АТГ-аас шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд нэгдүгээр албаны дарга Б.Батбилэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Мөрдөн шалгах хэлтэс дээр Авлигын гэмт хэргийн 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах бүлэг орд газраас төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани болон орон нутгийн өмчит Тавантолгой хувьцаат компани нь нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, түүнийг олон улсын зөвшөөрөлтэйгөөгр олон улсад нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэвийн явуулах зорилгоор Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зэрэг үйл ажиллагаанд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоолгохоор ажлын хэсэг томилж, шалгаж байна.
Энэхүү нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааг тасралтгүй хийж байна.
Нүүрстэй холбоотой гэх 32 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байсан дээр нэмж 40 эрүүгийн хэрэг нээж, нийт 72 хэрэг шалгасан. 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар 155 иргэн, албан тушаалтан, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Нүүрстэй холбоотой хэрэг бол олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг шалгаж байгаа учир цаг хугацаа шаардагдаж байгаа" гэв.
Д.Батчулуун