Манай гэр хорооллын айлууд хашаа, байшингаа “Охра” гэх будгаар будах нь их. Тэгвэл энэхүү будаг “ноцтой” гэмээр бодисуудыг агуулж байдаг нь судалгаагаар нотлогджээ. МУИС-ын Физик Электроникийн сургуулийн тэргүүлэх профессор, доктор Р.Галбадрах саяхан Германд энэхүү будгийн дээжээс шинжлүүлж, судалгаа хийсэн байна. Тэрбээр шинжилгээнд явуулсан энэхүү будгаа 100 айлын зах дээрээс худалдаж авсан байгаа юм. Ер нь манай иргэд ч эл будгийг 100 айлын зах дээрээс ихэвчлэн авдаг. Ингээд шинжилгээнд явуулсан улаан хүрэн будгаас хар тугалга 5 хувь, хүнцэл 0.5 хувь мөн кадмий хром гээд бүхий л хорнууд илэрчээ. Тэгэхээр бид ийм л хороор хашаа байшингаа будаж, дотор нь аж төрж байдаг байх нь.
Харин хүнцэл металл нь мэдрэлд хортой бодисыг ялгаруулдаг. Хүнцэлийг уран зургийн будаг гаргаж авахад хэрэглэдэг байсан бөгөөд маш олон зураач нар үүнд хордсон болов уу гэж эрдэмтэд таамагладаг. Тэгэхээр бас л хүний мэдрэлд нөлөөлдөг аймшигт хор. Их хортой, амьсгалах, залгих, арьсанд шингэснээр амь насанд аюул учруулна. Арьсанд хүрэхээс болгоомжлох ёстой. Хүрэлцэх ба амьсгалснаас үүссэн хор нөлөө удаан хугацаагаар үргэлжилж болдог аж.
Тэгэхээр ийм аймшигтай хороор хашаа байшингаа будсан айлууд нэгийг бодоход хүрчээ. Мөн дахин энэ төрлийн будаг авч будахаас сэргийлэх нь зүйтэй болж таарлаа.
Таны хүүхэд болоод гэр бүлийнхэн, өөрт чинь энэхүү будагны хор хөнөөл мэдэгдэхгүйгээр “нэвчиж” байгаа юм биш биз!. Ямар ч байсан энэ удаад сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллээ хүргэлээ. Харин дараагийн удаад энэхүү хорыг саармагжуулах, сэргийлэх хийгээд мэргэжлийн хүмүүсийнх нь яриаг хүргэх болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)