Төрийн ордонд өнөөдөр "Санхүү банкны эмэгтэйчүүдийн хоёрдугаар чуулган" болж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Тэрбээр, “Манлайлагч, түүчээлэгч, шилдэг эмэгтэйчүүд энэ салбараас олон төрж гарснаар бид бахархдаг. Энэ уламжлал одоо ч гэсэн халгалагдаж байна. Монголд банкны салбар үүсэж хөгжсөн 99 жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, манлайлал ямар их байсныг түүхэн тоо баримтаас харж болно.
Өнөөдөр Монголын банкны салбарт нийт 16 мянга гаруй ажиллагсад байгаагийн 11 мянга буюу 68 хувь эзлэх эмэгтэйчүүд банкны салбарын ачааг үүрч явна гэсэн үг.
Үүн дээр банкны салбарын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал үнэт цаасны компаниудад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо нэмэгдвэл бүр өндөр гарах нь ойлгомжтой. Энэ бол манай оронд санхүү, банкны салбар эмэгтэйчүүдийнх болсныг, эмэгтэйчүүдийн манлайлал дор хөгжиж байгааг харуулж буй тоон үзүүлэлт юм. Банк санхүүгийн ажил бол өндөр хариуцлага, нягт нямбай байдлыг шаарддаг нарийн төвөгтэй ажил. Тийм учраас банкны тооцоо бүртгэл, нягтлан бодох бүртгэл, теллер гээд бүх зүйлд эмэгтэй хүний нягт нямбай чанар, хатан ухаан, чин сэтгэл, шударга зарчим, чанар, бусадтай энэрэнгүй сайхан харьцах эхийн сэтгэл давамгайлж байдаг тул манай банкны салбар илүү сайн хөгжиж байна гэж боддог.
Мэдээж бодлого, стратегийн хүрээнд олон асуудал байгаа ч бүсгүйчүүдийн энэ чанаруудад банкны салбар ноён нуруугаа алдалгүй хөгжиж ирсэн.
Өнгөрсөн зургадугаар сард УИХ-аас санаачлан "Алтай дамнасан тогтвортой байдлын чуулга уулзалт"-ыг зохион байгуулсан. Тогтвортой хөгжлийн зорилтын нэг чухал нь эмэгтэйчүүдийн буюу жендерийн тэгш байдал гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Энэ үеэр банкны салбарын эмэгтэйчүүдийн давамгайллын асуудал ч гэсэн яригдаж хэлцэгдсэн. Мөн УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ дахь гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр болсон. Үүнд баримталсан гол зарчим нь эмэгтэйчүүдийн жендерийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг түлхүү оруулж, парламентад төлөөлөх чадвартай болгох, 76 дарга, эрх мэдэлтэн биш, нийт ард түмний төлөөлөгч байх ёстой тэр шинж чанар луу парламентыг дөхүүлж ойртуулан, шинэчлэл хийхийг зорьсон.
Ингэж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох улс төрийн эрхийг хангахаас гадна эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах явдал чухал юм.
Жендерийн эрх тэгш байдлын хууль, бүх зарчмууд үүнийг л шаардаж байгаа. Тийм учраас парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангагдана гэдэг нь санхүү банкны салбар, эмэгтэйчүүд давамгайлдаг салбарын эрх ашиг ч мөн түлхүү хангагдана гэж үзэж байна.
Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхээр хангагдсан цагт л улс төрийн бүрэн эрхээ эдэлж шийдвэр гаргах түвшинд олуулаа болох боломж бүрдэнэ. Үүний тулд дараах хэдэн асуудалд анхаарах ёстой байна.
- Эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг түлхүү оруулах бодлого дэвшүүлэн ажиллуулах. Энэ асуудалд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаа онцгой чухал. Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 онд баталсан Компанийн засаглалын кодексоос нээлттэй хувьцаат компаниуд бодлогын баримт бичигтээ гишүүдийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр заавал тусгаж мөрдөх ёстой болсон. Энэ мэтээр төр, хувийн хэвшлийн аль алинд нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих шаардлагатай. Энэ чиглэлээр “Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих хууль”-ийг манай УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хэлэлцэж байгааг дуулгахад таатай байна.
- Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлт хийдэг шинэ жишиг бий болгох хэрэгтэй байна. Энэ зорилгын хүрээнд УИХ-аас 2022 онд баталсан “Жендерийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө”-д тусгагдсан. Санхүүгийн зохицуулах хорооноос жендерийн мэдрэмжтэй төсөв бүрдүүлэх саналаа сангийн яаманд хүргүүлсэн байна. Үүнийг 2024 оны төсвөөс эхлэн мөрдөж ажиллах ёстой. Судалгаа шинжилгээнд суурилсан санхүүгийн тогтвортой бодлого хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой дэд бүтэц бий болгох нь маш чухал юм.
- Банк санхүүгийн байгууллагууд хүйсээр ангилсан өгөгдөл болон жендерийн статистик мэдээлэл цуглуулж, үүнийгээ боловсруулж, хэрэгжүүлдэг байх шаардлагатай. Ингэснээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй бодлого дэвшүүлж ажиллах, зээлийн бодлогоо үүнд чиглүүлэх нь чухал байна. Монгол банкнаас гаргасан мэдээгээр бичил, жижиг дунд бүх ААН-ийн зээлийн үлдэгдэлд эрэгтэй эзэмшигчтэй ААН-ийнх 60 хувиас илүүг эзэлж байна. Энэ бол манай эмэгтэйчүүд зээлийн ашиглалтад илүү хариуцлагатай ханддагийг харуулж байна” гэв.
Б.Хишиг
Сэтгэгдэл (2)