Манай улсад өндөр насны тэтгэврийг 384,043 иргэн авч байна. Сүүлийн үеийн статистикаас харахад тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тоо нэг сарын хугацаанд мянгаас 2,000 гаруйн хооронд хэлбэлзэн нэмэгдсээр.
Тэгвэл ахмадуудын тэтгэврийг ямар нэгэн ялгамжгүйгээр буюу 100 мянган төгрөгөөр нийтэд нь нэмэгдүүлэх мэдээг эрх баригч намаас өчигдөр (2023.11.06) дуулгалаа. Эл саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан гэдгийг ардын намын бүлгийн дарга дурдсан билээ.
Ирэх сонгуулийн салхи оны сүүл мушгин хүчтэй сэвэлзэж байгаагийн илрэл бол "төсөв". Төсвөөр "хүслийн жагсаалт" хийж, сонгуульдаа бэлддэг нь уламжлал болсон. Жил тойроогүй байхад нэг асуудал руу хоёр удаа гараа дүрэх "гал эрмэлзэл" байна гэдэг ч... Уг нь 2024 оны төсөвт тэтгэврийг инфляцтай уялдуулан дөрөвдүгээр сарын 1-ээс нэмэхээр тусгасан. Ингэхдээ 10 хувиар нэмнэ гэж байлаа. Учир нь инфляц хөөрөгдөнө гэж эмээж байснаас халамжаа арайхийн хазаарласан байдал нь тэр.
Монгол Улс цар тахлын хүндрэлийг даван туулж, 2023 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 6.4 хувиар өсөж, нүүрсний экспорт эрчимжиж, гадаад валютын нөөц нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлттэй байна гэх өөдрөг үр дүнг индэрийн араас бүгдээр хэлсээр.
Атал иргэдийн амьдрал тэгтлээ "сэргэн мандсангүй". Шуудай гурил 100 мянгыг даван арилаад он удаж, шатахуун болоод барааны үнэд "дарлуулж" байгаа нь дэгс зүйл бус.
Инфляцын түвшин 2023 оны наймдугаар сарын байдлаар 10 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар буурсан боловч хөдөлмөрийн зах зээл, цар тахлаас өмнөх түвшинд хүрээгүй, ажилгүйдлийн түвшин 5.8 хувьтай байна гэх мэдээлэл бий. Одоо тэтгэвэр нэмэгдэх сургаар барааныхаа үнийг хэд болгож өөрчлөхөө бодож буй нэгэн ч байхыг үгүйсгэхгүй. Хэчнээн өмөөрөвч энэ бол нүүр тулах ёстой үнэн. 100-хан, 200-хан төгрөг гэж ярьдаг иргэд байхгүй. Түүнчлэн ард түмний амьдралыг нийслэлээсээ гарч харах цаг болсон. Тойрогтоо ажилласан зарим нэг гишүүн малчны хотонд уулзалтаа хийж, хоосон "бурчихаад" л яваад өгдөг сурагтай. Энэ мэтээр очоод ирэхдээ УИХ-ын танхимдаа "ард түмний"-хээ ядууг ам уралдан гайхдаг гишүүн л олширсон.
Улсдаа хийх зүйлээ хийсэн ахмадууд, улсаасаа авах зүйлээ авна гэж буй. Гэвч өдөр болгон "ахмадын баяр" болж хувирахад зүйрлэвэл, зах дээрх тэрэгчний гутлын ул улам нимгэрээд байна. Өнөөдөр эрх баригчдад дахин сонгогдох нь юу юунаас илүү чухал байгаа бол эгэл ардад өнөө оройн хоолны махаа одоогийн үнээр нь авах чухал байна.
Тэтгэврийн хэмжээ нь бага гэж уулга алдаж байгаад МАН-ын бүлэг дэмжсэн эл асуудал хэрхэн нийгмийн амьдралыг эргүүлэхийг харах л үлдэв үү. Дараагийн тайлбарт хэн нэгэн нь "тэтгэвэр нэмлээ гээд эдийн засагт ямар ч сөрөг өөрчлөлт гарахгүй" гэх утга бүхий зүйл хэлж мэднэ. Эцсийн дүндээ улс төрийнхөн бус иргэд өөрсдийнхөө амьдралыг илүү мэдэх биз ээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (7)