БАРИМТ 1
Тэрээр 1923 онд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Шимт дэрсэн хашаат гэх газар мэндэлжээ.
БАРИМТ 2
1955 онд Москва хотын театр урлагийн дээд сургуульд суралцахаар болж, найруулагчийн анги гэж байгаагүй тул театр судлалын ангид элсэн суралцаж, 1960 онд сургуулиа төгсжээ.
БАРИМТ 3
Өдгөө "Монголын анхны театр судлаач" гэх С.Дашдондог агсны эхээс эснэсний 100 жилийн ой тохиож байна.
БАРИМТ 4
Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт референтээр ажиллаж, 1967 оноос УБДС-д багшилж, 1992-1996 онд СУИС-д театр судлалын ангийг анх нээн удирдаж төгсгөсөн байдаг.
БАРИМТ 5
Тэрээр Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, С.Сарантуяа, доктор профессор Н.Ганхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж зэрэг монголын тайз дэлгэцийн урлагийн баганыг түшилцэж, тооныг өргөлцөн яваа уран бүтээлчдийг их замд хөтөлжээ.
БАРИМТ 6
Театрын 200 гаруй түүх, онол, арга зүйн шүүмж, хөрөг, өгүүлэл хэвлүүлж, “Өрнөдийн эрэлхэг зоригийн ба эмгэнэлт жүжгийн сонгодог зохиолууд Монголд тавигдсан тухай” /1961/, “Тайзны урлагийн шинэчлэл” /1969/, “Театрын урлагийн зарим зүтгэлтэн”/1971/, “Өрнөдийн театрын хураангуй түүх” /1983/, “Жүжиглэхүйн ухаан”/1986/, “Сувдан хөшиг”/1987/, ”Социалист орнуудын театрын лавлах”/1987/, “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” /1993, Л.Эрдэнэбулгантай хамтарсан/, “Тэнгэрлиг жүжигчин Цагааны Цэгмид” /1995/, “Жаран жилийн шаштир” /1996, I, II боть/ гэсэн ном бүтээлүүд туурвижээ. Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн тухай баримтат уран сайхны кино зохиол бичсэн нь кино болж, 1974 онд дэлгэцнээ гарсан байдаг.
БАРИМТ 7
Харин хэдхэн хоногийн өмнө “Утга зохиолын судлал шинжлэл” цувралын 50 дахь боть түүний бүтээл, нэрээр хэвлэгдэн гарлаа. Урлаг судлаач, театрын шинжлэгч С.Дашдондог абугайн үндэсний болон гадаадын жүжгүүд, жүжигчний уран чадварын талаарх хэвлэгдээгүй шинэ шүүмж, өгүүллүүд багтсан байна.
БАРИМТ 8
“Монголын орчин үеийн уран зохиолын дэлгэрэнгүй түүх”, “БНМАУ-ын соёлын түүх”, “Монголын нэвтэрхий толь” зохиоход идэвхтэй оролцож, Монголын театрын музей байгуулагдахад чадлаараа хувь нэмрээ оруулсан гэдэг.
БАРИМТ 9
Д.Батсайхан профессор "Аав 04:00-08:00 цаг хүртэл ширээнийхээ араас босохгүй сууж, театрынхаа юмыг хийчихээд ажилдаа явдаг байсан. Үзсэн харснаа тэмдэглэж, аваад л чөлөө гарвал суучихдаг байж билээ. Нэг их том ширээтэй. Түүнийхээ ард намайг босоход сууж байдаг. Унтахад ч сууж л байна. Хөдөө орон нутгийн театраар их явна. Соёлын яамны болон театрын уран сайхны зөвлөлд ажилладаг байсан юм" \ergelt.mn\ дурсан ярьжээ.
БАРИМТ 10
С.Дашдондог агсны мэндэлсэн ойгоор түүний үр хүүхдүүд аавынхаа үйл хэргийг хойч үед дуурсган таниулсаар иржээ. 100 жилийн ойг нь тохиолдуулан түүний охин СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, театр судлаач, доктор, профессор Д.Батсайхан болон МЗЭ-ээс "Уран сайхны шүүмж бичлэгийн сургалт"-ыг зохион байгуулсан билээ. Мөн өнөөдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна \2023.11.29\.
Сэтгэгдэл (4)