Дархан аварга цолтон хамгийн сүүлд 2014 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд бус Төрийн ордонд төрөн гарахдаа ихэрлэсэн нь (А.Сүхбат, Г.Өсөхбаяр) урд хожид тохиогоогүй үйл явдал. Уг нь дархан аварга нэг дор хоёроороо төрөн гарах үйл явдал өнгөрсөн наадмаар дахин тохиосон бөгөөд аварга цолтон 10 давж түрүүлбэл дархан, даян аварга цолтон ес давж үзүүрлэбэл дархан аварга болох байв. Гэхдээ дархан аварга цолтонг хоёроор нь нэг дор үзэх хувь дутсан юм. Юунаас болов.
Өнгөрсөн баяр наадмын нэгийн даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын зүүний магнай булаацалдах асуудал нэгийн даваа эхлэх хугацааг хойшлуулж, даян аварга Н.Батсуурьт тодорхой хэмжээний дарамт ирсэн нь бичлэгт үлдсэн.
Загнаж, зандарсан дархан А.Сүхбатын авираас болж Н.Батсуурь засуул өөд яваагүй. Н.Батсуурьт сайнаар нөлөөлөөгүй нь ойлгомжтой. Энэ нэг шалтгаан нь.
Мөн баяр наадам ид дундаа орж байхад дархан аварга Х.Баянмөнх зодог тайлах ёслол үйлдэхдээ түрүүлэх өрсөлдөөнд төвлөрч байсан даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нарын анхаарлыг өөр чигт хандуулсан нь худал биш. Хүн болсон хойно гуниглана, харуусна. Залуу аваргуудын төвлөрөл энэ мөчид салхинд хийссэн ч байж болно. Баяр наадмын тавын даваа бол хариуцлага өндөр даваа.
Энэ даваанаас хойш дээгүүр барилдах бөхчүүд хүн танихгүй болтлоо төвлөрч, барилдаандаа хамаг анхаарлаа хандуулсан байдаг. Бүх даваанд цол олгох тул бөхчүүд хамаг илүүгээ гарган барилддаг. Тиймээс наадмын хөтөлбөрт зодог тайлах ёслол зохион байгуулахдаа өндөр даваанд хийх нь барилдах бөхчүүдэд сөрөг үр дагавартай байна, дахин ийм зүйл хийлгэхгүй байхад анхаарвал зохилтой.
А.Болд
Сэтгэгдэл (7)