Монгол улсын уран хатгамалч, дөрөв дэх үеийн өвлөн уламжлагч С.Ганцэцэгийг урин ярилцлаа. Тэрбээр соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж буй нэгэн билээ. Уран хатгамал мэтгэж, учиг шингээн суусан цаг хугацаагаа “Оюуны энерги шингэсэн бүтээл бол давтагдашгүй өв” хэмээн тодорхойлж байлаа.
-Та хэзээнээс уран хатгамал хийж эхэлсэн бэ?
-Би 11 настайдаа зүү ороох хатгамал болон бусад төрлийн хатгамлыг сурсан ч анхандаа хивс нэхэж сурсан. Ардчилал гарснаас хойш миний ээж эмэгтэйчүүдийг ажилтай, орлоготой болгоё гээд эмэгтэйчүүдийн холбоонд сургалт явуулж эхэлсэн юм. Хүүхэд байхдаа их сониуч байлаа. Юм болгоныг нь л даган дуурайна. Ээж маань хүн загнаад байх хатуу хүн биш ч гэсэн ичиж зовдог уу, асуухгүйгээр л хараад нүдэлчихдэг байсан. Миний сайн сурсан зүйл бол зүү ороох хатгамал. Харин загасан нуруун хатгамлыг сүүлд л сурсан. Загасны нуруу шиг хатгамал хийхэд их эвгүй. Ээжийн мөрөөдөл бол зүү ороох хатгамлын өв соёлыг үр хойчдоо өвлүүлэхэд чиглэж байсныг хожуу мэдсэн. Түүнийг өвлөн уламжилж ээждээ дэм болох ёстой юм байна гээд ахлах ангиасаа эхлээд л тасралтгүй мэтгэсэн. Арван жилийнхээ хөдөлмөрийн багш нарт хүртэл зааж байсан.
-Тэгвэл та ээжийнхээ мөрөөдлөөр амьдарч яваа байх нь ээ?
-Уг нь тооны хичээлдээ их дуртай хүүхэд байсан. Сураад авчихсан юм чинь орхигдож мартагддаггүй юм билээ. Их сургуульд ороод эдийн засагч мэргэжлээрээ ч төгслөө. Яг төгсдөг жил уран хатгамлын үйлдвэрлэлээ хамтарч хийх үү гэсэн саналыг надад тавьсан. Миний хань ч бас их нөлөөлсөн. Хатгамлаа дагнаад хийе гэсэн ч их ганцаардаж байв даа, тэгэхэд ээждээ хэрхэн дэм болох вэ, ээжийнхээ хүсэл мөрөөдлийг яаж биелүүлэх вэ гэж бодсон. Миний ээж 2005 онд уран хатгамлын улсын уралдааныг зохион байгуулж асан тэр цагаас салшгүй хамт байсан даа.
Ээжийнхээ 40 жилийн хичээл зүтгэлийг би л дэмжиж явахгүй бол гэсэн бодол л сэтгэлд тороод байж билээ. Би ямар чадахгүй, мэдэхгүй зүйлээ хийх гэж байгаа биш гэж бодоод л, зориглоод ажлаасаа гарч байлаа.
-Тэгж ажлаасаа гарч уран хатгамлаараа дагнаж ээ дээ?
-Анх “Монголд үйлдвэрлэв” гэсэн төмөр замын дэлгүүрт сууж, уран бүтээлээ ч, худалдаагаа ч хийж байсан. Тэгэхэд азиуд их орж ирнэ ээ. Дараа нь жижиг бэлэг дурсгалын зүйлс урлаад л. Бүтээлийнхээ оюуны өмчийг авах чухал шүү.
-Хатгамал хийх тун хэцүү санагдсан. Гар хуруу өвдөж, хүзүү нуруу чилээд л. Яг тэр үеийг давж чадахгүй болохоор л орхидог юм шиг санагддаг. Түүнээс биш хатгаж, шаглаж сурах хүсэл эмэгтэй хүн бүрд л байдаг байх?
-Аливаа зүйлийг сурахын тулд сэтгэл зүйгээрээ бэлэн байх хэрэгтэй. Чадна, сурна гэж бод. Чадахгүй гэж өөрийгөө кодлочихоор үнэхээр л сурч чаддаггүй байхгүй юу. Өөртөө тэгж хатуу үг хэлдэг хүмүүс орж ирнэ шүү дээ. Тэр хүмүүст урам зориг өгөх хэрэгтэй. Би 10 жил багшиллаа. Хэн нэгнийг уран хатгамалд дурлахаас нааш бараг л танхимаас гаргахгүй гэж үзнэ (инээв). Заавал сониуч занг нь хөдөлгөж, яриа өднө. Сонирхлыг нь өдөөх их чухал л даа.
-Соёлын биет бус өвд ч гэсэн тодорхой хэмжээний хөгжлийн үе шат гэж бий. Манайд хэр хөгжсөн байдаг юм бол?
-Хонин холбоо, задгай хатгамал бол япон, солонгос зэрэг орнуудад “уран зураг” шиг болтлоо хөгжчихсөн. Гадагшаа явж сургалт хийе гэж бодсон ч бид нар өнөөдөр өөрсдийн өв соёлоо Юнескод бүртгүүлж, “Монголынх мөн” гэж баталж чадаагүй л яваа. Тийм байж олон улсын зах зээлийн өрсөлдөөн рүү орохоос, хүмүүст зааж сургахаас эмзэглэдэг. “Өв соёлоо алдчих вий дээ” гэсэн эмзэглэлээс үүдэж л хойш суусаар ирсэн. Гэхдээ ээжийг маань хүмүүс америк, японд үзэсгэлэн гаргая гэдэг. Монголынхоо өв соёлыг таниулж сурталчилж байгаа хэлбэр учраас их гэмгүй санагддаг юм.
Бид даалин оёод л, зүү ороод л нэг буландаа суугаад байх биш үүнийгээ хэрэглээ рүү оруулах, бүтээлийнхээ нэр төрлийг олшруулах шаардлагатай. Өөрөөр сэтгэж, ажиллах ёстой юм. Энэ бүхэн надаар дуусахгүй шүү дээ. Мөнхөд, мөнхийн үргэлжлэх тийм зүйлийг л хийх гээд хичээж яваа.
-Одоо гараар биш, техникээр “гар урлал”-ыг хийдэг болчихоод байхад гэж гайхдаг хүмүүстэй таарч байв уу?
-Хувцсан дээр хүртэл хатгамлыг машинаар хийдэг болчихоод байхад ингэж суух ямар хэрэгтэй юм бэ. Энэ бол өрөөсгөл ойлголт. Зүү ороох хатгамлыг технологийн хүчээр хийх ямар ч боломжгүй. Хос шийдэлтэй, үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Ганцхан “милометр”-ин зайнд маш нарийн оёх ёстой зүйл. Нэг удаа зүүгээ ороогоод хатгахад надад таалагдахгүй бол буцаагаад ханзалчихдаг. Ээлтэй болно гэж ярьдаг шүү дээ, сэтгэл зүрхээ шингээн урлах чухал. Хүн намайг зорьж ирэх сайхан. “Таалагдахгүй байна” гэх зэрэг нэг ч үгийг захиалагчаасаа сонсож байгаагүй. Хүний оюун ухаан, ур, энерги, цаг хугацаа шингэсэн бүтээл бол давтагдашгүй үнэт өв. Оюун ухаанаас төрсөн зүйлийг хүн л хүндээ өвлүүлэн уламжлуулна, өөр юу ч биш.
-Олон жил ганцхан милометрын зайг ширтэж суугаад залхаж, уйдаггүй юм уу?
-Урт удаан хугацаанд суудаг. Эрүүл мэндийн хувьд ч маргүй. Суухдаа эгц, зөв суух ёстой. Сандал дээрээ бүтэн суух, хоёр хөлөө газарт байх ёстой. Тэвчээр алдагдана. Удаан хугацаанд авах ёстой хүн биеэ бодох ёстой гэх мэтээр өөр өөртэйгээ ярина. Өөрийгөө цэнэж сурдаг. Агаарын дутагдалд ороод л эхэлнэ. Сүүлийн хоёр гурван жилд шил зүүдэг болчихсон. Нүдээрээ оёдог хүмүүст байгалийн гэрэл маш чухал. Тархи толгойгоо ч сийрэг байлгах хэрэгтэй.
-Уран хатгамалч хүнд “урлан” хэр чухал юм бэ?
-Хүн, хүнд өөр, өөр л байх. Урлан, гэр орон хоёр өөр шүү дээ. Гэр бүлийн гишүүдийн гэртээ хийх ажил үүрэг ч өөр. Төвлөрөх, тууштай явж байгаа минь миний ханьтай шууд холбоотой. Тийм болохоор л урландаа амар тайван ажлаа хийдэг.
-“Хүүхдийн урлан бүтээх төв”-д багшлах болсон нь ямар учир шалтгаантай байв?
-Сэтгэлийг минь хөглөж байсан зүйл бол олон хүнд уран хатгамал зааж, түгээн дэлгэрүүлэх. Ялангуяа охиддоо зүү ороох хатгамлыг зааж өгөх ээж бид хоёрын хүсэл нэг байлаа.
Эмэгтэй хүн учиг шингээгээд сурчих юм бол ядаж урагдаж, ханзарснаа нөхчихдөг болно шүү дээ. Уран байна гэдэг оюуны, гарын, мэлмийн ур байдаг учраас “ухаалаг эмэгтэй” гэж үздэг юм билээ.
Ер ээжийнхээ саналаар л урлан бүтээх төвд багшилж эхэлсэн юм. Тухайн үед 10, 11 настай хүүхэд л нарийн оёж сурна гэж бодтол манай ангид найм, есөн настай хүүхдүүд ороод ирсэн. Хүн өөрөө дуртай байвал болохгүй зүйл гэж үгүй юм билээ. Сурахад нас хязгааргүй. Ээж бид хоёрыг сургалт хийгээд явж байхад хүртэл 70 настай эмээ нүднийхээ шилээ доошлуулчихаад чадах болов уу гээд асуугаад сууж байсан.
-Сонсоод байхад таны аав, ээж амьдралд тань их нөлөөлжээ?
-Би эцэг эхээсээ авах ёстой зүйлийг нь аваад л өнөөдрийг хүрсэн гэж боддог. Зайлшгүй тархиндаа суулгасан зүйл бол монголын өв соёлын гайхамшиг. Тэр гайхамшгийг нэг мэдэрвэл салж чадахгүй. Манай ээж гурав дахь үеийн өвлөн уламжлагч, би дөрөвдөх, манай охин тав дахь үеийн өвлөн уламжлагч болж байна. Гэхдээ бид хэд л байгаа биш. Манай бөхцоохор овгийн эмэгтэй, эрэгтэйчүүд уран хатгамал, уран зургийг өвлөн уламжилж, уламжлуулж яваа хүмүүс байдаг. Ургийн бичиг хөтөлдөг шиг удмаараа соёлын биет бус өвийг өвлөн авч яваасай гэж хүсдэг л юм.
-Уран хатгамалчдын улсын уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Долдугаар сарын 5, 6, 7-ны өдөр гурван өдөр үргэлжлэхээр “Уран хатгамалчдын улсын IV уралдааныг зохион байгуулах гэж байна. Онцлог нь 1000 уран хатгамалчдыг нэг дор цуглуулж, анхдугаар зөвлөгөөнөө хийх гэж буйгаараа онцлог юм. Ээжийн маань шавь гэхэд л 13 мянга, минийх 2,300 байна. Миний шавь нар ч шавьтай болсон байна. Бүгд учран золгох сайхан мөч тохиох болно. Өөрийгөө битгий голоорой. Насны хязгаар, хүйсийн ялгаа байхгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ оролцоосой гэж их хүсэж байгаа.
М.ДЭВЭЭЖАРГАЛ