Манай тусгай сурвалжлагч С.Ононтуул Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоос мэдээлж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн цахим хуудастаа нийтэлсэн зураг Дубайд өнөөдөр эхэлж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд төвшний уулзалтын өмнө анхаарал татаж байна. Антарктидын мөсөн дээр зогсож буй дэлхийн даргын ард оорог цоорог цас мөс, оцон шувууд харагдана. “Хурдацтайгаар хайлж байгаа Антарктидын мөсөн дээр зогсоод эрдэмтдийн нотолгоог сонсох сэтгэл эмзэглүүлж байна” гэсэн тайлбартайгаар оруулсан энэ зургийн араас “Антарктидад болж байгаа зүйлс зөвхөн Антарктидад үлдэхгүй” хэмээсэн нь уур амьсгалын өөрчлөлт “хавтгай” дэлхийн өнцөг булан бүрт хамаатайг сануулсан билээ. Үнэхээр ч хүлэмжийн хийн өчүүхэн хувийг үйлдвэрлэдэг улс орнууд, газар нутаг эсрэгээрээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаагийн тод жишээ нь Антарктид. Дэлхийн хүлэмжийн хийн 0.1 хувийг үйлдвэрлэдэг ч бэлчээрийн 76 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа манай улс ч энэ ангилалд багтдаг. Өөрөөр хэлбэл ялгаруулж байгаа хүлэмжийн хийтэйгээ харьцуулахад хамаагүй их хохирлыг бид нуруун дээрээ үүрдэг гэсэн үг ээ.
Энэ ч утгаараа Монгол Улс, Монгол Улсын төрийн тэргүүн жил бүр болдог уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хуралд өндөр ач холбогдол өгч оролцдог болоод гурван жил улирч буй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа төрийн тэргүүн У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Глазгоуд болсон COP-26-д оролцож, Монгол Улс тэрбум мод тарьж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилт тавьж байгаагаа зарлаж байсан бол, өнгөрсөн жилийн Шарм Эль-Шэйхийн COP-27-гоор “Хөрс, Хүнс, Хүн” гурвын уялдаа холбоог онцолж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр АНЭУ-д эхэлж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд төвшний уулзалтад оролцох бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж буй улсын төрийн тэргүүний хувиар дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улс ямар байр суурьтайгаар оролцохоо Дубайн индэр дээрээс илэрхийлэх гэж байна.
Дашрамд дурдахад энэ удаагийн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хурлаар хүнсний асуудлыг сэдэв болгон хэлэлцэх бол Монгол Улсын Ерөнхийлөгч нэг жилийн өмнө Египетийн Шарм Эль-Шэйх хотод болсон COP-27 хурлын үеэр л энэ талаар илтгэлдээ онцгойлон сануулж байлаа. “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтөний суурь асуудал” хэмээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн жилийн илтгэлдээ дурдсан үгс энэ жил АНЭУ-ын даргалж байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын хурлын үндсэн сэдэв болж байна. Энэ жилийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хурлын бас нэгэн онцлог нь Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж буй улс орнуудад зориулсан сан байгуулахаар болсон нь юм. Үйлдвэрлэгчид буюу эдийн засгийн чадавхи өндөртэй улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлдөг ч, үр дагавар нь ядуу буурай орнууд дээр хүндээр тусдаг гэдэг дээр санал нэгдсэн дэлхийн удирдагчид уур амьсгалын нөлөөллийг бууруулахад зориулан 100 тэрбум доллар босгохоор санал нэгдээд байсан ч амлалтдаа хүрэлгүй өнөөдрийн COP-28-тай золгоод байсан юм. Харин ийм сан байгуулснаар өөрсдийн ялгаруулдаг хүлэмжийн хийтэй харьцуулахад хамаагүй ихээр уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээд байгаа буурай хөгжилтэй улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход хувь нэмэр болох юм.
“Энэ бол уур амьсгалын өөрчлөлтөд шударга ёсыг тогтоож байгаа хэрэг” хэмээн НҮБ-ын дарга Антонио Гутерриш өчигдөр нээлтээ хийсэн Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын Бага хурлын үеэр хэлсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгддэг буурай орнууд үүнийг талархан хүлээж авч байгаа юм. Энэ санд өчигдрийн байдлаар 420 сая долларын хандив цуглараад байна. Энэ удаагийн хурлыг даргалагч АНЭУ 100 мянган ам.доллар, ХБНГУ 100 мянган ам.доллар, Их Британи 75.89 мянган ам.доллар, Япон 10 мянган ам.доллар, Европын холбоо 225 сая ам.долларын Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээд байгаа улсуудад зориулан хандивлаад байна.
Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, дэлхийн дулаарлыг температурыг 1.5 °С-д тогтоон барих шийдлүүд, гарц гаргалгааг эрэлхийлдэг COP-28 улс бүрийн анхаарлыг төвд ийнхүү эхэлж байна. Учир нь, дэлхийн дулаарлын градусын хувь бүр аюул заналхийлж байгаа бөгөөд дулаарлыг 1.5 °С-д тогтоон барьж чадлаа ч эрсдэл алга болохгүй. Дулаарлыг 1.5 °С-д тогтоон барьсан ч дэлхийн гандуу бүс нутгийн 950 сая хүн ундны усны дутагдал, халууны дарамт, цөлжилтөд өртөж, дэлхийн хүн амын 24 хувь үер усны аюулд автана гэсэн судалгааг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн үнэлгээний 6 дахь илтгэлд дурдсан байдаг. Иймээс л температурын өсөлтийг 1.5 °С-д тогтоон барихын тулд улс үндэстэн бүр хичээх хэрэгтэйг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх (COP) НҮБ-ын бага хурал сануулдаг. Дэлхийн удирдагчид хүлэмжийн хийг бууруулахын тулд юу хийхээ амладаг, ярилцдаг энэ хурал биднийг нэгэн нарны доор нэгэн дэлхий дээр амьдардаг гэдгийг сануулдаг билээ. Шарм Эль-Шэйхээс Дубай хүртэлх замын зураглал өчигдрийн байдлаар 420 мянган ам.долларын бодит санхүүжилт босгосноор харагдаж байна.