Дахин нэг албан хаагчийг бид цаг бусаар, халуун галд алдаж, таван нялх хүүхэд өнчрөн үлдлээ. Улаан гал руу, улайран үерлэх гол руу орж, гамшгийн өөдөөс тэрслэн босож, бусдын амийг аврахын төлөө нарийн олсон дээгүүр тэнсэн явагчдын амь насыг хэн хамгаалах ёстой билээ.
Өнөөдрийг хүртэл Монгол Улсын "онцгой" алба руу "онцгой" анхаарал хандуулж байсан удаагүй.
Хувцас хэрэглэлийн нөөцгүй хориннэгдүгээр зууны Онцгой байдал. Усан буугаа бариад үхэл амьдралтай тэмцдэг хориннэгдүгээр зууны Онцгой байдал. Хэн ч хариуцлага хүлээдэггүй, байр өгөөд мултардаг хориннэгдүгээр зууны Онцгой байдал. Тэтгэвэртээ ч гарч болдоггүй хориннэгдүгээр зууны Онцгой байдал. Онцгой байдалд л онц байдал зарлах болжээ. Онц байдалд байгаа ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян буюу Ерөнхийлөгчийн "анд" энэ бүгдэд хариуцлага үүрэх үү? Түүнд үүрүүлэх үү?
"Хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, амиа өргөхөд бэлэн" гэж тангараг өргөсөн үүргээ ухамсарлаж яваа албан хаагчдын эрх ашгийн төлөө хэн, хэзээ дуугарч байв.
Тэдний амьдралын баталгаа сарын хэдэн төгрөгийн цалингаас өөр юу байв. Амиа алдвал, 10 жилийн цалингийн дундаж. Төр түмэн нүдтэй гэдэг сэн. Гэтэл өдгөө төрийн түмэн нүд зөвхөн хагацал, нулимс руу л харж байна. Тийш харахдаа л хурц байна.
"Тангараг" гэдэг үгийн ачаар өнөөдөр ямар ч дарга, бүр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Үүрэг хариуцлагаа ухамсарласан албан хаагчдын ард үүрэг хариуцлагаа мэддэг дарга байна уу. Сандал суудалтайгаа тулалд гэж тэднийг залаагүй л байлтай. Галын аюултай бүсэд техник тоног төхөөрөмж биш бусдын төлөө гэх сэтгэл л үйлчилж, эцэст нь амиа алдаж байна.
Бусдын төлөө өргөсөн тангарагтай хүмүүс рүү, ажил алба руу онцгой анхаарал хандуулж байгаасай. Ажилчдын хувцасны мөнгөнөөс л битгий идээсэй. Энд тэндгүй шавар тагз босгох гэж төсөв рүү хуруу хумсаа хугалан байж гараа дүрэхийн өмнө "хүн"-ий тухай бодож байгаасай. Хүнийг хайрлаж, энэрэх нинж сэтгэлээ мөнгөөр даруулж идэхээ болиосой.
Банзүрх дүүрэгт болсон дэлбэрэлтийн араас ОБЕГ-ын дарга "үгээ хэлж байв". 15 тэрбумаар тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл авахаар болсон гэж буй. Автал нь амь насаа юугаар хамгаалах нь эс мэдэгдэнэ. Одоогийн байдлаар тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Нийт алба хаагчийн хувцас хэрэглэлийг хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай байгааг ОБЕГ-ын дарга хэлж байв. Уг нь тэдний хүндээ биш дарга, цэргээ хийж суух байшиндаа зарцуулсан мөнгө нь 2021 онд 12.6 тэрбум байлаа. Харин 2022 онд 12.2 тэрбум, 2023 онд 7.5 тэрбум, 2024 онд 5.1 тэрбум төгрөгийг тусгажээ.
Дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай "Онцгой байдал". Усны хувцас өндөр үнэтэй. Хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй. Хүний аминаас ч үнэтэй.
Эрэлхэг баатар, эгэл баатар, гавьяа, үүрд дурсана санах болно гэх үгс хөвөрнө. Бид мартах эрхгүй. Эмгэнэлийн мэдээ, эмгэнэлийн ард ч тайтгарахгүйгээр, та бидний төлөө тангараг өргөсөн тэр олон үрсийн төлөө үргэлж хариуцлага нэхэж, шаардсаар байх хэрэгтэй билээ. Тэгэх ч болно. Энэ бол тэднийг үүрд санан дурсаж буйн бэлгэ тэмдэг юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)