ЦХХХ-ны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. Ийн уншигч та бүхэнд “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэрх сурвалжилгыг хүргэж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахимжилт гэдэг бол улс төрийн манлайлал
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байсан Дэлхийн банкны цахим эрүүл мэндийн төсөл анх 19,7 сая долларын санхүүжилттэй эхэлсэн юм байна. Эрүүл мэндийн хуулинд салбарын 109 хуулийн хөндөхөд Эрүүл мэндийн сайд, ЦХХХ-ны сайд хоёр хамтраад мэдээлэл солилцох журамыг батлах, тухайн систем дээр тавигдах шаардлагуудыг батлах гэсэн хоёр хууль эрх зүйн орчин бий болгоод Засгийн газраар шийдвэр гаргуудчихсан юм.
Үүний хүрээнд 800 гаруй эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцдог болсон. Үр дүнд нь эмийн жор И-монголиа цахим системд орсон.
Үүний ард Хур систем холбогдоод бүх байгууллагууд хэрэглэж эхэлж байгаа. Эмийн жор орно гэдэг бол хуурамч эмийн жор бичдэг байдал, эмийн зохисгүй хэрэглээ гаж нөлөөг мэддэг болсон. Өнөөдөр шинжилгээний хариу, дүрс оношлогооны дүгнэлтүүдийг дуусгаж байна.
Мөн эх хүүхдийн дэвтэр, амбулаторийн карт, вакцины гэрчилгээг Хур системд холбож байна. Ингэснээр дэвтрүүд ноорхой цаас байхаа болино.
Эрүүл мэндийн салбарт хүнд сурталыг арилгаж байгаа нь маш том дэвшил. Амаргүй хамтын ажиллагаа байлаа. Цахимжилт гэдэг бол улс төрийн манлайлал шүү дээ. Тэрнээс биш технологийн салбарынхан дутаад байгаа юм байхгүй. Эрүүл мэндийн салбарын цахимжилт эрүүл мэндийн салбарт эрх чөлөөг олголоо хэмээн бодож байна" гэв.
НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Хоёр яам уялдаа холбоо сайтай ажиллаж байгаад баяртай байна
Тэрбээр "Ерөнхий сайдын цахим хөгжлийн стратегийг бид байнга дэмжин ажиллаж байгаа. Цахим шилжилт гэдэг бол бидний амьдралын нэг хэсэг болсон. Зөвхөн эрүүл мэндийн салбараас гадна бүх салбаруудад маш чухал үр дүнгээ өгч байна. Үүнийг НҮБ-ын хүүхдийн салбар дэмжихийг хичээдэг. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар хоёр яам хоорондоо уялдаа холбоо сайтай ажиллаж байгаад маш их баяртай байна. НҮБ-ын хүүхдийн сангаас олон улсад хэрэгжүүлсэн жишиг төсөл хөтөлбөрүүд Монгол Улсад хэрэгжих төлөвлөгөөтэй байна.
Эрүүл мэндийн дэд сайд Н.Энхболд: Иргэд ном шиг болчихсон карт, зургуудыг авч явах шаардлагагүй
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарт өмнө нь 21 ААН-ын 37 программ ашигладаг байсан. Эмнэлэг бүр өөр дээрээ сервертэй, өөр дээрээ датагаа үүсгэдэг байсан. Харин Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, хоёр яамны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг маань 37 програмын хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж эхэлж байгаа. Энэ эхнээсээ хэрэгжээд явж байна. Мэдээж цаг хугацаа орно. Өнөөдрийн байдлаар 706 байгууллага хоорондоо холбогдож мэдээлэл солилцдог болсон. Иргэд хөдөө орон нутгаас ирэхдээ ном шиг болчихсон карт, зургуудыг авч явах шаардлагагүй болж байна" гэв.
АШУҮИС-ийн төв эмнэлгийн менежер С.Нарантуяа: Эрүүл мэндийн салбар цахимд шилжсэнээр маш том эерэг өөрчлөлтүүд гарч байна
Тэрбээр "Эрүүл мэндийн салбар цахимд шилжсэнээр маш том эерэг өөрчлөлтүүд гарч байна. Цаасан дэвтэр, эмийн жор зэрэг байхгүй болж, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдог болсон нь сүүлийн жилүүдэд гараагүй амжилт гэж үзэж байна. Мөн эмч нарын хувьд уг ажил улам ахиц дэшилтэй болно хэмээн харж байгаа. АШУҮИС-ийн төв эмнэлэг цахимжсан. Ингэж цахимжсанаар бид мэдээллийг маш хурдтай дамжуулж ажиллаж байна. Цахим шилжилт маш үр дүнд хүрсэн" гэв.
Д.Батчулуун