*************************************************************************************************************************************************************
АНУ-ын алдарт CNN мэдээллийн агентлагийн сэтгүүлч Бренна Вилсон өнөөдрийн онцлох нийтлэлдээ Хархорум хотын тухай өгүүлжээ. Тус нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.
Хархорум гэдэг нэр өнөө цагт тийм ч алдартай биш байж болно. Гэвч хэдэн зуун жилийн өмнө маш алдартай хот байсан юм. Нэгэн цаг дэлхийн хамгийн алдартай хааны ордон байсан энэхүү эртний хот нь Торгоны замын хамгийн чухал цэг байлаа. Монгол улсын Өвөрхангай аймагт орших Хархорум хот болон түүний ойр орчмын байгалийн үзэсгэлэн нь өнөөдөр Монголд аялах хамгийн сайхан газруудын нэгд тооцогдож байна. Өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ердөө 350 км зайд оршино. Одоогийн нийслэлээс эртний нийслэл ордог энэ зам бол байгалийнг үзэсгэлэнгээрээ төдийгүй эртний түүх соёлыг харуулах чухал зам гэж хэлж болно.
Түрэг, Хятад, Уйгур, Согд, Унгар, Грек, Армян, Алан, Гүрж хүмүүсийн зорчиж байсан зам. Энэ замаар дипломатчид, худалдаачид, гар урчууд торго, амтлагч, цай, зааны яс, хөвөн, ноос, үнэт метал, түүнчлэн чухал гэрээ хэлэлцээр байгуулахын тулд зорчдог байсан. Үүний ачаар Хархорум хот хурдан хугацаанд соёл иргэншилт цэг болж, хүмүүсийн хоорондоо уялдаа холбоотой амьдарч, бие биетэйгээ зохицон амьдрахад суралцах газар болжээ. Чингис хаан болон түүний эзэнт гүрний талаарх олон утга санааг үл харгалзан өнөөдрийн энэ туурь үүх түүхийн гэрч хэвээрээ үлджээ.
Энэ газарт шашны ямар ч зан үйлийг зөвшөөрдөг байсан гэлцдэг. Тиймдээ ч шарын шашны суварга тойруулан барьж, жижиг буддын сүмүүд бий болгосныг очсон даруй харж болно. Хархорум хотын нэр алдар гэвч богино настай байв. Их бүтээн байгуулалтаас хойш ердөө 50 жилийн дараа Хубилай хаан нийслэл хотоо одоогийн БНХАУ-ын Бээжин рүү нүүлгэсэн юм. Бээжин тухайн үед Монголын эзэнт гүрний газар нутагт байв. Аугаа гүрний хуучин нийслэл удалгүй үнсэн товорго болон хувирсан. Өнөөдрийн бидний харж байгаа Хархорум хот Их хааны үеийнхтэй адилгүй байж болох ч Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар соёлын ач холбогдолтой энэ хотыг сэргээн засварлах ажил яригдаж эхэлсэн. Тэр болтол зочлох олон шалтгаан бий.
"Хархорум хот Монголын эзэнт гүрний өнгөрсөн үеийг харуулдаг"
Монгол улс нүүдэлчин соёл иргэншилтэй орны хувьд өнгөрсөн үеийнхээ түүхэн дурсгалт газруудыг төдийлөн хадгалж, хамгаалж үлдэж чадаагүй. Дэлхийн хамгийн том, хүчирхэг гүрэн байсан Монголын түүхийн ихэнх хэсэг өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа. Бидний хамгийн сайн мэдэх нь "Монголын нууц товчоо" түүхэн сурвалж бичиг. Үүнээс өөр сурвалж бичиг үгүй гэж хэлж болно. Энэ бүх хоосон, дутуу зайг Хархорум орчмын археологийн дурсгалууд нөхсөөр байна.
Хархорум болон эргэн тойронд малтлага хийх явцад хатуу хучилттай зам, тоосго, цбарилгын үлдэгдэл, шалны халаалтын систем, ор, зуух, зэс, алт, мөнгө, төмөр, шил, үнэт эдлэл, яс, хус модны холтос, түүнчлэн чулуулаг боловсруулдаг нотлох баримтууд олджээ. Мөн Хятад болон Төв Азийн зоос, шаазан эдлэл, дөрвөн зуух олдсон байдаг.
Эдгээр нээлтүүдийн ихэнхийг болон тэдгээрийн эргэн тойрон дахь түүхийг хотын төв хэсэгт байрлах гоёмсог, орчин үеийн Каракорум музейгээс олж болно.
Гэсэн хэдий ч уг үзмэрүүд хотын төв талбайд байрладаг байсан МӨНГӨН МОД-ыг гүйцэхгүй билээ. Домогт өгүүлснээр уг модыг мөнгөн жимсээр чимэглэж, Чингис хааны ач нар болон уригдсан зочдод зориулан дарс, гүүний айраг, цагаан будааны дарс, зөгийн бал зэрэг олон төрлийн согтууруулах ундаагаар урсдаг байжээ. Гэвч уг мөнгөн модны үртсийг ч олоогүй гэнэ. Магад хотыг үнсэн товорго болгоход газрын хөрсөнд шингэсэн биз.
"Балгас Буддын сүм болсон нь"
1585 онд Хархорум хот хаягдаж сүйрэхэд тухайн үеийн Халх-Монголын ноёны захиалгаар Буддын шашны хийд барьсан. Тодруулбал, тухайн үеийн хаан нь гуравдугаар Далай ламтай уулзаж, Төвдийн буддизмыг Монголын төрийн шашин хэмээн тунхагласан нь одоогийн Эрдэнэ зуу хийд билээ. Улмаар энэ нь Монголын анхны буддын шашны хийд болсон.
1930-аад оны Зөвлөлтийн дайны үеэр Сталин хэд хэдэн гол сүм хийдүүдийг шашны эрх чөлөөний бэлэг тэмдэг хэмээн нэрлэж, сүйрлээс аварсан юм. Хийдийн цогцолборыг эцэст нь музей болгон хувиргасан. Зөвлөлт Холбоот улс задран унасны дараа хийд дахин идэвхжиж эхэлсэн боловч өмнөх үеийнхээсээ ондоошсон. Оргил үедээ уг газарт 100 гаруй сүм хийд, 300 орчим өргөө, 1000 лам харьяалагддаг байв. Эдүгээ Эрдэнэ зуу хийд нь Монголын хамгийн ариун дагшин сүмүүдийн нэг болсон бөгөөд Буддын шашин шүтдэг монголчууд амьдралдаа нэг удаа ч болов очиж үзэхийг хүсдэг гэнэ.
Цогцолборын арын Лавиран сүмд лам нар өдөр бүр ном уншиж, хөгжмийн зэмсгээр хичээллэж, ариун уншлага хийдэг. Түүнчлэн тус газрыг түшиглэсэн амралтын цогцолбор, цэнгээний газар зэрэг аялал жуулчлалыг түшиглэсэн бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээнүүд хүчийг аваад байна. Хэрэв та Монголд зочилбол Хархорум хотод заавал очоорой.
Л.Сайнаа