Дэлхий даяар допингийн эсрэг хатуу тэмцэж, хариуцлага шийтгэлийг жил ирэх тусам чангаруулж байна. Хойд хөршийн баг тамирчид энэ асуудлаас үүдэн хэрхэн чанга шийтгэл амсаж буйг бүгд мэдэх билээ. Тэднийг зөвтгөх аргагүй. Тиймээс манай улсын спортын холбоод энэ хар түүхээс сургамж авч илүү хянамгай байх нь чухал байна.
Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Цагаан сарын барилдааны бага шөвөгт үлдсэн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан нь олны сайшаалыг татлаа. Допингийн хариу бол удаагүй ирсэн. 44 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Допингийн эсрэг үндэсний байгууллагаас дээрх 16 бөхийн шинжилгээний хариуг МҮБХ-нд мэдүүлэхэд харамсалтай нь нэг бөхийн шинжилгээний А сорьцоос хориотой эмийн бодис илэрсэн юм. МҮБХ-ны удирдах бүрэлдэхүүнд багтдаг зарим хүн батална.
Олон улсын журмын дагуу тухайн бөх эхний шинжилгээгээ хүлээн зөвшөөрөхгүй гэвэл В сорьцоо шинжүүлэх эсэх нь 14 хоногийн хугацаатай байдаг ба допинг хэрэглээгүйгээ батлах сүүлчийн боломж нь энэ. Допингийн шинжилгээний А сорьцонд хориотой эмийн бодис илэрвэл тухайн тамирчин В сорьцоо шинжлүүлэх мөн түүний хариу ирэх, хариуцлага ногдуулах хүртэлх хугацаанд ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцох нь хориотой.
Монгол бөхийн өргөөнд МҮБХ-ны албан ёсны барилдаанууд болон “Алтан цом”-ын барилдаанууд тогтмол болж байгаа ч хэн гэгч бөх усанд хаясан чулуу шиг алга болсныг бөхийн хүрээнийхэн мэднэ. Хориотой эмийн бодис А сорьцноос нь илэрсэн тэр бөх чухам яагаад гэнэт алга болов оо хэмээн уншигч та гайхаж байгаа. Тухайн бөх холбоо барих утсаа салгаж, шинжилгээний хуудаст бөглөсөн гэрийн хаяг дээрээ байхгүй болсон гэж эх сурвалж хэлж байна. Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг албан ёсоор зарлаагүй өдийг хүргэсэн нь энэ. Журмандаа ийм юм.
Энэ процесс их танил. 2019 оны Баяр наадмын дараа допингийн зөрчил гаргасан нэгэн бөх гэнэт сураг тасран түүнд шинжилгээний хариуг мэдэгдэх учиртай Үндэсний бөхийн салбар хороо ноцтой алдаа гаргаж, шинжилгээний хариу нь зөрчилгүй байсан бөхчүүд лайв хийж байж тухайн допинг хэрэглэсэн бөхийн нэр олонд ил болж билээ.
Үндэсний бөхийн салбар хорооны энэ алдаа нь хожим Захиргааны шүүх дээр Э.Оюунболд арсланд 50 хувийн ялалт болсон. Түүний аварга цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хассаныг нэг жил болгон бууруулсанаас дүгнэж болно. Шийтгэл нь хөнгөн буусан байгаа биз. Түүнийг дэмждэг улс төрчдийн зөвлөгөө, бас нөлөө орсон гэж үзэх хүн бас бий. Допингийн нэгдүгээр үзэгдэл ийм. Үндэсний бөхийн холбооны удирдлагууд 2017 оны арванхоёрдугаар сард авсан допингийн явцын шинжилгээнээс эхлэн допингтой холбоотой олон асуудалтай улаан нүүрээ тулж, харьцангуй туршлагажсан тул алдаа гаргахгүй байх гэж найдаж байна.
Ковидтой жил буюу 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүй мандлын дэвжээнд болсон барилдаан бол өмнө нь байгаагүй чансаа өндөр буюу 160 аймгийн начин цолтой бөхийг хасч, улсын цолтой 109 бөхөөр магнайлуулсан 512 идэр хүчтэн зодоглосон. Энэ барилдаанд шөвгөрсөн 16 бөх болон өөрсдийн саналаар хоёр бөх, нийт 18 бөхөөс допингийн шинжилгээг авч л байлаа. Тухайн барилдаан болохоос гурван сарын өмнө бөхчүүд бага хурлаараа допингтой хатуу тэмцэе, допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жилээр барилдах эрхийг хасахаар дүрмэндээ санал нэгтэй оруулсан. Энэ бол холбооны бус бөхчүүдийн санал байв.
Энэ дүрмээр Э.Оюунболд арслан дахин бүдэрсэн нь сонин. Түүнийг шавраас татан гаргасан нүүдлийг улс төрчид чиглүүлсэн гэдэг нь ортой байж мэднэ. Өрөвдүүлэх тактик руу шилжсэн допингийн хоёрдугаар үзэгдэл ийн эхлэв. Наадмын сорилго барилдааны өмнөх өдөр буюу 2022 оны зургадугаар сарын 25-ны өдрийн өглөө БЗД-ийн Шүүхээс Э.Оюунболд арсланг наадамд барилдуулах шийдвэрийг гаргасан нь сонирхол татдаг. Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Шүүхийн шийдвэр биелүүлэх газар Шүүгчийн шийдвэрийг биелүүлэх даалгаварыг мөн өдөр гаргаж, орой нь МҮБХ-нд хүргүүлсэн, энэ тухай мэдээлэл олон гарсан.
Наадмын сорилго барилдаан зургадугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагт болоход индэрийн арын суудалд шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга нар залран Э.Оюунболдыг барилдуулахыг албадан гүйцэтгүүлсэн гэдэг юм. Энэ нь Монголын Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүхэндээ хамгийн хурдан буюу НЭГ ӨДРИЙН ДОТОР шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлсэн процесс гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Энэ үйл ажиллагаандаа зууш болгон Спортын Арбитр гэх нэг хүний байгуулсан ТББ-аар шийдвэр гаргуулсан нь бас хачин.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өмнө нь буюу 2019 оны зургадугаар сард Ховдын Ванчинхүү арслангийн нэрэмжит сорилго барилдаанд Шүүхийн шийдвэрээр улсын заан Б.Пүрэвсайханыг барилдуулах гэж завдсан ч бөхийн холбооны болон бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгаран үүргээ биелүүлж чадаагүйг санаж байгаа биз ээ. Улмаар хүчний байгууллагынхан Бөхийн холбоонд мөнгөн торгууль ногдуулаад явсан гэнэ билээ. Б.Пүрэвсайханы энэ асуудалд НУТГИЙН УЛС ТӨРЧДИЙН нэг дутуу орхисон зүйл нь монголчуудад ихэд нийцдэг өрөвдүүлэх тактикийг хэрэглээгүй л юм даа.
Харин МҮБХ-нд Э.Оюунболдыг сорилго барилдаанд барилдуулахад нөлөөлсөн зүйл нь бодит байдал дээр 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хуралдсан МҮБХ-ны IX Их Эе хурал байх магадлалтай.
Тус Их хурлын төгсгөлд цөөнгүй төлөөлөгч МҮБХ-ны удирдлагад хандан Допингийн үндэсний журам батлагдаж байгаатай холбогдуулан допингийн зөрчил гарган барилдах эрхээ хасуулаад байсан бөхчүүдийг 100, 101 жилийн ойн баяр наадамд барилдуулахыг хүссэн саналуудыг гаргаж байлаа. Итгэмээргүй ч ийм юм болсон. Их Эеийн хурал бол МҮБХ-ны хамгийн том бүтэц юм. Энэ хуралд төлөөлөгчдийн оруулсан санал бүрийг нэг бүрчлэн хэлэлцэн Их хурлын хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцдэг журамтай.
Тэгэхээр Э.Оюунболдын асуудалд бөхийн холбооны Их Эе хурал нь БЗД-ийн Иргэний хэргийн шүүх, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, Спортын арбитр гэх ТББ-ийн гаргасан шийдвэрүүдээс илүүтэй нөлөөлсөн, илүүтэй анхаарч үзэх зүйл нь болсон байх магадлалтай.
Сорилго барилдаанд Э.Оюунболд барилдаж, ийнхүү допингийн хоёрдугаар үзэгдэл амжилттай төгсөв.
Одоо бөхчүүд бөх хорхойтнууд гуравдугаар үзэгдлийг харахыг үнэндээ хүсэхгүй байна, эрхэм УЛС ТӨРЧИДӨӨ. Бөхчүүдийг болон бөхийн холбоог тайван байлгана уу. Тэд асуудлаа тогоон дотроо өөрсдөө шийдэг. Үүнд хөндлөнгөөс гар дүрэхээ болино уу.
Буруу зүйлд гарц үгүйг санахтун.
А.Болд
Сэтгэгдэл (4)