Энэ хаврын чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал, хуулийн төслийг санаачлагчийн зүгээс Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай.
Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна.
Зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Ийнхүү уншигч та бүхэнд УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс ОНЦЛОХ заалтуудыг хүргэж байна.
Нэг. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ, удирдлагад суурилсан үйл ажиллагаа сайжирна.
Хоёр. "Хар жагсаалт" гэх ойлголт байхгүй болно
Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлээс гадна тухайн хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр, авлага ордог. Харин гар утасны зээл, хэрэглээний зардал зэргээ төлөөгүй бол муу зээлийн түүхэнд орж ангилагддаггүй. Тухайн хэрэглэгч нь хэрэглээний зардлаа төлж, барагдуулахад зээлийн төлөв хэвийн болно. Ер нь хар жагсаалт гэж байдаггүй.
Гурав. Зээлдүүлэгч эрсдэлгүй, зөв шийдвэрийг шуурхай гаргах боломжтой болж, банк санхүүгийн салбарын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ буурна.
Дөрөв. Онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна
Энэ талаар УИХын гишүүн Э.Батшугар "Дэлхийн 28 орны туршлагыг судалж үзсэн. Тухайлбал, 2004-2019 оны хооронд зээлийн зэрэглэлээ тогтоосон улс орнуудаас харахад зээлийн хүү нь 3,2- 3,4 хувиар буурсан жишээ байна. Мөн Вьетнам улсын зээлийн хүү манайх шиг 18 хувьтай байснаа 12,14 хувь рүү буурсан байна. Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлаад 100 хувь гэж харахад 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн, 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардалд хуваарилагддаг. Иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна" гэсэн юм.
Тав. Зээлийн хүү буурах боломж бүрдэнэ
Нөгөө талаас зээлдэгч өөрийн зээлийн түүхийг хянаж, санхүүгийн сахилга хариуцлага нэмэгдэж, эдгээрийг дагаад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ. Тухайлбал, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхийг үнэлэх зорилгоор ашиглана гэж заасан. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өснө, төлөхгүй бол буурна, эргээд төлөхөд дахин өсөх динамик горимд шилжихийг зорьж байна.