Театрын хөшиг хаагдахад нийгмийн хөшиг нээгддэг. Монголын театрын урлагийн хөгжил ахин мандаж буй энэ цаг үед найруулагч, МУСТА Э.Ёндоншарав гурав дахь бүтээлээ толилуулав.
Найруулагчийн “Рояал флаш” буюу тэмдэгтийн “тоглоом”
“Сычуаны сайн хүн” жүжгийн тайз заслыг санагдуулам сэмэрхий, ноорхой хөшиг. Сэмэрхий ноорхойгоор төлөөлүүлж болох нийгэм ба хувь хүний уналтууд мэдрэгдэнэ. Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн зохиолоос олж атгасан амин судас нь хүний амьдралын худал хуурмаг, шуудхан илчилж чадахгүй нуугдмал үнэний тухай эрэл хайгуул юм.
Найруулагч Э.Ёндоншаравын “Тэмдэгтийн тоглоом”-доо дэлгэсэн мод бол “Рояал флаш” буюу Ивановна хүүхний дүр юм. Бэлгэдэл төдий хоромхон зуур тайзан дээр үзэгдээд өнгөрөх авч жатга шид, егөө илбэ мэт сэтгэлийн тачаадал нэвт ханхлуулж, дотроос нь хатгаж, ховсдоод байж суухын аргагүй болгодог тэдгээр “шунал”-ын илрэл мэт адын. Жүжигт эмэгтэй хүн дүр бүтээгээгүй нь онцгойрох гэсэн арга байж болох л хэрэг. Гэхдээ хүн өөрийн бүтээсэн ертөнцөөсөө болж шаналж, шатаж, гишгэгддэг билээ.
80 мянган рубль хожсон гарамгай мөрийтэй тоглоомчин Ихаревийн зугаа цэнгэл самуурлын хоолойгоор дуудан гаргаж ирж буй тэмдэгт, “Тоглоомчдын тоглоом”-ыг удирдсан мэт боловч хамтдаа мөрийтэй тоглосон найруулагчийн шийдэл мэт санагдсан юм. Үзэгчдийг татан оролцуулдаг шиг ээ, Э.Ёндоншарав тоглоомчдоор тогложээ. Тайзнаас жүжигчин үзэгчид рүү хууран мэхлэлт, шуналаар бүрсэн бөмбөг өшиглөж, зарим нь түүнийг барьж аваад баярлан хөхөрч байв.
Үнэн хэрэгтээ бид найруулагчийн тоглоомын нэг хэсэг, хөзрийн мод юм. Жүжиг сургуулилалт шиг өрнөнө. Жүжигчин Н.Ялалт энэ тоглоомыг завсарлуулж, эхлүүлж, дуусгах эрх мэдэл, үүрэгтэй нэгэн болж хувирчээ.
Тайзан дээр хөзрийн жижиг хайрцаг, ширээ, сандал, цаг гээд бүхэл бүтэн тайзыг багтаасан модон чемоданууд байна. Хүн гэдэг өөртөө ийм их тээш агуулж явдаг. Энэ тайз бол бидний л амьдрал.
Бороо. Шүхэр дээрээс ус асгаж зогсоо туслах дүр найруулагчийн сайн шийдлүүдийн нэг байв. Хэрвээ гэрэлтүүлгийн аргаар явсан бол үзэгчид үзэгдэл төдий санагдах байсан болов уу. Гэтэл тухайн хүний өмнөөс жүжигчдийг хурдан ярьж дуусаасай, хэр хүнд мод бол, асгахад яаж дайвалзах бол, алдаад унагаачих вий дээ гэсэн бодол төрж байлаа. Өөрсдийн хүсэл шуналыг гүйцэлдүүлэхийн тулд өрөөлийг ч ашиглаж чадна. Хүн гэдэг ийм.
Ялах хүсэлтэй “Тоглоомчийн уналт”
Энэ хэсэгт жүжигчний ур чадварын тухай өгүүлье. Гарамгай мөрийтэй тоглоомчны дүрд МУСТА Б.Шинэбаяр дүр бүтээв.
Өнөөх л “драмын ханхүү” Шинэбаяр. Түүнээс гарамгай мөрийтэй тоглоомчны шинж чанарыг олж харсангүй. Харин жүжгийн эгзэгтэй агшнуудад зэрвэс зэрвэс цухалзана.
Монологийг дотроосоо ярьж биш, уянгалуулан уншиж байгаа нь жүжгийн үйл явдлаас түлхэн гаргаж байв. Гурван луйварчинд “сэгсрүүлсэн”-ээ мэдээд үнэхээр балмагдан цочирдох байтал нэг л үнэмшилгүй. Хэдий сайхан хоолой, дүр төрх байвч түүнийг шинээр харахыг хүсэж байв. Аливаа жүжигчнийг нээн илрүүлж, дүрийг өсгөх нь найруулагчийн ур чадвартай салшгүй холбоотой. Гэтэл дүртэйгээ ажилласан найруулагчийн ажиллагаа зарим талаар хувцаслалт, шийдэл, гэх мэт өнгөцхөн зүйлст л шингэжээ. Хүн болгоны харж дассан Шинэбаяраас “өөр Шинэбаяр”-ыг нээн илрүүлэх гэсэн улайрал “Тоглоомчид”-оос огтхон ч харагдсангүй.
Харин Утешительный хэмээгчийн дүрийг бүтээсэн МУСТА Н.Ялалт “Сычуаны сайн хүн”-ээсээ хэдийн гарчээ. Өөр "Ялалт". Сонсож дадсан хоолойноос нь хүртэл салгах гэж оролдсон бололтой. Түүний алхаа, гар хурууны хөдөлгөөн гээд зальжин нэгний авир араншинг гярхай гаргаж байлаа.
Найруулагч нэгэнт зохиолыг дэглэсэн юм бол дүрүүдээ ч бас чинээнд нь тултал “дэглэх” хэрэгтэй.
Нөөц боломжийнхоо хагасын хагасаас гаргана гэдэг жүжигчин хүний хувьд харамсмаар энерги, цаг хугацаа байлтай.
Энд гадна болон дотроосоо ч “урласан дүр” бол Кругель буюу МУСТА О.Гэрэлсүх байлаа. Тэнд түүнээс үлдсэн юу ч байхгүй. Зөвхөн бялдууч, гонгинуур эр л байв. Тэр хөшигний цаана өөрийгөө үлдээж чаджээ. Түүнээс ийм дүрийг гаргаж ирсэн нь найруулагч Э.Ёндоншаравын ололт юм. Чухамдаа “Тоглоомчид” жүжгийн үзэл санаанаас илүү тэр үзэл санааг дамжуулан гаргаж буй дүрүүдийг хэрхэн бүтээсэн нь сонирхол татаж байсан юм.
“Тоглоомчид”-ын хэл. Хөөе “Мал”. Үүний утгыг бид л ойлгоно. Мал гэдэг үгийг бодохоор дөрвөн хөлтэй амьтад буух ёстой ч бидний толгойд “Хоёр хөлтэй хүн” л буугаад байх. Мунхаг, ухаангүй хүнийг ийн дуудах билээ. Тухайн жүжиг 1840-өөд онд бичигдсэн ч зохиолын хэлийг эвдэж, орчин цагийн “Монгол хүн”-ий дүрээр ярьж байлаа.
Театраас гараад амьдралын түмэн явдал, хүн хүнийхээ тухай бодолд алдран одлоо. Ерөөс театрын урлаг нийгмийн амьдралд өөрчлөгдөн баларч буй “хүн”, тэр дундаа “өөрсдийгөө олж харах” цаг хугацааг бидэнд олгодог билээ. Үнэндээ хүсэл шунал биднээр хөзөр шиг тоглодог. Эцэстээ хүн хүнээрээ биш, өөрөөрөө, зүрх сэтгэл, мөн чанараараа тоглоод дууссан байдаг шүү дээ.
М.Дэвээжаргал