Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлана.
Энэ үеэр УИХ-ийн гишүүн Б.Жаргалмаа гэрчээс асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэж үзэж байсан. Харамсалтай нь өнөөдөр ямар хэмжээнд байгааг олон нийт харж байгаа. Баруун бүсийн үйлдвэр анх ашиглалтад орж байсан. Энэ үйлдвэр 2024 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа зогсооно гэсэн. Агаарт тоосонцор тортог их гардаг үйлдвэр. Зарим материал устгаж, алга болсон байна. Төрийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд яагаад архивын баримтаа устгачихдаг юм бэ. Мөн 2019, 2020 онд агаарын бохирдол буурчихаад яагаад энэ жил утаатай байна вэ" гэв.
Гэрч, "Тавантолгой түлш" ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх түүний асуултад хариуллаа.
Тэрбээр "Анх компани байгуулагдсан 2019 онд утаа эрс багассан. Энэ бүхэн үйлдвэрлэсэн түлшний хэмжээ, нийслэлчүүдийн хэрэглээтэй шууд холбоотой. 2019-2020 онд 350 орчим мянган шахмал түлш хэрэглэсэн. Тэрнээс хойш хэрэглээ өсч, 550-600 орчим мянган тонн түлш хэрэглэж байна. Чанарын хувьд нарийн технологи байхгүй. Үндсэн түүхий эд нь мидлинг нь 96, барьцалдуулагч нь 4-5 хувьтай. Бид өөрийн болон хөндлөнгийн лабораториудад байнгын хяналт шинжилгээг хийдэг. Бид одоо чиг үүргийн яам, нийслэлийн харьяа байгууллагад шинжилгээг хийлгэж байна" гэв.
Д.Батчулуун