Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Мөн Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа айлчиллаа. Ийнхүү уншигч та бүхэнд уг айлчлалын хүрээнд болсон мэдээллийг хүргэе.
НЭГ. ТӨРИЙН АЙЛЧЛАЛААР ХАРИЛЦААНЫ ТҮВШНИЙГ ШАТ АХИУЛЖ ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛД ХҮРГЭСНЭЭ ТУНХАГЛАН ЗАРЛАВ
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Мөн Харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ. Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд хамтын ажиллагааг тэлж эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллана.
ХОЁР. ЧЕХИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нийтэд толилуулж эхэллээ. “Чингис хаан” үзэсгэлэнг 2025 оны 03 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ.
Үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм.
ГУРАВ. ЧЕХЭД 14 МЯНГА ГАРУЙ МОНГОЛ ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА
Мөн тэрбээр Прага хот дахь Элчин сайдын яаманд зочиллоо. Чех Улсад манай улсын 14 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг. Энэ нь тус улс дахь нийт гадаад иргэдийн 1.28 хувь гэсэн үг юм. Иргэдийн 10 мянга гаруй нь 18 болон түүнээс дээш насныхан бөгөөд 97 хувь нь оёдол, эд анги угсралтын болон махны үйлдвэрт ажилладаг.
Жилд 200 орчим хүүхэд мэндэлдэг, дунд сургуульд 203, бага сургуульд 1,217, цэцэрлэгт 465 хүүхэд сурч, хүмүүжиж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 120 гаруй оюутан Чехийн их, дээд сургуульд суралцжээ.
ДӨРӨВ. ЧЕХЭД “ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 29 ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА
Ерөнхийлөгч “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа. 29 оюутны найм нь Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа бол 21 нь Карлын их сургуулийн Подебрад хотын Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд хамрагдаж байна.
Эдгээр оюутан ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм.
ТАВ. ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН ОРДЫГ НЭЭСЭН ЧЕХ ГЕОЛОГИЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Элчин сайдын яамны өргөө гэрт чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 98 настай М.Краутер 1960-аад онд Монгол-Чехословакийн геологийн хамтарсан багийг ахлагчаар ажиллаж байсан юм. Хамтарсан баг хоёр жилийн дотор Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлж, зураглалыг нь хийсэн түүхтэй.
Энэ ордыг түшиглэн байгуулсан Эрдэнэт үйлдвэр өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийлжээ.