"Сонгогчдын анхдугаар чуулган"-ыг зохион байгуулах болон цаг үеийн асуудлаар Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалттай ярилцлаа. Тус чуулган тавдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд чуулганаас гадна "Худлаа ярихаа зогсоо" уриатай нийт сонгогчдын нэгдсэн хөдөлгөөнийг өрнүүлэх аж.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Сонгогчдын анхдугаар чуулган"-ы талаар яриагаа эхэлье.
-Сонгууль болохоор л улс төрийн намууд биднийг сонгооч гэдэг. Харин сонгогчид эргэлзээтэй, бухимдалтай, айдастай байсаар ирсэн. Тиймээс бид сонгогчдоос хамааралтай нийгмийг эрүүлжүүлэх шаардлагатай байна. Төр, эрх баригчдад бурууг чихэхээс илүү сонгогчид үндсэн хуульд олгогдсон эрхээ ухамсарлаж ойлгох хэрэгтэй л дээ. Бидний сонгуульд хандсан хандлагын тусгал нь өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаа. Иймд бид "Сонгогчдын анхдугаар чуулган"-ыг тавдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна. Өмнө нь төслийн талаар хүмүүст мэдээлэл бага хүргэсэн ч гэсэн маш олон хүмүүс дэмжиж, уг төсөлд хамрагдахаа илэрхийлсэн. Олон хүн оролцохоор болбол Сүхбаатарын талбайд зохион байгуулах төлөвлөгөө бий.
-"Сонгогчдын анхдугаар чуулган"-аар ямар мэдээллүүдийг хүмүүст хүргэх вэ? Орон нутгийн иргэдийн хамруулах уу?
-Чуулганаар сонгогчдод сонгуулийн тухай бодит мэдлэгийг олгоно. Мөн үндсэн хуулийн мэдлэгийг олгох зорилготой. Нэр дэвших гээд эргэлзэж буй эрдэмтэн судлаачид их бий. Гэсэн ч тэд мөнгөтэй хүмүүстэй яаж өрсөлдөх юм бэ хэмээн хойш сууж байна. Уг нь тэдгээр хүмүүсийн өөрийн сурсан мэдсэнээ гаргах цаг болчхоод байгаа юм. Иргэд ихэвчлэн хийх сонголт алга гэж хэлдэг. Энэ хоёр намаас өөр сонголт байдаггүй юм уу гэдэг. Тиймээс бид гуравдагч сонголтын гаргаж ирэхийн тулд ажиллах юм. Тухайлбал, нэр дэвших гээд эргэлзэж буй УИХ-д зайлшгүй байх ёстой хүмүүсийн нэрсийг орон нутаг болгоноос гаргаж ирэх зорилготой.
Мэдээж, орон нутгийн иргэдийг оролцуулна. Бидний үйл ажиллагааг дэмжье, оролцъё гэсэн хүмүүс бий. Тухайлбал, нэг сумаас хоёр хүн ирнэ хэмээн тооцсон. Улсын хэмжээнд 3000 мянган хүнтэй чуулган зохион байгуулах юм.
-"Club126" төслийн хүрээнд салбар хороод байгуулах юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Club126 төслийн хүрээнд аймаг, хороо болгон дээр салбар хороод байгуулна. Салбар хороо болгон сонгууль гэж юу вэ, нэр дэвшигчийн хэрхэн яаж шинжиж, зөв сонголтоо хийх юм бэ гэсэн тодорхой мэдлэгийг сонгогчдодоо олгоно. Ийм хүнийг, ингэж сонгох ёстой шүү гэх чиглэлийг өгчихвөл сонгогчдын сонголт зөв болох юм. Мөн жижиг, материаллаг зүйлсэд хуутахгүйгээр яг өөрийгөө төлөөлөөд үнэнч шударгаас ажиллаж чадна гэсэн хүмүүсийг сонгохын тулд ард түмэн хоорондоо хэлэлцээсэй хэмээн хүсэж байна. Өнөөдрийн миний ярьж буй зүйлийг орон нутагт хүмүүс бодоосой.
Бид хэнийг сонгож болохгүй вэ гэх судалгаа явуулсан. Тэгэхэд тэр ч хулгайч, энэ ч тийм гээд маш олон хүмүүсийг нэрлэж чаддаг. Яг тэр нэрлэж буй хүмүүсээ хулгай хийхийг харсан уу гэхээр үгүй, хүмүүс л тэгж ярьж байна гэх нь олон. Яг ийм цуу яриагаар бид нэг нэгнийгээ дүгнэж байна. Харин танд өөрийг тань төлөөлөхөөр итгэлтэй хүн байна уу гэхэд нэрлэж чадах хүн байхгүй болчихсон. Энэ сонголтгүй байдал биднээс өөрсдөөс нь шалтгаалж байгаа. Ард иргэд өөрсдийн хүссэн төрөө байгуулахын тулд дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй.
Мөн бид энэ чуулганаараа сонгуульд оролцох хэрэггүй гэсэн уриалгыг болиулмаар байгаа юм. Бид бүгд сонгуульд оролцох ёстой.
-Монгол Улсын иргэдийн сонгуулийн болон улс төрийн боловсролын түвшин ямар байна хэмээн таны хувьд харж байна вэ?
-Сонгогчдын боловсрол маш муу байна. Бид шат шатны төлөөллийн байгууллагын дөрвөн төрлийн субъектээс Үндсэн хуулиа мэддэг үү, үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаг уу гээд асуухад зөв бичих чадварын хувьд ямар вэ гэдэг нь хүртэл эргэлзмээр хүмүүс олон байна. Эндээс харахад өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монголчууд бид хүний хөгжил гэдэг зүйлийг хаячихсан байна. Хүний хөгжил гэдэг бол материаллаг зүйл биш шүү дээ. Нийгмийн үнэт зүйлийг мөнгө гэж тодорхойлсон нь буруу. Хүмүүс өөрсдөө мэдлэгтэй болоод нэр дэвшигч нараас асуулт асуугаад эхлэх юм бол нэр дэвшигчид ч чанаржина.
-Монголын Хүний төлөө нам сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн. Энэ жилийн сонгуульд ямар чиг шугам, зорилго тавьсан байгаа вэ?
-Иргэний хяналтын багц хууль, Амьдрах нөхцөлийг дэмжих хууль гэсэн үндсэн хоёр хуулийн санаачлан батлуулах зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд гаргасан хамгийн том алдаа бол төрийн хяналтыг байхгүй болгосон явдал. Хуучин ардын хянан шалгах хороо гэж байсан. Энэ байгууллагыг татан буулгаж, төрийн хяналтын сулруулснаар гэмт хэрэг үйлдсэн, хулгайд нэр холбогдсон маш олон төрийн түшээдтэй болчихлоо. Үүнийг нэгдүгээрт засах ёстой. Мөн Монголдоо амьдрах хүсэлтэй хүмүүсийг дэмждэг байх хэрэгтэй байна. Үндсэний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол Монголчууд монголоос дайжих талаар бодож байна шүү дээ. Иймд иргэд, сонгогчид сонгуульдаа идэхтэй оролцож, УИХ-ын гишүүдээс юуг хүсэх, юуг шаардаж болохгүй вэ гэдгээ мэддэг болох хэрэгтэй байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Батчулуун