Манай улсад нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүд борооны дараах мөөг шиг олон. Тэгвэл энэ нь хангалтгүй байгаа бололтой, нийтээр амрах өдрийг нэгээр "нэмэгдүүлэх" гэж нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Тодруулбал, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг тус хуульд нэмсэн байна. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Үнэн хэрэгтээ шүүхийг сурталчиллаа гээд шүүхэд итгэх итгэл нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн итгэл үнэмшлийг сурталчилгаа төдийхөн болоод амрах эрх чөлөөг олгож буй хууль эргүүлж чадах уу, мөн л бодох асуудал.
Ард түмэн жижиг сажиг, болсон болоогүй амарсан нэртэй байхын оронд уламжлалт цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар л илүү урт хугацаагаар амрахыг хүсэж байгаагаа тухайн үед илэрхийлж байлаа. Гурван хоног золгуутаар хөдөө орон нутаг руу яваад буцаж ирэх гэж бухимдаж, сандардаг шүү дээ. Мөн зуны дэлгэр цагт хөдөөг чиглэх олны урсгал ихэсдэг. Яг үүнтэй зэрэгцэн хэдхэн хоног хөдөө рүү яваад буцаж хот суурин бараадахад олон машины цуваа хэдэн арван километр үргэлжилдэг билээ, бодох л асуудан.
Чухам, бүх нийтээр амрах өдрүүдийг нэмэх бус заримыг нь хасаж, иргэдийн зориулан бэлддэг, ач холбогдол өгдөг баярын амралтыг л сунгах нь нэн тэргүүнийх байлтай.
Үүнээс гадна зургаадугаар сарын 14 бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөр. Хоржоонтой ч гэх үү, эл давхцал төрийн өндөрлөгийн эснэсэн өдрийг тэмдэглэж буй мэт эсрэгээр эргэхийг ч үгүйсгэх аргагүй юм.
М.Жаргал