишрэгчдийн хүрээг үүсгэж хоёр арван жилийн турш ноёрхлоо тогтоож ирсэн анхны тохиол нь Дамбын хүүхдүүд гэж хэлж болно. Тэр тусмаа цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг оюун соёл, урлагийн тайзнаа ялалтын буухиаг үргэлжлүүлж монголын анхны хүнд рок хамтлаг буй болсон нь гайхалтай үзэгдэл мөн байлаа. Чухам энэ он жилүүдэд амьд домог болтлоо алдаршиж, монгол туургатны оюун соёлын нэгдэлд чухал үүрэг гүйцэтгэж, рок попын хөгжлийн нэгэн хүчирхэг хөтөч, манлайлагч болсон тэдний авъяас хөдөлмөрийг магтмуу, би.
Хурд хамтлаг монголын рок поп урлагийн ертөнцөд ямагт содон нь байж, тэсрэлт хийж, шуугиан тарьж ирсэн нь дотоод шаталтын хөдөлгүүр мэт хөдөлгөгч хүчин мөн ажээ. Миний бие тэдэнтэй цөөн боловч чанартай уран бүтээл туурвиж, басхүү тэр амьд домог болсон Хурд хамтлагийн үед аж төрж буйдаа баярланам. Он цагийг ажирал үгүй туулах тэдний шилдэг шилээвэр бүтээл бүхэн “Хурд”-ын зүрхэнд үйлдвэрлэв” хэмээх хаягтай ажээ.
Сэтгэгдэл (17)