Монгол оронд таван зүйлийн шилмүүст мод байдгийн нэг нь хуш мод билээ. Манай оронд өргөн тархсан зэрлэгээр ургадаг мөнх ногоон нүд булаам сайхан мод бөгөөд дунджаар 20-40м, тохиромжтой газар 50м хүртэл өндөр ургадаг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүс, ой тайгад ургадаг мод юм. “Айл бүр арван мод тарья” facebook группээс санаачилсан санаачлагын хүрээнд хуш модны талаарх мэдээлэл өгье.
Латин нэр нь “Pinus sibirica” эсвэл “Siberian pine” бөгөөд Англиар хуш мод (Sedar), Оросоор (Сибирский кедр) нь Нарсныхан (Pinaceae) овгийн шилмүүстний анги (Coniferales), боргоцойтны багт (Conifеrae) багтах шилмүүст, мөнх ногоон, давирхаат мод юм. Нарсныхан (Pinaceae) овогт нь хуш, жодоо, хуш, шинэс, хуш гэх мэт олон янзын шилмүүст мод багтдаг томоохон овог юм.
Дэлхий дээр хэд хэдэн зүйл хуш мод байдаг, өргөгдөж ургадаг мөчрүүдтэй, мод нь нарс мод шиг хэлбэртэй ургадаг бөгөөд тэд 500 жил хүртэл урт насалдаг. Манай орны ой нь шилмүүст болон навчит мод гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдах ба 140 гаруй зүйлийн мод, сөөгнөөс бүрдэх бөгөөд 18929,8 мянган га талбайг эзлэн оршдогын 5 хувьд нь хуш мод ургадаг. Манайд сибир хуш, cолонгос хуш, явган хуш гэсэн гурван зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол улсын газар нутагт байршин ургадаг. Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушан ой тархан ургаж байна.
Хуш нь дэлхийн сэрүүн бүсийн урт насладаг, том хэмжээтэй болж ургадаг мод билээ. Мод нь 20-40м хүртэл өндөртэй, мөнх ногоон, давирхайтай, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц навчтай (шилмүүс) мөчрүүдтэй байна. Монгол оронд хуш нь уулын энгэрт, уулын ам, орой хэсэгт, уулын ар өвөрт зонхилон ургана. Хуш нь урт настай, дунджаар 200 жил насладаг ба байгалийн аясаар өөрөө нөхөн сэргэдэг онцлогтой мод юм. Хушны хэлбэр нь гоёмсог ерөнхийдөө конусдуу хэлбэртэй байдаг ба их биений холтос нь бор саарал өнгөтэй, мөчирнүүд нь хар саарал, шилмүүс нь гүн ногоон, хар ногоон өнгөтэй тав таваараа суусан 6-12 см урт шилмүүстэй байдаг. 25-45 насандаа үр өгч эхэлдэг ба үр нь 12мм урт, 8мм диаметртай боргоцойн дотор байрлах самаруудтай ба дотроо олон тооны самар буюу гадуураа ястай дотроо чөмөгтэй байдаг. 15 настай хушны суулгацын өндөр нь 4-6 м хүртэл ургадаг. Харин 25 настай хушын өндөр 9-10м хүртэл ургадаг бол 40 настай хушын өндөр 15-16м өргөн нь 30-40см хүрдэг.
Байгаль цаг уурын тааламжтай нөхцөлд илүү өндөр, өтгөн шулуун оройтой ургадаг байна. Хушны мөчир нь их биенээсээ сайтар тусгаарлагдан ургадаг ба торгомсог шилмүүстэй байдаг нь гэрлийг доош нь сайн нэвтрүүлдэг. Тийм учраас хушан ой нь шинэсэн ойг бодвол илүү их гэрэл гэгээтэй байдаг байна. Үндэс нь газарлуу 1-1.5м гүнд нэвтэрч салаалан хааш хаашаа маш их тэлж ургадаг учраас шим тэжээлээ хангалттай олж авч чаддаг.
Модны ач холбогдлын хувьд экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод юм. Модноос нь цаас, давирхайнаас нь шүүс гаргаж авдаг. Мөн тэдгээрээс төрөл бүрийн лак, будаг, эм тан зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Давирхайнаас нь турпентин гэх ашигт бодис гарган авдаг. Шилмүүс А болон С амин дэмээр маш баялаг тул нүдний хараа, дархлаанд сайнаар нөлөөлж, үс, арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, цусны улаан эсийн нийлэгжилтийг сайжруулдаг. Хушны шилмүүс нь антиоксидант агуулдаг учраас хүний биед хортой, өвчин үүсгэгч чөлөөт радикалуудыг бууруулдаг. Шилмүүснээс нь амин дэмүүд гаргаж авдаг, С аминдэмээр маш баялаг байдаг ба шилмүүсний тос шүүсээр хийсэн нэг төрлийн амтат пиво гэж байдаг. Хушны шилмүүсний шүүс нь шарх, зүслэг, түлэгдэлтийг эмчилдэг. Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг бөгөөд энэ нь ойн чийгшилийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг. Нэг га мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг. Хуш мод нь хамгийн түрүүнд агаарыг цэвэрлэж бид бүгдийн амьсгалах таатай орчинг бүрдүүлж өгч байдаг.
Хушны самар нь түүхий болон дулааны боловсруулалт хийсний дараа идэж болох хүнсний үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм. Хушны боргоцой нь 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр болц гүйцнэ. 10-р сараас эхлэн болц гүйцсэн самар газарт унаж эхэлнэ. Боргоцой нь өндгөн хэлбэртэй, цайвар хүрэн өнгөтэй 20 см хүртэл урт, 5-10 см өргөнтэй модорхог хайрстай. Үр буюу самар нь 0.8-1.2 см урт өндгөн хэлбэртэй, бор хүрэн өнгөтэй, самрын нэг тал бүрзгэр, нөгөө тал нь гялгар байдаг. 1000 үрийн жин 230-250 г байна. Түүнчлэн хушны боргоцой нь 5-20 урт дотроо чөмөгтэй самартай бөгөөд болох хушны самарыг эртнээс эмч нар анагаах ухаанд ашигласаар байгаа билээ. Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувууд, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг хөхтөн амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг бол баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог. Харин зэрлэг гахай өдөрт 2-2.5 кг самар идэж байж онд орох боломжтой болно.
Хушны самарын амин дэм ач холбогдол нь хушны 100г шилмүүс 260-360 мг "С" витаминтай, хушны самар 16-18% уурагт бодис, 60% тослогтой. Монголд ургадаг боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусдаас арав дахин их, 10 гр самар нь микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2, В6, Д, В12, С, Е ислэг агуулдаг байна. Манган, зэс, цайр, кобальт, фосфор болон бусад органик хүчлүүдийг агуулдаг. Хушны самарны тос нь холестерин бууруулах үйлчилгээтэй , цусан дахь липидийн спектрийг хэвийн болгоход тусалдаг, артерийн даралт бууруулж, илүүдэл жинг бууруулж, зүрх судасны өвчтэй өвчтөнүүдийн урьдчилан сэргийлэх үр нөлөө нь батлагдсан байдаг. Хушны самар нь ходоодны шүүрлийг дарангуйлж , ходоодны шүүс ялгаруулалт буурч, хүчиллэг чанар нь буурдаг. Нэг зуун грамм нарсны самар хүний Е аминдэмийн өдөр тутмын хэрэгцээг хангадаг. Сибирийн хушны давирайнаас ОХУ- д амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгалийн бохь гаргаж авдаг.
Хушан ой нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Гол мөрний эх, усны ундаргыг бүрдүүлж, усны урсцыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хүчилтөрөгч үйлдвэрлэх, нүүрстөрөгчийг бууруулах, хөрсийг тогтоон барьж элэгдэл, эвдрэлд орхоос хамгаалах, гадаргын болон гүний усны эргэлтийг тэнцвэржүүлэх, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэргээр экосистемийн тэнцвэрт байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрийн түүхий эдийн нэг чухал нөөц болж байдаг тул экологи, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Мөн ойн амьтан, ургамал, шувуу, шавьж, бичил биетэн, хаг, хөвд, мөөг, тэр ч бүү хэл хүний амьдрах орчин болдог. Хушан ой нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж, агаарыг цэвэршүүлж хүчилтөрөгч болон биеийн дархлааг дэмжих интерфероныг ялгаруулдаг. Мод нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг бөгөөд бусад ургамлын ургах орчинг бүрдүүлхэд голлох нөлөөтэй ба амьтад шувуудыг хорогдох байр суух мөчир нь болж өгдөг. Монгол орны хушан ойн нөөцийн 81.4 хувь нь Хэнтийн нуруунд, 13.5 хувь нь Хөвсгөлийн уулсаар, 5.1 хувь нь Хангайн нурууны салбар уулсаар тархан ургадаг. Манай улс хуш модны самрын нөөц 120.8 шоо метр байдаг. Самар нь 3 жил тутамд нэг удаа их хэмжээгээр ургадаг онцлог түүхий эд юм. Хушан ой нь экологийн эмзэг системтэй байдаг тул нөхөн сэргээх шаардлагатай байдаг.
Цэвэр агаарын эх үүсвэр болох хушан ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруудаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдэг тул эртнээс хушан ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байжээ. Шилмүүсүүд нь ногоон өнгөтэй ба өөртөө нүүрсхүчилийн хийг сорьж үндсээр нь дамжин ирсэн ус болон нарны гэрлийн нөлөөгөөр (photosynthetic) -н урвал явагдаж буцаагаад хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ утгаараа хушан ой нь өөрөө цэвэр хүчилтөрөгчийн үйлдвэр бөгөөд үүнийг ашиглан уушигний өвчтэй хүмүүсийг хушан ой бүхий хушны үнэртэй газар байлгах нь эдгэрэхэд таатай нөлөө үзүүлдэг ба хуш модон ойд алхах үед хуш модны шилмүүснээс гардаг үнэр нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулан ядаргааг тайлж эрч хүчийг өгдөг байна. Хөгшрөлтийг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Хуш мод хүний дархлааг нэмэгдүүлж, интерферон хэмээх бодис ялгаруулдагаараа бусад модноос онцгой. Тиймээс хушан ойтой газар алхаж уушигаа цэвэрлэх нь эрүүл мэндэд тустай. Хорин настай 1га хушан ой нь өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг. 100 кг хүчилтөрөгч нь 4 ам бүлтэй нэг айлын бүтэн жил амьсгалах цэвэр агаар юм. Иймээс нэг хүн 20 ширхэг хуш мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чадна. Энэ хушан ой нь байгалийн зүй тогтоцынхоо хувьд Сибирийн тайгын зүүн өмнөд хэсгийн төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл нь болж өгдөг. Монгол улсын газарзүйн байрлал нь Сибирь буюу дэлхийн хамгийн том хүчилтөрөгч үйлдвэрлэлийн салхин доор буюу урд нь байрлаж хамгийн сайн цэвэр агаараар амьсгалж буй хосгүй сайхан тавилантай ард түмэн билээ.
Хуш модоор төрөл бүрийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд модон эдлэлийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болдог. Зөөлөн, өнгөлөг, ундаан эдэлгээтэй, хөнгөн байдаг учраас хушаар гэр ахуйн төрөл бүрийн модон эдлэл, хашаа, харандаа, рек мод, шал, тавилга, авдар сав, шүүгээ, сандал, ширээ, байшин зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Сэрүүн бүсийн зөөлөн, бат бөх мод учир чанар сайтай цаас хийхэд ашиглагддаг. Мөн Сибирийн хуш мод нь гайхалтай резонансын шинж чанартай байдаг учир гитар, мандалин, хийл, ятга, төгөлдөр хуур зэрэг олон төрлийн хөгжмийн модон зэмсэг хийхэд гол түүхий эд нь болдог. Зөөлөн, нарийн ширхэгтэй, хөнгөн, боловсруулахад амар, хагарал өгдөггүй, өнгөлөг, бат бөх байдаг чанарыг нь ашиглан Монголчууд модон гар сийлбэр хамгийн их ашигладаг ба хуш модоор төрөл бүрийн гар сийлбэрэн бүтээгдэхүүн тэр тусмаа хөлөгт тоглоомуудыг сийлдэг. Уламжлалт гар урлалд модноос гадна хушны нимгэн үндэс хэрэглэдэг. Ихэнхи төрлийн хуш нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас гаралтай мөнх ногоон, давирхайтай, дунджаар 30-40 метр өндөр ургаж, 20-30 насанд нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж болно. Нэг га талбайд 3000 суулгацыг тариалах боломжтой. Үүний 80-аас дээш хувь нь ургаж өсдөг байна. Харин модны тайралт зөв зохистой ашиглалтын хүрээнд урд хөршид маань гэхэд цонхны рам, хаалга, вагон замын дэр мод, цахилгааны шон хийх, гал түлэх, хашаа зэргийг модоор хийхгүй байх хууль зохицуулалт байдаг нь илүү урт удаан ашиглалттай орлуулж болох өөр материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж олгон зохицуулсан байдаг.
Хушны үржүүлэг болон ойжуулах ажилд хуш мод хөрс шороо голдоггүй, элсэрхэг газар, тэр ч байтугай хад чулуутай газар хүртэл ургаж чаддаг. Хушны боргоцой нь 9 болон 10-р сард боловсордог бөгөөд самар (үр) нь том байдаг. Хуш үрээр маш сайн ургадаг учир ихэвчлэн үрээр тарьж ургуулдаг. Хушны үрийг ойгоор ургах моднуудаас шилж сонгон боргоцойг нь боловсрох тодорхой цагт түүж авч үрээ бэлдэх боломжтой бөгөөд дэлгэж хатааж түүн дотроосоо үрээ цайруулж авна. Үрийг намар ч, хавар ч тарьж болдог. Гэхдээ намар таривал илүү тохиромжтой. Учир нь хушны самар буюу үр нь өвлийн улирлын турш цасан доор дэвтэж хавар хагардаг онцлогтой. Удаан ургалттай учир хооронд нь 3-5 метр зайтайгаар, харин тарих гүн нь 3 хүртэл см байна. 10 настай нарсны суулгацийн өндөр нь 3-5 м хүртэл ургадаг.
Гадаад орнуудад хуш модны боргоцой үр түүх ажил системтэй явагдаж, зөв тариалалт хийн ойгоо нөхөн сэргээж, дунджаар 20-30 жил ургуулсан моднуудыг аж ахуйн зориулалттай бэлтгэн үйлдвэрлэл явуулан маш олон төрлийн бүтэгдэхүүн гарган авч байна. Хуш мод үржүүлэг болон ашиглалтын аж ахуйд тарьсан 30 настай модны голч нь дунджаар 30см диаметр байх ба өндөр нь 20м байдаг. Манай орны ой нь өсөлт удаантай, ган хуурайшилт, түймэр хөнөөлт шавьжинд өртөх магадлал өндөртэй байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадар муутай эмзэг ой юм.
Иймээс дан зэрлэг ойгоо ашиглах бус өөрөө тариад ургуулаад түүнийгээ буцаагаад эдийн засаг бизнесийн эргэлтэнд оруулж болдогын жишээ юм. Нэг га хушан ой 250-600 кг самар өгөх өгөх боломжтой. Харин дунд насны хуш модны модны нөөц 260-560 м³/га байна. Самрын экспорт нь манай улсад уул уурхай, мал аж ахуйн түүхий эд болох ноос, ноолуур болон махны дараа ордог, уул уурхайн бус экспортод тооцогддог байна. МҮХАҮТ-аас явуулсан судалгаагаар, манай улсаас их ургацын жилдээ 100 сая долларын самар, манай улс жилдээ 8000-10000 тонн самар экспортлох боложтой. Самар нь нэмүү өртөг шингээснээр Европын зах зээлд 16 дахин үржигддэг бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар ямар ч бодлого зохицуулалтгүйгээр самрын чөмөг БНХАУ-д гардаг нь харамсалтай.
Цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлд нэн тохиромжтой ба хавар шинэ мөчир шилмүүс үүсч боргоцой ургах үедээ маш гоёмсог харагддаг мөнх ногоон шүлмүүстэй, харагдац сүртэй ба хэлбэр сайтай мод юм. Хотын гудамж талбай, албан байгууллага, хувь хүмүүс хашаандаа тарихад тохиромжтой цэцэрлэгжүүлэлт нөгөө талаасаа гоёл чимэглэлийн ургамал юм. Хүйтэн бүсийн орнуудын томоохон цэцэрлэгт хүрээлэн, паркад чимэглэлийн зориулалтаар тарьж ургуулдаг. Хуш нь хүйтэнд маш тэсвэртэй мод юм. Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна. Модны шүлмүүс нь нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг тогтмол ялгаруулдаг. Үрээр тарьсан суулгац 5-8 жилийн дараагаас 3-5м өндөртэй болох ба үүнийг талбайд шилжүүлэн тарих хамгийн тохиромжтой. Социализмийн үед бид шуудай шуудайгаар нь нарсны боргоцой түүн вагонд ачуулан Орос руу гаргадаг байсан нь өөрөө асар их ойн нөөцтэй Орос улсад мод нь багдаад байгаа мэт харин ойн нөөц маш багатай манай оронд мод нь илүүдээд байгаа юм шиг нарсны үрийг үнэлдэггүй байсан. Харин өнөөдөр урд хөршрүүгээ хэдэн вагоноор хуш модны самарыг хамгийн бага үнээр гаргах гэж бид өөрсдөө дотроо улайрч байна. Имортолж авсан тэр самраараа ямар их ой үүсгэж хэдэн мянган га газраа ногооруулан ойжуулж хэдхэн жилийн дотор томоохон асуудал болоод байгаа элсний нүүдлээ зогсоосон ногоон хэрэм барьж байгаагаас бид суралцах ёстой.
Хөрс бэлтгэл, арчилгаа, тариалалтын хувьд чийглэг, ялзмагаар баялаг, хүчиллэг, хөнгөн хөрсөнд тун сайн ургадаг бөгөөд том болдог учир хашааныхаа зай талбайг бодолцон тарина. Мод нь нялх байхдаа бусад моднуудынхаа сүүдэрт тэсвэртэй ургадаг. Харин намгархаг хөрсөнд тохиромжгүй бөгөөд хөрсний гүний усны нэвчилт нь 1-1.5 метр байх хэрэгтэй. Хуш суулгах тогоо нь 60*60 см хэмжээтэй, суулгах нүхийг 5х10 м зайтай ба доош 80см гүн нүх ухаж хөрсийг маш сийрэг байхаар бэлдэх нь үндэс хурдан тарж бэхжин цаашдын сайн ургалтад нөлөөлдөг. Мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишгэлэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалраагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Хуш нь ургах орчин голдоггүй давуу талтай ба тарихад зориулан ухсан нүхэнд ялзмагт шороонд малын бууц, хар шороо, элс зэргээр багсармал бэлдэж хийж өгөх бөгөөд мөн эрдэс бордоо, фосфор, суперфосфат, кали, азотын бордоог хийнэ. Модыг тарьсан өдөртөө 60-80 литр, сөөгийг 20-30 литр усаар заавал услах шаардлагатай.
Хушны тарилт хийх хугацаа болон суулгац сонголтын хувьд хушны суулгацыг заавал хавар намар гэлтгүй зун ч гэсэн хүйтэн сэрүүн бороотой өдөр хэдийд ч үндсийг нь гэмтээж хатаахгүйгээр шилжүүлэн суулгаж болно. Хаврын улиралд 04.25-наас 06.01-ны хооронд, намрын улиралд 9.25-аас 11.01-ны хооронд намар өсөлт нь зогссон үед болон хавар шинэ нахиа шүлмүүс нь ургахаас өмнө мод тарихад нь хамгийн тохиромжтой.
Учир нь нэг талаас энэ хугацаанд мод тарихад хавар бол модны нахиа задраагүй, намар бол шилмүүсний ургалт удааширсан байдаг учир амьдрах чадвар сайн байна намар өвлийн улиралд суулгацын үндсэнд шороо (хөрс) нягтран барилдаж бэхлэгдэх тул хавар эрт шинээр нэмж нахиалж амьдрах чадвар нь түргэн дээшилж ургалтын хугацаа нь алдагдахгүй. Хаврын суулгац тарихад оройн нахиа иш хатсан эсэхийг сайн шалгаж авах хэрэгтэй. Оройн нахиа хатсан эсэхийг мэдэхийн тулд суулгацын үзүүрийг нугалж үзнэ. Орой нь хатаагүй суулгацын үзүүр уян зөөлөн байна. Харин тарих хугацаанд суулгацын үндэсний системийг аль болохоор гэмтээхгүй шороотой ухаж авах ба үндсийг хатаахгүй, наранд ил тавихгүй байх нь чухал бөгөөд суулгац өвчилж гэмтээхгүй байх хэрэгтэй. Мөн олон настай хөгшин суулгац амьдрах чадвар муутай байдгийг анхаарах хэрэгтэй.
Айл бүр арван мод тарья facebook группийн санаачлагын хүрээнд хэдий манай орны эрс тэс байгаль цаг уурт зохицсон унаган ургамал хэдий ч хуш нь манайд аж ахуй болон айл өрхүүдэд бага тариалагдаж буй ургамал юм. Хуш нь мөнх ногоон үзэмжтэй, ургалт сайн учир цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлд нэн тохиромжтой ургамал. Зам дагуу болон бүлэглэн цэцэрлэгжүүлэлт болон амьд хашаа болон хамгаалалтын зориулалтаар тарьж болно. Үрээр үржүүлдэг бөгөөд хөрс голдоггүй ямарч хөрсөнд сайн ургадаг, халуун болон хүйтэнд тэсвэртэй зэрэг давуу талыг нь ашиглан цаашдаа цэцэрлэгжүүлэлт, ойжуулах ажилд, цэцэрлэгт хүрээлэн төгөл байгуулах, гудамж талбай тохижуулах, амьд хашаанд, бусад мод, сөөгтэй хослон тарихад тохиромжтой бөгөөд үзэмжтэй. Хуш нь хөрс сайжруулагч ба салхины хамгаалалтын үүргүүдийг давхар гүйцэтгэх чанарыг ашиглан жимс жимсгэний аж ахуй, газар тариалан болон мал аж ахуйтайгаа хослуулан хөгжүүлэх, тариалан болон бүх төрлийн аж ахуйд салхин хамгаалалтын нэг үе болгон ашиглаж болно. Суулгасан газраа олон жил ургадаг үзэсгэлэнтэй энэ сайхан модыг “айл бүр арван мод тарья” санаачлагын хүрээнд хашаатай, газартай байгууллага болон айл бүр ядаж нэг хуш заавал тарьж хушан төглийг газар бүрт байгуулахыг та бүхнээсээ хүсэж байна..
Айл бүр хуш мод тарья.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба