Монголд монопол болоогүй зүйл гэж алга. Салбар бүр дээрээ нэг "хаан"-тай. Хаан нь иргэдийг хэрхэн "барьцгүй хавирах", "хатгаж, сүлбэх" төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөө ёсоор болохгүй бол өргөөгөө дотроос нь дангинатал түгжээд уйлж гарна. Тэгээд яах вэ, улс төрийн садан нь очиж аргадаж, тайтгаруулахаас нааш үүдээ тайлна гэж саналтгүй. Яг ийм зүйл гурилын үйлдвэр эрхлэгчдэд тохиолдох нь.
Өсөж хөлжихийн хэрээр гурилаасаа ч "цавуулаг" болж буй эздийн "тунирхал" Засгийн бодлогод наалдах болов уу.
Засгаас гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тэгмэгц л "эздийн лобби"-той нүүр тулж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсээр.
Гурилын үнэ 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаанбуудайн үнэ 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм. Гэтэл гурилын үнэ 1000 орчим төгрөгөөр нэмэгдчихэж. Түүнчлэн 2021-2023 онд ЗГ-аас гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй, хангамжийн тогтвортой байдлыг хангана гэсэн ч энэ үүргээ биелүүлээгүй гэдгийг ШӨХТГ-аас дүгнэжээ.
Гар бариад бугуй барина гэгчийн үлгэр болсон уу? Чухамдаа гурил бол иргэдийн, нэн ялангуяа малчдын хувьд хоол хүнснийх нь гол бүтээгдэхүүн. Гэтэл алслагдсан баруун аймгийн нэг суманд шуудай гурилын үнэ 120 мянган төгрөгт хүрч, иргэд үгээ хэлж байлаа.
Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэснээр гурилын дундаж үнэ 30-40% буурна гэж тэд тооцоолж буй. Мөн ЗГ-аас тариаланчидтай хамтран ажиллаж, улаанбуудайн доод үнийн баталгаа өгнө гэж байгаа.
Гурилын үйлдвэрүүд монопол болсон учраас улаанбуудайн салбарт өрсөлдөөн болон биржээр улаанбуудай зарах боломж хязгаарлагдмал байгаа гэх дүгнэлтэд хүрсэн байна. Үр тарианы үнэ өсөөгүй атал гурилын үнэ 3 дахин өссөн.
Д.Амарбаясгалан хэлэхдээ, "Үндэсний гурил үйлдвэрлэл хэдхэн хүний мэдэлд шилжсэн. Хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ өсгөдөг байдал нь тогтоогдсон гэдэг дүгнэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гаргасан. Шийдвэртэй алхам хийхгүйгээр гурилын үнийг буулгах боломжгүй. Засгийн газар өмнө нь импортын гурилд хэмжээ зааж, хугацаа тавьж байсан тохиолдол бий. Тэр үетэй нь давхцуулаад гурил үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгаж, зогсоодог.
Гурил үйлдвэрлэгчид бүтэн хоёр жил үйлдвэрлэлээ хаахад хотойхооргүй их хэмжээний ашиг олчихсон этгээдүүд байдаг нь тодорхой болсон. Ийм хүмүүс ард иргэдийн амьдралыг бодож гурилын үнээ буулгахгүй гэдэг нь ойлгомжтой.
Тийм учраас Засгийн газар импортын татварыг тэглэх, хугацаагүй оруулж ирэх боломжийг нээж өгч байгаа” гэсэн юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (27)