Манай сайтын зүгээс та бүхэндээ яруу найрагчдын цасны тухай бичсэн сайхан шүлгүүдээс түүвэрлэн хүргэж байна.
1. Яруу найрагч Д.Баттогтох
Өглөө босоход минь бороо орсон байгаасай
Өнгө нь тунгалаг наран гийж үүл нь цэлмэсэн байгаасай
Шөнө зүүдэлсэн зүүдээ бодож ижийгээ нэг үзэх юмсан
Шүүдэр дундуур туучиж даарсан хөлөө бариулах юмсан
Өглөө босоход аав минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь зүүдийг мэдэж ижийгийн минь тавьсан ааруулыг авчирсан байгаасай
Үглэж дуулахыг нь санан санан байж амтархан идэх юмсан
Үгүйлж уйлахын жаргал оноосон орчлонгийн үүднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өтгөн цагаан үүл нь арилж наран мандсан байгаасай
Ижийнхээ ярьдаг үлгэрийг дурсаж Цагаан дарь эхийг цасаар урлах юмсан
Ингэтлээ санаж очоод ижийдээ нэг үнсүүлэх юмсан
Өглөө босоход эгч минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь бодлыг мэдэж ижийгийн минь дээлийг өмссөн байгаасай
Үнсэж үнэрлэхийг нь санан санан байж дээлийнх нь товчийг имрэх юмсан
Үзэж явахын жаргал дутсан орчлонгийн үүднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас ч ороогүй, бороо ч ороогүй байгаасай
Өндөр дээд огторгуйд ангир нисэж үзэгдээсэй
Тэнгэрт тасарсан шувууны өдийг барьж захиа бичих юмсан
Тэрлэгэн дээлийг минь явуул гэж хэл хүргүүлэх юмсан
Өглөө босоход дүү минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь санааг мэдэж тэрлэгийг минь авчирсан байгаасай
Ширхэг ширхэг цагаан үсийг нь санан байж ижийгээ нэг бодох юмсан
Шинэ дээлийн өнгө дүүгээр буцааж
Ижийгээ нэг баярлуулах юмсан...
2. Яруу найрагч Ц.Доржсэмбэ
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй.
Ороогүй гэж бодсон
Ой дурьтгалыг минь тойрон
Одоо ч цас бударсаар л байна.
Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурьтгалыг минь тойрон
Одоо ч бороо шивэрсээр л байна
***
Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ...
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь...
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна
Ай тэр, гэрийн минь тооноор гэрэл үзэгдэв
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ, ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь...
3. Яруу найрагч Л.Өлзий-Төгс
Цас болгон өөр өөр будардгийг
Цаг мөч бүхэн үхэл байдгийг
Анзаарахын тулд би арван жил үхэв.
Зовлон гэдэг дотор минь байдгийг
Зовно гэдэг л амьдрал болохыг
Анзаарахын тулд би арван жил төөрөв.
Торгоны өнгөнд илч байдаггүйг
Толинд туссан сар гэрэлтдэггүй болохыг
Анзаарахын тулд би арван жил сохров.
Хүснэ гэдэг л там болохыг
Хүрнэ гэдэг чинь төгсгөл болохыг
Анзаарахын тулд би арван жил тэмүүлэв.
Олсон бүхнээ, олоод атгасан бүхнээ
Орхихын тулд одоо арван жил хэрэгтэй...
4. Яруу найрагч Г.Хашбаатар
Цас ороод дуусчихсан уу
"Цас" романаа уншаад дуусгачихсан уу
Би цас байсан ч болоосой
Ном байсан ч болоосой.
Бэлдэж үлдээсэн түлээ минь дуусаад
Биедээ баймгүй хүчээр
чи минь сүх өргөнө үү
Эвлүүлж бичсэн шүлэг минь сүх өргөх хүчгүйд
Энэ л холд би биеэ зүхэн сууна.
Зун цагийн сүр бардам халгайнд
Зорьж очих шувуу ч үгүй үзэгддэг.
Зулгарч унасан намар нь нохой шээхийг үзэх нээ
Зуурдын бүхний өмнө амьд болгон хүчтэй.
Хуучин дээврийн хар цаасыг хучиж ордог цаснаар
Худлыг ч гэсэн аажмаар хучиж дарах цаснаар
Дүнсийгээд биесээ ширтэх хоёр улиасны хооронд
Дүүжин ор ганцаар салхинд савлах
Өвлөөр
Элс нь хатуу, чулуу нь зөөлөн, цас унадаггүй газарт,
Эгнэт хайртай бүхнээ
Санах нь хатуу, нулимс зөөлөн, цас шиг будрах би.
Иртэй сүх нь мохоо үг шиг байна уу?
Илчит галандаа чи минь гараа ээж сууна уу?
Би сүх байсан ч болоосой
Гал байсан ч болоосой...
5. Яруу найрагч П.Майнбаяр
Удахгүй энд улам их цас унана
Урцыг минь цас нэвсийтэл дарна
Тэр цасан дундуур чаргатай хүүхнүүд
Тэнгэрийн тухай дуу аялан давхих болно.
Энэ дууг сонсох сон гэхдээ
Эцэж цуцахыг мэдэхгүй урагшилж явна
Хөл тушсан цас, салхиных нь завсраас
Хэл ариусгасан анхилуун үгсийг би олно.
Өтгөн манан дундаас ятууны нүд
Өөрийг минь харахаас өөр юу ч харагдахгүй болно
Тэнгис голууд хөлдөөд ан цаваар нь
Тэмүүлэмтгий одод орж гарахыг л үзэх болно
Халамцуу өвгөн урцныхаа хоймроос хашхирахад
Харь үгс хайр найргүй нисэлдэнэ
Харанхуйн зогсоол улам тод гэрэлтэнэ
Гэхдээ л энэ бүхэн энд даанч өчүүхнийг
Гэрэвшсэн алга руугаа үлээмэгц мэднэ
Удахгүй энд улам их цас унах болно
Умард хязгаараас миний сураг сонсогдохоо болино...
6. Яруу найрагч Б.Жамбалдорж
Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яайш цацан бужигнуулсн цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана
Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа
Л.Баяр
Сэтгэгдэл (3)