Монголчууд өнгөрсөн жилээс зүлгэн дээр хэвтэхийн сайхныг мэдэрч эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Өнгөрсөн зун иргэдийн хамгийн их зочилсон зүлэг бол Сүхбаатарын талбай дээр дэвссэн хиймэл зүлэг байсан. Тухайн зүлгийг Ерөнхийлөгчийн санаачилгаар хөлбөмбөгийн спортыг олон нийтэд таниулах зорилгоор 600 сая төгрөгийн өртөгтэй бүтээсэн гэлцдэг. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэгжүүлэлт, Циркийн арын зүлэг зэрэгт хүмүүс элбэг байсан билээ. Эндээс дүгнэхэд нийслэлчүүдэд ногоон байгууламж ямар их хэрэгтэй байсныг харж болохоор... Гэвч өнөөх ЗАГАСНЫ ОЙ САНАМЖ-тай гэдэг шиг бид удахгүй ургахад нь шавах өнөөх л зүлгээ ургуулалгүй талхалсаар буйгийн нэгэн жишээ нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах "амьд" зүлгийн эргэн тойрон дахь асуудал юм.
Одоогоос зургаан өдрийн өмнө фейсбүүк хуудаснаа нэгэн хүсэлт байршив. Тухайн хүсэлтэд “Иргэдийг амарч зугаалах таатай орчин нөхцөлөөр хангах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу манай компани 2022 оны зун Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 1,2 га талбайг зүлэгжүүлэлт тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоог хүртэл бид уг талбайгаа хариуцан байнгын арчилгаа болон холбогдох цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг. Өвөл бидний ургуулсан зүлэгт талбай дээр мөсөн хотхон байгуулж, иргэд ихээр ирж амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан. Урин дулаан орж байгаатай холбоотой дээрх мөсөн байгууламжууд хайлж ойр орчмын хөрс норж хөөн эмзэгшсэн. Энэ үеэр хэдий бид анхааруулж, хамгаалах тууз татан анхааруулах самбарууд байршуулсан хэдий ч иргэд нойтон хөрсөн дээгүүр явган болон унадаг дугуйтай , хүүхдийн тэрэгтэй тэр бүү хэл том оврын авто машинтай зорчиж, амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүй морь унуулах зэргээр хөрсийг ихээр гэмтээн, талхалж хэсэг газруудаар ахин зүлэг ургахгүй байх нөхцөл үүсгээд байгаа. Бид дараа, дараагийн зун ч бас та бүхэндээ амьд ногоон зүлэгт талбайгаа бүрэн бүтэн хүлээлгэн өгөхийн тулд дөрөвдүгээр сараас эхлэн уг талбайгаа зүлэг сэргэн ургалтад бэлтгэн дээрх хог хаягдал, тэжээвэр амьтдын ялгадас, өнжмөл өвс зэргийг өдөр бүр цэвэрлэн, усалгааны ажлууд хийгдсээр байгаа. Хөрсөн дээрх градус шөнөдөө +5 болох үеэс эхлэн талхлагдаж, сүйтгэгдсэн хэсгүүдийг нөхөн тарих ажил эхэлнэ. Иймд та бүхэн таатай, тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байгаа бидний хөдөлмөрийг хүндэтгэн зүлэг сэргэн ургах хүртэл хэсэгхэн хугацаанд зүлгэн дээгүүр зорчихгүй байн бидний ажилд дэмжлэг үзүүлээсэй хэмээн хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээжээ.
Энэхүү хүсэлт бол “Грийн файненшл корпорейшн ХХК” гэх төв цэнгэлдэхийн гадна талын ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг нуруундаа үүрч яваа тохижилтын компанийн байршуулсан зар юм. Хүсэлт гарснаас хоёр өдрийн дараа буюу энэ сарын 04-ний өдөр манай сурвалжлах баг төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж, тэдэнд тулгардаг асуудлуудыг олон нийтэд сурвалжлан хүргэж байна.
Энэ жилийн хавар ээдрээтэй, элсэн шуургатай, эрс цочир болж буйг амьдралын хэмнэл дундуур бид анзаарч, ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүнийг дагаад Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон зүлэгжүүлэлтийн ажил ч ээдрээтэй байгааг дуулгая.
“Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах сан” гэж нэрт яруу найрагч, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн Цоодлын Хулан шүлэглэсэн байдаг. Үүн шиг зүлгээ тохижуулчхаад зүгээр л нэг сэтгэл амгалан явахыг хүсдэг “Грийн файненшл корпорейшн ХХК”-ны гүйцэтгэх захирал Г.Алтанхуягтай уулзлаа. Тэдний оффис хүрээлэнгийн яг архан талд байрлах бөгөөд хийж байгаа ажилдаа ойр, байнга арчилгаа шаарддаг учир цаг үргэлж хяналттай байхын тулд дэргэд нь нүүж ирсэн гэсэн юм.
Тэдний хувьд өнгөрсөн жилээс эхлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гаднах зүлэгжүүлэлтийн ажлыг гардаж авсан, алс холын Швед улсаас байгаль цаг уурын эрс тэс Монгол улсад тохирох, дэлхийд шалгарсан зүлэг, зүлэгжүүлэх технологийг оруулж ирдэг. Нэгэн зориглосон уг ажил нь саадгүй бүтэж байгаа. Ногоон байгууламжийн технологи талдаа Швед улс дэлхийд дээгүүр жагсдаг. Зүлэгний сортыг Монголд үржүүлдэг газар гэж үгүй, харин судалгаа, шинжилгээний ажил хийдэг газрууд бий.
Тэд өмнөх хоёрдугаар сараас эхлэн “Green Finincial Corporation” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Түүнээс өмнө өөр нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хувь хүн, албан байгууллагуудын хүрээнд ногоон байгууламжийн тохижуулалт хийдэг байжээ. Тэднээс дурдвал, Улсын циркийн ар, Богд хааны Ордон музей, Нэгдүгээр хорооллын арын замд байсан хуучин авто гражуудыг буулгасны дараах тохижуулалтын ажлуудыг нэрлэж болно. Товчхондоо тэд энэ чиглэлээр есөн жилийн туршлагатай. Туршлагаа өргөжүүлж, эх орондоо хамгийн том тооцогдох ногоон байгууламжийн ажлыг хийх алсын хараатай яваа тэдний зорилгодоо хүрэх хамгийн эхний шат нь бидний сурвалжилж буй энэ ажил ажээ.
Цэнгэлдэхийн гадна, баруун хойд талаас тэд ажлаа эхлүүлжээ. Уг ажлыг хийхэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үүрэг даалгаврын хүрээнд, тэдний дэмжлэгээр хийж байгаа. Өөрсдийн юу хийж чаддагийг тэдэнд харуулах үүднээс хоёр үндсэн технологийн дагуу баруун хойд хэсгээс тохижуулсантай танилцав. Баруун хойд хэсгийн урд талд өөрсдийн хүлэмжид тариалж бэлтгэсэн зүймэл зүлгүүдийг зөөвөрлөж, хүргэж ирэн эвлүүлж ургуулсан бол хойд талд үрээр ургуулсан байв. Хойд талд байрлуулсан дээр нь өнгөрсөн өвөл мөсөн талбай байгуулж, дулаарахын эрхээр талбайг буулгахаар ирсэн том оврын машин тос, масло асгаснаас нэлээдгүй газар бохирдож, тэднийг хохироожээ.
Мөн иргэдийн цахилгаан дугуйгаар гаргасан мөр, амралтын өдрөөр морь унуулах үйлчилгээ эрхлэгчдийн мориор талхлуулсан мөр зэрэг нь зүлгийг ихээр гэмтээж, сэргэхээргүй болгосон байв. Олон нийтийн зориулалттай талбайг тохижуулж буй учир олон нийттэй хамтран ажиллах зайлшгүй шаардлага тэдэнд үүсдэг. Уг хамтын ажиллагааны хүрээнд иргэдийг соёлтой, хүрээлэн буй орчиндоо хайртай байхыг л иргэдээс шаардаж буй юм.
Г.Алтанхуягтай уулзсан даруй бидэнд тулгамдаж буй асуудлуудынхаа тухай хүүрнэсэн юм. Бид уриалгахан хүлээн авч, учир байдлыг олон нийтэд ний нуугүй, үнэн зөвөөр хүргэхийг хичээлээ.
Тэрбээр “Тулгамдаж буй асуудлууд их бий. Олон нийтийн дэмжлэг бидэнд зайлшгүй хэрэгтэй байдаг. Эд тариалалтын үйл ажиллагаа явагдаж байгаа үед хөрсийг хамгаалах, дээгүүр нь зорчихгүй байх шаардлага үүсдэг. Иргэдийг бид огт зорчиж болохгүй гэж хэлээгүй. Аливаа ургамал, зүлэг ургах үед тодорхой хугацаанд хөрс нь зөөлөрч, чийг авах шаардлага үүсдэг. Бидний ургуулж буй зүлэгний хувьд ч мөн адил ургаж, хөрс нь бэхжих 30-45 хоногийн хугацаа шаардлагатай байдаг. Гэвч тариалалт явагдаж, услагаа авч зөөлөрсөн хөрсөн дээгүүр иргэд дугуйтай зорчиж, морь унуулаад байхаар эргэж сэргэхээргүй болж, гэмтдэг. Энэ тал дээр л бид иргэдээс дэмжлэг авахыг хүссэн юм. Урин цаг нэгэнт ирэхэд бидний ажил үр дүнгээ өгч, хөрс нь ч бэхэжнэ. Тэр цагт зүлгэн дээр ирээд хэвтэж, сууж, тоглож наадаж болно шүү дээ. Үүнийг л хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Өвөл энд мөсөн хотхон байгуулсан байсан. Түүнийг дагаад том машин орж ирээд хөрс гэмтээсэн. Бас амралтын өдрөөр морь унуулах жишээтэй. Гэх мэтчилэн хүмүүсийн ухамсаргүй үйлдлээс болоод бидний ажил үр дүнгүй болох эрсдэлтэй” хэмээн учирлав.
Үнэхээр л дээгүүр нь зорчоод өнгөрөх хоромд анзаарахгүй байж болох ч учир байдлыг нь ойлговол элэг зүрх өвдмөөр санагдана. Нохойн баас, машины мөр, тос, адууны өм цөм гишгэсэн мөр гээд л тэдний ажлыг мухарласан олон ул мөр баримттайгаа энд бий. Мөр бүхэн дээр очиж гомдолтойгоор ярих Г.Алтанхуягийн өмнөөс зүрх зүсэгдэх шиг болж байлаа. Хэдийгээр санхүүжилт аваад олон нийтэд зориулсан ажил хийж байгаа хэдий ч олон жилийн хүч хөдөлмөр, онцгойлон шилж тариалсан зүлгээ бусдын ухамсаргүй үйлдлээр талхлуулна гэдэг ямар л олиг байхав дээ гэж өмөөрлөө. Чин үнэнг хэлэхэд түүний сэтгэлд гомдол бий. Тэрхүү гомдлоо бидэнд ховлож байгаа нь энэ. Ховлохгүй гээд ч яах билээ. Хийе, бүтээе гэж явахад нь ийм зүйл тохиолдвол хэн ч байсан зүгээр сууж чадахгүй байсантай санал нэгдэнэ. Тэгэхээр иргэд бид ногоон байгууламжийн гол дайсан юм. Ирээдүйнхээ төлөө өнөөдөр хичээдэггүй, бусдынхаа хөдөлмөрийг үнэлдэггүй болчихсон нь харамсалтай.
"Гомдлын мөр тасардаггүй"
Сэтгэлтэй байхад бүх зүйл болчихдоггүйн нэг жишээ. Ургаж зүдэх зүлгийг уртааш нь ярсан SURRON дугуйны мөр, өргөөш нь зүссэн том машины дугуйн ором, жадалчихсан мэт гүн шигдсэн адууны хөлийн мөр, нэг мөр үгүй хийхийг завдсан мэт том хар машины тосны үлдэгдлүүд хаа сайгүй. Нохойны баас мэт нь ч дүүрчээ. Байгалийн юм байгальдаа л шингэх биз.
Эдгээрийг үүсгэсэн, тэднийг ингэж хохироосон хэнбугай нь ч хариуцлага хүлээхгүй гэж бодохоор гомдол, гомдол л төрнө.
Бидний эдгээртэй танилцан гороолж явахуй дэргэдүүр SURRON дугуйтай залуу хурдлан зөрөв. Г.Алтанхуяг түүний араас их л шаналангуй харсан юм. Учир нь мэдээж. Аз болоход өнөөх залуу зориулалтын засмал замаар хурдлан одсон юм. Ганц ч болтугай хүн сайн үйлдэл үзүүлсэнд тэр баяртай байлаа.
Үүнээс гадна хот тохижуулалтын үүрэг авсан байгууллагууд тэднийхэнтэй зөвшилцсөн цагтаа ирээгүйгээс болж бас л нэг асуудал үүссэн байв. Энэ бол гэрэлтүүлгийн ажил. Гэрлийн утаснуудыг булах гэж, шонг суурилуулах гэж явган хүний зам дагуух зүлэг, хөрсийг сэндийчсэн байх нь тэр. Гаднын улсад ганцхан модыг хүртэл торуулаад зам барьчихдаг сэтгэлтэй, ухамсартай. Харин манайд байдал ийм л байна.
Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн,
“Өнөөдөр би өвсөн дээр алхнам
Өнө хожмоо тэд над дээр урганам” гэж шүлэглэсэн байдаг.
Яруу найрагч, зохиолч, орчуулагч Лувсандоржийн Өлзийтөгс,
“Би үхнэ
Чи үхнэ
Цэцэг л үлдэнэ” гэсэн байдаг. Уг нь бидэнд чинь хангалттай их ухаан, ухамсар бий билээ. Гэвч утга уянгын хэмжээнд л гэхээс урд өрнөх бодит нөхцөлд гаргаж ирэх дээ харамч улс юм.
Энд болсон хамгийн ухамсаргүй гэмээр нэгэн үйлдэл гэвэл, баруун талын машин зам дагуу дөрвөлжин модон хайрцагт тэд сайн дураараа моднуудыг суулгажээ. Гэвч шөнө оройн цагаар хүмүүс суга татаад аваад явчихсан нь харамсалтай. Оронд нь тамхины ишээр дүүргэх шахсан нь бүүр харамсалтай. Мөн зүлэг ургаж байх үед битгий дээгүүр нь зорчоорой гэх мэт бичиг хадаж, тууз татдаг ч хэд хоноод л алга болчихдог, иргэд тасдаад хаячихдаг тул аргаа бараад фейсбүүкээр суртал ухуулга хийж буй. Энэ мэтчилэн гомдож явдаг зүйл тэдэнд олон.
"Гомдол дундаас гийх саран"
Иргэд зүлгэн дээр нохойгоо салхилуулж, баалгаж, шээлгэх асуудал хамгийн энгийн нь байсан. Гэвч тэд асуудлаа энгийнээс эхлэн шийдэж чаджээ. Тэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд хүсэлт гаргасны үр дүнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд хэсэгт нохой салхилуулах талбайг ашиглалтад оруулаад удаагүй байна. Уг хашаа нэг талдаа том, нөгөө талдаа жижиг нохой салхилуулахаар төлөвлөгдсөн.
Хашаан дээр ирмэгц нэгэн том цоохор нохой биднийг ширтэн зогсоно. Уг нохойг Г.Алтанхуяг өөрийн юм шиг таньж, эзэн нь түгжчихээд яваад өгдөг юм гэв. Дотно болтлоо л тэр энүүгээр гороолж, хийж буй ажилдаа санаа зовнин алхдаг байж таарах нь.
Сайны хажуугаар саар гэдэгчлэн хогийг нь түүгээд цэвэрлэчихдэг, нохойгоо зүлэг рүү оруулдаггүй олон хүн хүрээлэнг тойрсон хотхонуудад бий гэж тэр хэлсэн. Хийдэг ганц, шүүмжилдэг мянга байхад бид хотоо ногооруулах нь битгий хэл хотоо сүйрүүлж ч чадах хүмүүс билээ. Харин хийдэг ганцдаа гараа сунгаж тусалдаггүй юм аа гэхэд хийж байгааг нь хүндэлдэг, тавьсан шаардлагыг нь биелүүлдэг байхад л болчих асуудал билээ.
Уг зүлэг байгалийн зүлгийг бодоход хожуу ногоордогч, өвөл цасанд нов ногооноороо дарагддаг шидтэй. Шидийг нь үзэх хүртэл ердөө л зургадугаар сарын 15 хүртэл тэсэх хэрэгтэй. Гэвч наанадаж “Эх үрсийн баяр” гээд л бид зүлгийг үгүй хийчих эрсдэлтэй тул энэхүү сурвалжилгыг уншсан та хэн ч бай хамаагүй БИТГИЙ СҮЙТГЭЭРЭЙ. Наадам болтол тэсчихвэл та тэнд гольф ч тоглож болно шүү дээ. Тэдний хөдөлмөрийг үнэлж, ухамсартай иргэний үүргээр дэмжлэг үзүүлж чадвал та ТЭНҮҮН сайхан зүлгэн дээр тэрийн хэвтэх цаг ойрхон байгаа шүү.
Өнгөрсөн жил ийм байсан зүлэг шүү дээ. Энэ жил иймээр нь байлгах нь бидний ухамсрынх билээ.
Л.Сайнаа