Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад хийж буй албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай таван нам, эвслийн төлөөлөл багтсан. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяртай уулзаж, айлчлалын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгааг сонслоо.
-УИХ-ын даргаар ахлуулсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөх гэж байна. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан парламентэд суудалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий айлчлалын бүрэлдэхүүн Англи Улсад ажиллаж байна. Олон улсын харилцаа, дипломат харилцаа тогтоосныхоо үр дүнд хэрхэн, яаж нийгэм, улс төрийн хүрээнд хамтарч ажиллах вэ? Тэр тусмаа сүүлийн үед геополитикийн хүрээнд тогтворгүй, ойлгомжгүй, нэлээд савалгаатай энэ цаг үед Англи төвтэй Европын улс орнууд нэгэн хүчирхэг багана болж, сүүлийн нэг сарын хугацаанд маш идэвхтэй геополитикийн бодлого, үйл ажиллагааг илэрхийлэх болсон. Манай айлчлалын онцлог нь Монгол Улсын Их Хурлын даргаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүд гадаад харилцаагаа аль чиглэл, салбаруудад түлхүү анхаарч, гүнзгийрүүлэх боломжтой вэ гэдэгт анхаарч байгаагаараа онцлогтой юм. Хоёр дахь онцлог нь, төрийн айлчлал төрийнхөө түвшинд уулзалт, хэлэлцээрүүдийг хийгээд явдаг бол энэ удаагийн айлчлалаар энэ улсын бахархал болсон дэлхийд данстай хоёр том их сургуулиар цаг, хугацаа гарган орж чадлаа. Энэ бол маш чухал үйл явдал юм.
-Та ямар учраас чухалд тооцох болов?
-Оксфордын их сургуульд бид зорьж очиж, бүтэн цагаар ажиллалаа. Тус сургуулийн ерөнхийлөгчтэй уулзаж, санал солилцсон. Мөн холбогдох судалгааны чиглэлийн эрдэмтэд, хүмүүстэй уулзаж, төрийн байгуулалт, эдийн засгийн чиглэлээр туршлага судлах, тодорхой сэдвийн хүрээнд хамтарч ажиллах, мэдэхгүй, чадахгүйгээ нөхөж авах тухай яриаг өрнүүллээ. Харин өнөөдөр Кэмбрижийн их сургууль дээр ажиллаж байна. Энэ сургууль бол шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд данстай сургууль юм. Онцлог нь Кэмбрижийн Их сургуульд Монгол судлаачид байдаг. Улсын Их Хурлын дарга судалгааны төвтэй танилцлаа. Энэ судалгааны төвд бид бүх чиглэлээр оюутан, залуучуудаа сургах, хамтарч судалгааны ажил хийх боломжтой. Дөнгөж сая Монголын малыг дэлхийн зах зээлд гаргах, Монгол малын онцлогт тохирсон шинэ стандартыг нэвтрүүлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, байгаль экологитой холбоотой усны асуудлууд болон усны ай сав газруудын нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх зэрэг асуудлыг улс эх орныхоо ирээдүй, хойчоо бодож, тулгамдсан асуудалд шийдэл өгөхүйц судалгаануудын үр дүнг нэвтрүүлэх талаар хэлэлцсэн онцлогтой уулзалт боллоо.
-Монгол судлалын эрдэмтэдтэй уулзаж, олон чухал асуудлыг ярилцжээ. Таны хувьд юуг онцлох вэ?
-Судалгааны төвийн захирал, профессор Дэвид гэж мундаг хүн байдаг. Энэ профессортой бид юу ярьсан гэхээр ер нь боловсролын зээлийн сангийнхаа дүрэм, журам, хуульд өөрчлөлт оруулъя, зочин судлаачийн асуудлуудыг нэмье, хөрөнгө төсвийг нь ч нэмье, оюутан, залуучуудаа Монголынхоо хөгжлийн бодлоготой уялдуулж сургах асуудлыг мөн ярьсан. Энэ ярьсан болгон зүгээр нэг айлчлалын үеэр ярьж хөөрөөд өнгөрөх бус, даруй харьж очоод ажил хэрэг болгож, хамтын ажиллагаагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ажил хэрэг болгоход та бүхний оролцоо, хамтын ажиллагаа ихээхэн чухал байх, тийм ээ?
-Энэ оны тавдугаар сарын 17-нд Оксфордын Их сургууль дээр Англи улсад ажиллаж амьдарч байгаа болон сурч буй оюутан, залуусын уулзалт зохион байгуулна. Миний бие УИХ-ыг төлөөлж ирж ажиллана. Тэгэхээр энд сурч ажиллаж байгаа Монгол оюутан залуусын гол хүсдэг зүйл юу юм гэхээр “Бид эх орныхоо хөгжилд яаж хэрэгцээтэй байх вэ” гэдэг асуудал юм. Гэтэл харамсалтай нь яаж хэрэгцээтэй байх арга замаа олдоггүй. Тавдугаар сарын 17-ны уулзалт маш үр дүнтэй, чухал уулзалт болно гэж төсөөлж байна. Монголын чадварлаг, олон залуус энэ улсад ажиллаж, амьдарч байна. Бүхий л чиглэлд ажиллаж байна. Тэр тусмаа технологи, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, шинжлэх ухааны салбарууд, Английн парламентэд хүртэл Монгол залуу саяхныг хүртэл ажиллаж байсан. Тэдгээр залуустайгаа бид хамтран ажиллах, хүсэл, мөрөөдлийг нь, зорьж байгаа зүйлийг төрийн бодлого, шийдвэрт тусгах нь чухал юм.
Сэтгэгдэл (7)