“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбогдуулан бүсүүдэд хэрэгжиж буй томоохон ажлын нэг болох Шинэ хоршоо хөдөлгөөнийг онцолж байна.
Өнгөрсөн онд “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль баталсан билээ. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 24 хувийг бүрдүүлж байдаг уламжлалт мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжиж, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлж, Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдлийг багасгаж, хөдөөгийн сэргэлтийг бодит ажил болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар 166 дугаар тогтоол баталж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэлсэн.
Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээр хоршооны гишүүн малчин арилжааны банкнаас жилийн 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 5 хүртэлх жилийн хугацаатай авах боломж бий болсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрт Шинэ хоршоо хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, цаашид эрчимжүүлэх чухал зорилтууд тусжээ. Мөн "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байна.
Монгол Улс нийт 195,746 малчин өрхтэй агаад 308,730 малчин иргэн бий. Мөн одоогоор манай улсад 57.6 сая толгой мал тоологджээ. Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 9303 шинэ хоршоо байгуулагдаж, 91,456 малчид хоршоонд гишүүнээр элсжээ. Харин нийт 6469 хоршооны гишүүн 22,691 малчин 769 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан байна. Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн эргэн төлөлт энэ сард эхэлж байгаа ба одоогоор 9.3 тэрбум төгрөгийн эргэлт төлөлт хийгджээ. 2024 оны эцэст 8010 хоршоо татварын тайлайн ирүүлж, 402.7 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллаж, 570.8 сая төгрөгийн татвар төлөх тайлан ирүүлжээ.
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх ОНЦЛОХ ажлууд
- Хоршооны гишүүн малчны зээл олголт хэвийн үргэлжлэхэд анхаарч ажиллана. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хүү багатай зээлийн эх үүсвэр татаж, жишиг хоршоодыг зээл авах боломжоор хангана.
- Хоршоод мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 га хүртэлх газар эзэмших ажлыг эрчимжүүлнэ.
- Хоршооны гишүүн ногоон тэжээл тариалах зорилгоор газар эзэмших боломжоор хангаж ажиллана.
- Анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжиж ажиллана.
- Хоршоод үйл ажиллагаандаа болон бүтээгдэхүүнүүддээ стандарт нэвтрүүлэх үйл явцыг дэмжинэ. Стандарт хангаснаар томоохон худалдан авагч нэмэгдэх, хүү багатай зээл олдох зэрэг олон давуу талыг бий болгоно.
- Хоршоодыг чадавхжуулах сургалтууд үргэлжилнэ.
- Хоршоо хөгжсөн гадны улс орнуудад туршлага судлах аялалд хамрагдах боломжоор малчин хоршоологчдоо хангаж ажиллана.
- Жишиг хоршоодыг зах зээлтэй холбох, томоохон үйлдвэрүүдтэй гэрээ байгуулах чиглэлд дэмжиж ажиллана.
- Аймаг, сум бүрт Шинэ хоршоо хөдөлгөөн хариуцсан мэргэшсэн бүтэц сурган ажил
ХОЙД БҮС: “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад нийт 1394 хоршоо байгуулагдан 13,789 малчин хоршоонд гишүүнээр элссэн байна. Үүнээс 945 хоршооны гишүүн 3,321 малчин хоршоологч 123 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.
Сэтгэгдэл (1)