Зөвхөн хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй эрх чөлөөт улс орны хэн бүхэнд хамаарах дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг баяр ёслолын хэмжээнд тэмдэглэхээсээ илүүтэй бүтээн туурвих эрх, мэргэжлийн ёс зүйтэй холбож тайлбарлах нь сэтгүүлчдийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл, Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн нөхцөл байдал ямар байгаа талаар зарим сэтгүүлчийн үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцаж байна.
Зөв.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Г.Долгорсүрэн хэвлэлийн эрх чөлөө, Монголын сэтгүүл зүйн нөхцөл байдлын талаар ийн тодорхойллоо.
Өнгөрөгч онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгджээ. Хэдэн жилийн өмнө сонины эрхлэгч нар цагдаад дуудагдчихаад “Сэжүүрийг нь гаргаад өглөө, та нар ажиллахгүй юу” гэж “туньж” болдог байсан гэдэг.
Одоо мөрдөн байцаагч сэтгүүлчээс тухайн нийтлэлд дурдагдсан үйл явдлыг хажууд нь байсан мэт нотлуулж, бүх баримт, эх сурвалжаа илчлэхийг шаарддаг, дэгсдүүлж хэлэхэд сэтгүүлчээр өөрийнхөө ажлыг хийлгэх гэж оролддог болсныг бодвол ухарсан нь үндэслэлтэй санагддаг.
Сэтгүүлч олон нийтийн эрх ашиг зөрчигдөж буй асуудлыг сурвалжилж, мэдээлэхэд л нөгөө талд яригдсан хувь хүн, эсвэл байгууллага нь цагдаа, шүүх болоод явчихдаг. Тэр дундаа түмнээ төлөөлж үүрэг, хариуцлага үүрнэ гээд сонгогдсон улстөрчид, албан тушаалтнууд сэтгүүлчдэд гомдсоноор хуулийн байгууллагад байнга дуудагдаж байна.
Тухайн мэдээлэл баримттай, эх сурвалж нь нээлттэй байсан ч цагдаад хандчихна. Нэгэнт гомдол хүлээн авсан хуулийн байгууллага шалгаж, ажлаа хийх ёстой болно. Гомдол гаргасан этгээд маань намайг гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандлаа гэдэг.
Хуулийн байгууллага нь шалгаад ихэнх тохиолдолд гүтгээгүй нь тогтоогдоод өнгөрдөг. Үүнийг нэг төрлийн залхаалт нөгөө талдаа цаг хожих гэсэн башир арга гэж харахаас аргагүйд хүрч байгаа юм. Энэ дунд олон нийт мэдээллийн төөрөгдөлд орж хоцрох тохиолдол их байна.
Улстөрчид нэр төрөө сэргээнэ гээд шүүхддэг бол бидний зөв болох нь тогтоогдсон тохиолдолд хэвлэл бас учирсан хохирлоо ярьдаг болмоор байна. Нөгөө талдаа бид ч бас аливаа асуудалд төвийг сахиж, баримт дээр тулгуурлаж мэдээлэх, хөндсөн сэдвийнхээ хүрээнд олон нийтийн төлөөллүүдийн байр суурийг оруулж явах нь зөв санагддаг.